Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирдлагуудад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.
Оны эхний хоёр сарын байдлаар эдийн засагт нааштай ахиц гарч байна гэж ЗГХЭГ-ын дарга дүгнэлээ. Инфляци өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай улс дэлхийн 103 оронтой 1215 сая ам.долларын худалдаа хийснээс экспорт 753.2 сая ам.доллар болон 26,7 хувиар өсч, импорт 462.4 сая болж 24,7 хувиар буурчээ. Инфляци буурч, гадаад худалдаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт 7 орчим хувьтай байгаа нь баялаг бүтээгчдийн ажлын үр дүн. Иймээс үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна гэлээ.
Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулахад яамдын удирдлагууд онцгой анхаарах шаардлагатай байгааг санууллаа. Хөтөлбөрт дэвшүүлсэн 27 зорилт, 67 арга хэмжээнээс эхний хагас жилд Сангийн яам дангаараа болон Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 14, Эрчим хүчний яамны хэрэгжүүлэх 3, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хорооны хариуцан хэрэгжүүлэх 2, Гадаад хэргийн яамны хэрэгжүүлэх 1 арга хэмжээ байгаа. Эдгээрийг зохион байгуулах хугацаа бага үлдсэн гэдгийг сайд анхаарууллаа.
Төсөв хэмнэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг яам, агентлагууд дэмжиж ажиллах шаардлагатай байгааг санууллаа. 100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг бүх яам, агентлаг, их, дээд сургуулиудад хүргүүлснээр 40 авто машин хурааж авсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас бусад яам, агентлагууд авто машинаа төвлөрүүлээгүй байна. Сангийн яам “Патрол” маркийн машинаа “ХАА-ийн давхар даатгал” ХК-д балансаас балансад, Зам тээврийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг зөрчил илэрч байгааг хэлээд цаашид ийм дутагдал гаргаж болохгүй гэдгийг яам, агентлагийн удирдлагуудад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.