Categories
мэдээ цаг-үе

Харанхуй, хэцүү замаар өдөр бүр алхдаг ч харьж яваа гэхээр л сайхан байдаг

2017 .09.27 20 цаг 17 минут.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Өнгөрсөн жил энэ тоо 31 байжээ. Гурван ээлжээр хичээллэх нь хаана хаанаа асуудалтай. Ялангуяа хотын захын гэр хороолол дахь бага ангийн хүүхдүүд нар жаргасан хойно хичээлээ тараад гэр рүүгээ харина гэдэг маш эрсдэлтэй. Нохой шувуунаас эхлүүлээд согтуу хөлчүү хүмүүс, элдэв янзын этгээдүүдийн гарт өртөж мэднэ.

Гэрэлтүүлэггүй урт, өгсүүр, замбараагүй гудмаар номтой цүнхээ үүрч хэдэн км алхана гэдэг хэцүү. Өвөл хаяанд ирчихсэн энэ өдрүүдэд нар эрт жаргаж, нийслэл маань төв хэсгээрээ, нүдэнд үзэгдэх газрууддаа л гэрэл чийдэнгээ асаадгаас биш хотын захын хороолол, уул бэл, салаа, аманд гэрлийн шон байтугай шонгийн мод ч байхгүй. Дээрээс нь утаа нэмэгдээд багачуул маань гэр рүүгээ явах гэж түмэн бартаа саад туулна. Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг нь Сонгинохайрхан. Тус дүүрэгт одоогоор найман сургууль гурван ээлжээр хичээллэж байна.

25 дугаар хорооны Зүүн салаан дахь 104 дүгээр сургуульд 44 бүлэгт 1760 сурагч сурч байна. Гуравдугаар ээлжийн хичээл нь 15 цаг 30 минутаас эхэлж 20 цаг 05 минут хүртэл үргэлжилнэ. Энэ ээлжинд дөрөв, тавдугаар ангийн найман бүлэгт 350 гаруй сурагч хичээллэж байна. Тэд 9-10 насныхан.

104 дүгээр сургууль 2006 онд байгуулагдсан бөгөөд 2008 оноос л гурван ээлжээр хичээллэх болжээ. Сургуулийн захирал Д.Энхжаргал “Манай сургуулийн өргөтгөл удахгүй ашиглалтад орно. Бид чинь халагдах цэрэг хоног тоолон хүлээдэг гэдэг шиг хурдхан л шинэ байр маань ашиглалтад ороосой гэж хүлээх болсон. 2017 ондоо багтаагаад барилгын ажил нь дуусна. Манай 25 дугаар хороо харьцангуй эмх замбараатай, хог шороогүй газар. Харин хөдөө орон нутгаас шилжин суурьшигчид их байдаг. Сургуульд маань тавиул хүүхдүүд их шүү. Мөн аав ээж нь Солонгос, гадны орнуудад ажилладаг, өвөө эмээ дээрээ хүмүүждэг хүүхдүүд их байдаг юм” гэлээ. Сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Чимэдлхам “Өргөтгөл ашиглалтад ороод хоёр ээлжээр хичээллэдэг болчихвол хүүхдүүд чөлөөт цагаараа олон төрлийн секц дугуйлангуудад хамрагдах боломжтой болно” гээд эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэдгийг нэмж хэллээ. Гурав хүртэлх ангийн сурагчдыг заавал эцэг эхийнх нь гарт өгдөг гэнэ. Намар хичээл эхлэхэд л гурвалсан гэрээ хийж энэ талаар сайн ярилцдаг аж. Мөн эцэг эхчүүдтэй холбогдох утасны дугаарыг нь улирал тутам шинэчилж тэмдэглэж авдаг юм байна. Өнгөрсөн жил хүүхдээ сургуулиас нь ирж авахгүй удсан тохиолдол нэг бус удаа гарсан бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнхжаргал орой 21 цагийн үед гэрт нь хүргэж өгсөн тухайгаа ярьсан юм.

Гуравдугаар ээлжийн сүүлийн хичээл 20 цаг 05 минутад завсарладаг. Дөрвийн “В” ангийнхан хичээлээ дуусгаад ангиасаа жагсаалаар гарч өлгүүр дээр очлоо. Ангийн багш С.Мөнхжаргал нь ангийнхнаа гаргаж өгөв. “Сондор хаачсан бэ” гэвэл ангийнхан нь “Ах нь ирээд аваад явчихсан” гэвэл “Ах нь мөн байсан уу” хэмээн асуухад бүгд нэгэн дуугаар “Мөн мөн, ах нь байсан” гэж хариулав. Дөрвийн “В” ангийн Д.Золзаяагийн гэр сургуулиас нь нэлээд зайтай. Гуравдугар анги хүртэл эмээ нь сургуульд нь хүргэж орой авдаг байжээ. Харин өнөө жилээс сургуульдаа өөрөө ирж, очдог болж.

