Говь нутгаар өнгөрсөн оны аравдугаар сараас хойш цас ороогүйгээс болж харын зуд нүүрлээд байгаа аж. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд л гэхэд цас огт ороогүйгээс жижиг булаг ширгэж, хүн малгүй худаг бараадахаас аргагүйд хүрчээ. Гэтэл энэ байдал ан амьтанд хүртэл аюул дагуулаад байгаа тухай нутгийн иргэд мэдээлж байна.
Иргэдийн ярьснаар энэ бүс нутагт идээшиж дассан аргаль, янгир, хулан зэрэг ан амьтад ховор үзэгдэх болж зарим нь харангадсан байдалтай олджээ. Тиймээс “Өмнийн говийн элс” ХХК-ийн хамт олон 130 тонн мөсийг Гурвантэс сумын нутагт хэд хэдэн цэгт байршуулжээ. Уг нь зэрлэг амьтад хяруу унах төдийд л ундаалдаг аж.