Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний хими, биологи, цацрагийн ангийн сургалтын талбайд цөмийн болон цацрагийн болзошгүй ослын бэлэн байдал, ослын хариу арга хэмжээний үзүүлэх сургуулилт энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Сургуулилтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн холбогдох албан хаагчид оролцож, цацрагийн аюулгүй ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, туршлага судаллаа.
Тус үзүүлэх сургуулилтаар цөмийн болон цацрагийн ослын цагийн байдлыг тагнах, ослын бүсийг тогтоох, гадаад орчны цацрагийн тунг хэмжих, агаар, хөрс, ус, тунадас тоосонцорын дээж авах, мэдээллийг шуурхай дамжуулах, цацрагийн идэвхжил сулруулалт хийх, хариу арга хэмжээ авах, ажиллагаанд оролцож буй албан хаагчдын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах, ослын үед ажилласан бие бүрэлдэхүүн болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цацрагийн бохирдолыг арилгах зэрэг дасгал сургуулилтыг хийж ажиллав.
Энэхүү үзүүлэх сургалт нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг боловсруулах, ослын төлөвлөгөөнд тодотгол хийхэд чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.