“Өдрийн сонин” өмнө нь “Бид бие биендээ бөхийж мэндэлдэг хуультай болох ёстой” хэмээн бичиж байсан. Түүний үр нөлөө байв уу, ямартаа ч сүүлийн үед хүүхдүүд сүрхий мэндэлдэг болсон нь ажиглагддаг. Харин энэ удаад харилцааны соёлын стандарттай болох хэрэгтэйг дэвшүүлж байна. Монголчууд бид хуучин социалист нийгмийн үед нөхөр минь гэдэг байсан. Оросын нөлөөнд байсан учир хүмүүсийн харилцаанд, ялангуяа дарга сайд нарын албан ярианд энэ нь айхавтар нөлөөлсөн. “Нөхөр тэр болбоос сайн хүн, нөхрийн ёсоор хандахад” гээд бичгийн хэл, ном зохиолд ч илэрхий туссан байдаг. Ерэн оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр Монгол Улсад хоорондын харилцааны стандарт гэдэг чухал зүйл тогтоогүй. Уул нь харилцааны тогтсон стандарттай байж, түүнийгээ дээр доргүй ягштал дагаж мөрддөг, Үндсэн хуульд зааснаар бүгд тэгш эрхтэйн адилаар, бие биетэйгээ ижил тэгш хэмжээнд харилцах нь зүйд нийцнэ.
Өндөр хөгжилтэй улс орнууд, тэр дундаа ардчилал эрх чөлөөг дээдэлдэг орнуудын нийтлэг дүр төрхийг харахад хүн бүгд ижил тэгш эрхтэй, мөн бүгд бие биенээ хууль дүрмийн дагуу ижил тэгш хэмжээнд хүндэтгэж харилцдаг. Ер нь улс орны хөгжил дэвшил эдийн засгийн тулгуур ойлголтоос өмнө харилцааны соёлын стандарт чухал гэдгийг дэлхийн орнууд мөрдлөгөө болгодог. Гэтэл манай улсын хувьд энэхүү хамгийн чухал зүйл орхигдож гээгдсэн нь бидний хөгжил дорой бүдүүлэг, зэрлэг омгийнхон шиг дур дураараа авирладаг, мөн нийгмийн эмх замбараагүй байдал зэргээс тодорхой харагдана. Төрийн үйлчилгээний ажилчид ард түмэнтэйгээ стандарт бусаар хэрхэн харилцдагийг бид өдөр бүр л харж байна. Стандарт бус гэдэг нь “Хөгшөөн, өвгөн гуай, ахмад настаан, хөөе эмэгтэй, чи, миний найз аа, миний ах аа, миний эгч ээ, миний дүү, эмгэн гуай, сайхан бүсгүй, хөдөөний залуу, намхан нөхөр өө, өвчтөөн” гэх зэргээр олны өмнө нийгмийн дунд харилцдаг. Эдгээр харилцаа нь сүүлийн 30 гаруй жил хэвшил болоод дадчихсан. Орчин үеийн хүн төрөлхтний хэв загварт байж боломгүй бүдүүлэг үйлдэл, хүнийг дээд зэргээр доромжилсон, басамжилсан, тохуурсан, хүний эрхэнд маш хэрцгийгээр хандсан явдал.
Ард иргэд ч ялгаагүй, өөр хоорондоо миний дүү, агаа эгээ, эмээ өвөө, анд нөхөр минь гэдэг. Огт уулзаж байгаагүй нэг нөхөр өөрийг тань “миний дүү” гэж ирээд үнсэж үлгэх нь холгүй харилцах нь ямар гутамшигтай вэ. Нэр усаа дөнгөж мэдэлцээд уулзаж буй үе тэнгийн залуу шуудхан “анд минь” гэж хэлэх бүр нэг зэвүү хүрмээр. Эмэгтэй хүн эр хүнийг уулзсан даруйдаа анд минь гээд налиганаж ирэх шиг муухай юм байхгүй. Манайхны харилцааны ийм доголдлыг хэдэн жилийн өмнө цэцэрлэгийн жаалхан хүү зурагтаар тов тодорхой хэлж билээ. Телевизийн сэтгүүлч бүсгүй хэлээ хазаж, нялхамсаж ирээд л “Миний дүүг хэн гэдэг вэ” гэж асуухад өнөө хүүхэд өөдөөс нь шууд “Би таны дүүг танихгүй ээ” гэсэн. Огт танихгүй эмэгтэй өөрийг нь дүү минь гэж налиганаж байгааг тэр хүү ойлгоогүй, харин өөрийнхөө дүүг асууж байна гэж бодоод танихгүй гэдгээ хэлсэн. Харваас өөрөөс тань хөгшин царайтай нөхөр агаа гэж дуудах, залуухан эмэгтэйг олны өмнө нэг хөгшин хар юм эгчээ гэж дуудах зэрэг бол дээд зэргийн бүдүүлгээс гадна доромж маягийн зүйл л дээ.
Монголчуудын харилцаан дахь ахаа эгчээ, эмээ өвөө гэсэн худлаа саймширч дүр эсгэсэн налигануур далигануур зан, зэвүү хүрмээр хуурамч хүндлэл зэрэг хэрээс хэтэрлээ. Бид их сайндаа л хүнийг та, өөрөө гэж хэлж, бусдаар бол харилцааны гажиг стандарт бус соёл үйлчилж байна. Сүүлийн үед Улаанбаатар хотын дүрмийн тухай асуудал гэж яригдаад байгаа. Бүр Бат-Үүл баатрыг хотын дарга байх үеэс хотын дүрэм яригдсан. С.Амарсайхан нийслэлийн захирагч байхдаа “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн төслийг 10 бүлэг 36 зүйлтэйгээр дахин боловсруулж хотын дүрмийн асуудлыг хөндсөн. Гэхдээ хотын дүрэм гэхээр засаг захиргааны бүтэц, үйл ажиллагааны загвар, нийтийн аюулгүй байдал, ногоон байгууламж, замын хөдөлгөөний зохицуулалт, гудамж талбайн ашиглалт гэх хөндлөн хөндлөн юм яригддаг. Хотын дүрмэнд тусгах хамгийн гол зүйл харилцааны соёлын стандарттай болох. Үнэхээр бид ийм стандарттай болж бусад хөгжингүй орнуудын жишгээр түүнийгээ ягштал мөрддөг, стандарт бусаар харилцвал торгууль өндөр, ял шийтгэлтэй байх хэрэгтэй.
Эхлээд хоорондоо найрсгаар мэндэлдэг болмоор байна. Мэндлэх ёс гэдгийг харилцааны хамгийн эхний соёл болгож нийтээр хэвшүүлэх ёстой. Тэгээд харилцааны соёлын стандартад юу гэж тусгах вэ гэхээр эрэгтэй хүнийг эрхэм ээ гэж дууддаг болъё, тэр нь дээр байх. Гадныхан ноёнтон гэдэг. Ноёнтон ноёд гэдэг үгэнд бид хэзээнээсээ дургүй, тиймээс эрхэм ээ гэх нь онох болов уу. Залуучууд, сурагчдыг “Залуу эрхэм ээ”, нас тогтсон бусад хүмүүс ахмадуудыг “настан гуай, хөгшөөн, өвгөн гуай” гэх зэргээр хүндлээд ч байгаа юм шиг, доромжлоод байгаа юм шиг харилцахын оронд зүгээр л “эрхэм ээ” гэж дуудах нь арай хүндэтгэлтэй байх.
Эмэгтэй хүнийг бол хатагтай гэж дуудаж хэвших нь зөв санагдах юм. Ямар ч хүнийг хатагтай гэж харилцахад дургүйцэхгүй. Түүнээс биш сайхан бүсгүй минь гэж хэлэх нь цаагуураа доромжлоод дооглоод ч байгаа юм шиг, эгчээ гэх нь хамгийн бүдүүлэг сонсогддог. Залуу гоё охидыг “Миний дүү” гэж найзархаад байгаа нь үнэн бүдүүлэг, соёлгүй, эрээ цээргүй харагддаг. Тэгэхээр охид бүсгүйчүүдийг “залуу хатагтай”, нас тогтсон бусад эмэгтэйчүүд, эхчүүдийг “хатагтай” гэж дуудах нь хамаагүй хүндэтгэлтэй. Их хурлын гишүүд нэгнээ эрхэмээ гэж дууддаг. Ухаандаа чуулганы үеэр “Эрхэм гишүүнээс асуулт асууя, эрхэм гишүүний асуултад хариулъя” гэдэг. Яагаад ингэж хэлэх болсон гэхээр Санжаасүрэнгийн Зоригтой холбоотой. Түүнийг Улсын бага хурлын гишүүн байхад нэг нь “Нөхөр Зориг” гэхэд, “Би чиний нөхөр биш” гэж хэлснээс үүдэн эрхэм ээ гэсэн үг гарсан. “Намайг нөхөр гэж хэллээ, би нөхөр чинь биш” гэж Зориг уурлаж ундуйцан, нөхөр гэхгүй юу гэх юм хэмээх яриа саарал ордонд үүсч сүүлдээ “эрхэм ээ” гэцгээж тэр нь Их хурлын танхимд хадгалагдан мөрдлөг болоод явж байна. Их хурлын гишүүд эрхэм, ард иргэд бид эрхэм биш хэрэг үү. Тиймээс нэг нэгнээ эрхэмээ гэж дуудаж хэвшицгээж харилцааны соёлын стандартын загварчлалыг бий болгох цаг нь болжээ.
Энэ стандартыг төрийн албан хаагчид ялангуяа олон нийттэй шууд харилцаж байгаа цагдаа нар сайтар хэвшүүлэх хэрэгтэй байна. Цагдаа бол хэв журам зохицуулах, дүрэм зөрчсөн бол тухайн жолоочийг торгож сануулах л үүрэгтэй. Гэтэл ямар дээрэнгүй, бүдүүлэг, наад захын соёлгүй, эрээ цээргүй хүмүүс гэдгийг ард түмэн хатуу хөл хорионы үед сайтар харлаа. Цагдаа шиг л эрх мэдэлтэй хүн алга. Харилцааны соёлын шинэ стандартаар цагдаа нар жолоочдыг саатуулахдаа “Сайн байна уу, уучлаарай эрхэм ээ” гэж найрсаг мэндлээд “Та сая ийм дүрэм зөрчлөө” гэдгийг нь хэлж зохих арга хэмжээг авах л үүрэг хүлээнэ. Мөн уг стандартад төрийн албан хаагчид иргэдтэй нам дуугаар, хүндэтгэсэн, талархсан, ёсорхсон дууны өнгөөр харилцана гэдгийг сайтар тусгаж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр хууль хүчний байгууллагууд иргэдтэй яаж харилцаж байна, захын цагдаа л иргэнийг зогсоогоод “амрыг эрье” гэж хэлэхээсээ аваад дууны өнгө нь маш дээрэнгүй, тухайн иргэнийг зэвүүрхсэн, үзэн ядсан, доромжилсон, үгүйдээ гэхэд л захирсан, дээрэлхсэн ийм байдалтай байдаг.
Хууль хүчнийхнээс гадна банкны ажилчид гэж мөнгөний эзэн нь юм шиг жигтэйхэн их зантай, дээрэнгүй хүмүүс байдаг. Ямар ч банкны үйлчлэгч ёс юм шиг доошоо тонгойж байгаад амандаа үг хэлдэг. Юу хэлснийг сайн сонсолгүй дахин лавлаж асуухаар уурлачихна. Тухайн банкинд мөнгөө хадгалуулаад, дээрээс нь төлбөрөө төлөөд үйлчлүүлж байхад өөрөөс нь гуйлга гуйгаад зогсож байгаа юм шиг үл тоосон янзтай харилцах нь бүр нэг зэвүү хүрмээр. Төрийн үйлчилгээний албан хаагчид энэ мэт харилцааны гажигаасаа нэн даруй салж, шинэ стандартад суралцмаар байна. Хамгийн гол нь эрх баригчид харилцааны соёлын стандартыг бий болгож, хотын дүрмэндээ суулгаж өгч, ард нийтээрээ орчин цагийн харилцааны шинэ соёлыг мөрдөхгүй бол монголчууд энэ дэлхийн шаар шавхруу болсон, хамгийн хоцрогдсон зэрлэг бүдүүлэг ард түмэн болоход ойрхон байна.