Түүнтэй хамт гэр рүү нь явлаа. Автобус ирэхгүй хүлээсэн тохиолдолд цагийн дараа гэртээ очдог гэж байлаа. Таван буудал газар, гурван км-ын зайтай юм байна, гэр нь сургуулиас нь. Охин автобусаар ирж очно. Ангийнхаа Хонгорзул, Эрдэнэсувдтай хааяа зам нийлнэ. Д.Золзаяа автобусны буудал дөхөх үед гар утсаа гаргаж ирж ээж рүүгээ очиж байгаагаа дуулгана. Бусад үед гар утсаа ер гаргадаггүй гэнэ. Ээж маань “Автобусанд суугаад залгаарай. Ээж нь буудал дээр тосоод байж байя. Болгоомжтой яваарай“ гэж дандаа хэлдэг гэлээ. Уржигдар гудам руугаа ороод өгсч байтал айлын нохой хуцаж дайрахаар нь айгаад тэр чигтээ гүйж байгаад уначихсан гэлээ. Төв зам дагуух гэрэлтүүлгийн шон хол зайтай учир хотын төвийн гудам шиг тийм ч цэлгэр биш аж. Сүүмгэр. Автобусны буудал дээр буугаад дэлгүүртэй гудам руу орлоо. Энд тэнд айлуудын ноход хуцалдаж, нүүрсний өтгөн утаа сүүмэгнэнэ. Намар оройн хүйтэн жавар нуруу бөөр хайрч, жиндүү. Д.Золзаяа ууттай углаашаа гартаа бариад бөгтөсхийн өгсч эхэллээ. Өнөө уржигдар өөр рүү нь нохой нь дайрсан гэх айлын хаалга руу заагаад “Энэ айлын нохой шүү дээ. Манай гудамж тас харанхуй болохоор айлуудын цонх, тоононы гэрлээр баримжаалаад гэр рүүгээ явдаг. Манайх тээр тэнд байгаа айл” гээд гудамжны үзүүрийн буюу нэлээд өгсүүр дээр барьсан хашаа руу заалаа. Д.Золзаяа мөн л сургуулийнхаа шинэ өргөтгөлийг хурдан дуусаасай гэж хүсч буй нь илт. “Уг нь есдүгээр сарын эхээр ашиглалтад орно гэж байсан. Амжаагүй гэсэн. Аравдугаар сарын эхээр гэсэн бас амжихгүй байгаа гэсэн. Хэрвээ шинэ сургуультай болчихвол дүү нь гэртээ эрт ирнэ. Бас чөлөөт цагаараа дугуйланд сурна” гэв. Д.Золзаяа орой гэртээ 20-21 цагийн үед ирээд хоолоо идээд л шууд унтаад өгнө. Өглөө нь босч гэрийн даалгавраа хийдэг аж. Өвлийн ид хүйтэн, тэсгим жавраар дээш мацна гэдэг хүнд ажил бололтой. Хүч муутай жижиг тэрэг дээш гарч чадахааргүй аж. Нэлээд огцом. Харанхуй гудам. Ноход хуцалдана. Эргэж харвал Зүүн салааны энэ хэсэгт зам дагуух хэдэн гэрлийн шонг эс тооцвол олигтой гэрэлтүүлэг алга. Гаднаа гэрэлтэй айл ч алга. Д.Золзаяа дээш мацах зуураа “Би нохойноос их айдаг юм” гэв. Сониноор дамжуулж хэнд юу гэж хэлмээр байна вэ гэж асуувал “Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ аваарай, сургуулиас нь” гэж хэлснээ залгуулаад “Гудамж маань гэрэлтэй болчихвол их гоё байна. Харанхуй гудмаар явж байхад янз бүрийн юм боддоггүй ч хаанаас ямар нохой гарч ирэх бол гэж боддог юм. Гар утасныхаа гэрлийг тусгаад явбал хүн дээрэмдчих байх гээд гаргадаггүй. Гэхдээ гэрийнхээ барааг харангуут зориг ороод дээш гүйчихдэг. Гэр маань сургуулиас хол ч гэсэн ийм гудамжаар явсаар байгаад гэртээ ирсээр байгаад сурчихсаан. Хүүхдүүд танайх их хол, уулан дээр гээд л байдаг. Би ийм замаар явсаар байгаад сурчихсан. Хамгийн сайхан зам гэртээ харих зам гэдэг биз дээ, тийм ээ” хэмээн хэвлүүхэн өгүүлэв. Д.Золзаяа гэр рүүгээ гүйгээд орчихов. Уулын цаанаас их хотын их гэрэл сүүтийж цагаан туяа татуулах аж. Харин бидний зогсч байгаа газар таг харанхуй. Нэгнээ түшээд доош уруудсаар нохой хуцалдах гудмыг туулж төв зам руу, автобусны буудал дээр ирэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *