Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харьж яваа улстөрчдийг бөх болгоё

– НЯМДОРЖ ДАРГАД ИЛГЭЭХ ХАГАС ИЛ ЗАХИДАЛ-

Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод тал нь ардаа гарсан тул  яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.

Манай олон сайхан бөхчүүд зодгоо тайлан гонжоом өмсөж монгол улсын парламентад суух боллоо.  Дан ч суугаад байгаа юм биш, коридороор алхалж, диван дээр  сүүжилдэж, орон дээр бол хэвтэж байгаа гэсээн.  Тэд зодгоо тайлаад гонжоом өмссөнийг ч ойлгож байна.  Төрийн ордонд зөвхөн гонжоомтой л оруулдаг болсон шүү дээ.

 Бас зодгоо тайлж байгааг ч буруутгах юм алга. Зодгийг юу яалцахаас эхлээд  олон юман дээр тайлахаас өөр аргагүй байдаг юм гэсэн. Юу яалцах гэдгийг  та юу гэж бодож байна?… Хэ хэ, тэр чинь биш ээ, усанд шумбалцахыг  хэлж байгаа юм. Зодог шуудагтайгаар нохой самралцах, мэлхий тийрэлцэх зэрэг онцлог сэлэлтийг хийлцэхэд их хэцүү гэсэн. Бодвоос ч тийм. 

Хамгийн гол нь би сонгогчийн хувьд тантай харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн юм. Манай улсын  улс төрийн ум зандан дэвжээг орхин гонжоомоо тайлж байгаа олон арван шилдэг хүний цаашдын хувь заяаг энд хөндөж байна.

Одоогоор зүлэг ногоон дэвжээгээ орхиж байгаа бөхчүүдийг манай улс төрийн дэвжээ баяртайгаар хүлээн авсаар байх нь тодорхой боллоо. Зарим сонгогч үүнд дургүй байгаа ч гэсэн бодит байдал ийм л байна. Гэхдээ дургүйцэж байгаа мянга мянга сонгогчийн сэтгэлийг амирлуулан, бөхчин зоныхоо хүслийг давхар биелүүлэх сайхан хувилбар бас байна аа.

Улсын их хурлыг орхиж буй, харьж яваа улс төрчдийг танай монгол бөхийн торгон  дэвжээ тосч авах тухай асуудлыг манай улс төрчдийн “ум зандан дэвжээ”  холбооноос танаар уламжлуулан гаргаж байна. Харилцан өгөөжтэй, ашигтай  бизнес санал. 

Харин манай “Ум зандан дэвжээ” холбоо  ахмад бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээнээс нь  шууд парламентын микрофоноор амлуулах ажлыг хариуцаж болж байна.

Бид  бөхчүүдийг өөрийн зардлаар  анхан шатны сургалтад  хамруулаад парламентад шилжүүлнэ.

Сургалт дараахь хөтөлбөрөөр хичээллэх ба мэргэжлийн туршлагатай, эрдмийн зэрэг цолтой бөх-төрч нараар ном заалгана.

Үүнд:

-Бүлэг фракц  хэрхэн магнайлах

-Тендэр амлах

-Санал суйлах

– Хаялга дэгээдэх

-Авлига сэгсрэх 

-Амлалтаа  тонгорох

-Санал самрах

-Төсөл мордох  зэрэг үндсэн аргачлал орж байна.

Харин  танай монгол бөхийн холбоо ба зүлэг ногоон дэвжээ фракцын зүгээс нэгэнт улс төрөөс хальж буй манай хүмүүсийг  тодорхой сургалтад хамруулан зүгшрүүлээд улсын зэрэг цолтой бөх болгох хэрэгтэй байна. Цолны хувьд гэвэл УИХ-д нэг удаа сонгогдсон хугацааг улсад түрүүлсэнтэй адилтган  цол чимэг олгож болмоор санагдана.

Ингэхгүй бол  улс орны биеийн ба оюуны хүчний баланс алдагдаж бөх ч үгүй, улс төр ч үгүй болох аюул нүүрлээд байгааг та бэлээхнээ харж байгаа биз ээ. Та нэг их дүрэм мүрэм урдаас ярих л байх. Тэр ямар хамаа байна аа. Манай энд бөхийг улс төрч болгож болоод байхад танай тэнд улс төрчийг бөх болгож  болохгүй л байв гэж үү? 

Мэдээж  амаргүй гэдгийг ойлгож л байна. Тухайлбал улс төрч бөхчүүд өрсөлдөгчөө барилдаж унагахын оронд үзэгчдийн саналыг худалдан авах замаар ялах гээд байж болох талтай. Үүний оронд найраа хийдэг , танай хэлээр бол “хор найруулах”  гэсэн үг гээд хэлэхэд дорхон нь ойлгоод хөгжүүлээд явчихна. Бөхчүүд   улс төрд дорхноо хөлөө олоод байхад манай улс төрчид наана чинь алзахгүй ээ. Гагцхүү та бидний ойлголцол хамтын ажиллагаа л хүлээгдэж байна.

Хуулбарыг: Сумо, Самбо, Жудо,  Аякадо, Ушу,  Курышийн холбоонд

2012.12.17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *