Будаг нь ханхалсан, шинэхэн гавьяат “Танайд өнжье” буланд саатлаа. “Харанга” хамтлагийн бөмбөрчин, тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдашийг бөмбөрийнхөө хэм хэмнэл мэт нэгэн болов уу гэтэл тайван дөлгөөн, урсгал устай зүйрлэж болом нэгэн ажээ. Товлосон цагтаа бид “49 дүгээр гудамж”-д байх “Харанга” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд уулзлаа. Тэрээр эхнэрийн хамт биднийг зорин иржээ.
Улаан цагаанаар хослуулсан хана, төгөлдөр хуур, бөмбөр гэх мэт хөгжмийн зэмсгүүд биднийг угтав. Цонхны дэргэдэх улаан бүтээлэгтэй ширээн дээр цай, кофе зэрэг байх аж. Буйдан, зурагт, чамин гэрлүүд ч байна. Энэ улаахан өрөөнд л тэд асч, жинхэнэ хитүүд мэндэлдэг байх нь гэсэн бодол зурсхийв. Ийнхүү бид түүний бага нас, ижий, аав, нутаг усны талаар яриагаа эхлүүллээ. Тэрээр Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Ээжийнхээ гэдсэнд бүрэлдэж байхдаа нутгаасаа гарсан ч хутагтын өлгий нутагтаа үргэлж сүсэлж, бахархаж явдаг гэсэн. Энэ зун тэрээр ээжийнхээ хамтаар нутгаа зорьжээ. Түүний ээж Должин 61 жилийн дараа, Н.Пүрэвдаш гавьяат анх удаа нутагтаа очсон нь энэ. “Ээжийнхээ мэндэлсэн Тэлмэн нуур, Улаан хаданд байх аавынхаа өвөлжөөнд очсон. Их сайхан санагдлаа. Ээжийн минь хүүхэд насны дурсамж, дурдатгал санаанд нь бууж байгаа бололтой сэтгэл өндөр байгаа нь харагдсан шүү” гэв.
Түүний аав Нэмэх 1945 онд Замын-Үүдийн есдүгээр отрядад тусгай чиг үүргийн алба хаажээ. Таван настайдаа аавыгаа алдсан тэрээр аавынхаа цэргийн алба хаасан тухай нь л хамгийн сайн мэддэг байж. “Өнгөрсөн жил ОХУ чөлөөлөх дайны 73 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэсэн. Тэр үед Оросын нэг вэб сайт дээр аавын минь Маршал Х.Чойбалсангийн өмнө гандсан цэрэг хувцастайгаа номхон зогсож буй зураг гарч ирснийг би олж үзсэн. Миний хувьд аавынхаа тухай илүү ихийг мэдэхийн төлөө эрэл хайгуул хийсээр ирсэн л дээ.Аз болж надад Онц хилчин тэмдэгийнх нь үнэмлэх байсан юм. Түүгээр нь ТЕГ-ын архивт очоод шүүлгэтэл аавын минь тухай гарч ирсэн шүү. Мөн дараа нь Улсын төв архивын ажилтны зөвлөснөөр Намын кадруудын архиваас аавынхаа тухай хайсан. Аав минь цэрэгт байх үедээ намын гишүүн болсон юм билээ л дээ. Тэрхүү архиваас аавынхаа тухай зузаан материал олж үзсэн. Ёстой бөөн баяр болсон доо. Нэг ёсондоо 60 гарсан хойноо аавынхаа түүх намтар, хийсэн бүтээснийг нь олж үзсэн хэрэг. Нэгэнт л аав минь чөлөөлөх дайнд орж, гавьяа байгуулсан нь үнэн учир ээжийнхээ амьд сэрүүнд “Ахмад дайчин” гэх үнэмлэхийг нь нөхөөд авчих юмсан гэж боддог юм. Тэр болно байх аа. Би ийм л хүний үр хүүхэд” гээд “Харин ээж минь худалдааны байгууллагад олон жил ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан. Өдгөө 80 хол давсан буурай бий. Ааваас минь хойш гурван хүүгээ хүний дайтай өсгөж, эрдэм номтой хүн болгох гэж их хичээсэн дээ. Ээжийн минь аав их сайхан дуулдаг хүн байсан гэдэг. Магадгүй түүнээс улбаалж би урлагт элэгтэй болсон байх” гэлээ.
Эднийх 1959 онд хот руу нүүж анх Маахуур толгойд төвхнөж байжээ. Тэрээр “Хэрэв манайх хот руу нүүгээгүй бол би өдийд том хөөрөг өвөртөлсөн малчин эр сууж байх байсан биз” гээд инээд алдах нь тэр.
Бөмбөрчин болох замнал нь хэрхэн эхэлсэн тухай түүнээс асуухад “ХИД-1”-ийн суурин дээр хуучин зах байсан юм. Тэндээс ээж минь надад зөгнөсөн мэт, ерөөлөөр ч гэж хэлж болохоор луун толгойтой гурван суурьтай жижиг бөмбөр авчирч өгсөн. Тоглоом наадгай ховор тэр үед би тэр бөмбөрөөрөө их тоглодог байсан даа. Би арван жилийн тавдугаар дунд сургуульд сурч байгаад, 12 настайдаа Цэргийн хөгжмийн сургуульд суралцаж эхэлсэн. Эхлээд үлээвэр хөгжим үлээсэн ч нэг их гавиагүй юм байлгүй салаан дарга минь бөмбөрийн ангид оруулсан юм” гэв. Шантарч байсан уу гэвэл “Үүнийг хийж сурахгүй, чадахгүй бол өнөөдөр хоолгүй шүү” гэж хэлэх нь энүүхэнд. Тийм зарчмаар л сурсан. Гэхдээ тэр хатуу, чанга гараар сурсны хүчинд би энэ зэрэгтэй яваа юм. Асар их тэвчээр, хатуужил суусан гэж боддог” гэж байлаа.
Тэрээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд ажиллаж байх үедээ тун ч эрэлттэй бөмбөрчний нэг байжээ. Цэргийн ансамбель, улсын циркээс эхлээд урилга, заллага тасарна гэж үгүй. Гадна, дотны циркийн тоглолтуудад удирдаачтай харьцаж, агаарын болоод төрөл бүрийн үзүүлбэрүүдийн аяыг секунд, доль алдахгүй тоглоно гэдэг бөмбөрчний чадварыг ёстой л нэг шалгана. Гавьяат Н.Пүрэвдаш өдөртөө Үлээвэр найрал хөгжимдөө, орой нь цирктэй тоглодог байж. Тиймдээ ч орлого сайтай хөгжимчний нэгд тооцогдоно. Хамтлаг байгуулах тухай бодол ч түүнээс хол байсан гэдэг. “Би 1976 онд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орсон юм. Харин 1977 онд Чука, 1978 онд Манлай, 1981 онд Оогий орж ирсэн. Гэхдээ бид тус тусдаа группт байсан л даа. Бие биенээ нэг байгууллагын хөгжимчид л гэж мэднэ” хэмээв. Рок хамтлаг байгуулах тухай МУГЖ Ц.Энхманлай, Я.Одсүрэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболд нар их ярьдаг байж. “Манай С.Соронзонболд ерөнхийдөө яриаг нь сонссдог. Номын хүн учир номоо уншаад л сууж байдаг байж. Өнөөх хоёр “Хамтлагтаа оруулах сайн бөмбөрчин яаж олох вэ гэж их ярьдаг байсан юм билээ.Нэг удаа С.Соронзонболд “Хоёр лүмпэн шаар аа. Та хоёр хажуудах бөмбөрчнөө олж харахгүй байж, Халхын хаанаас бөмбөрчин олох гээв” гэсэн гэдэг. Мань хоёр байгууллагынхаа бөмбөрчнийг анзаараагүй хэрэг. Яг бодит түүх нь энэ. Ингээд бид дөрөв 1984 онд Монголын радиод “Өргөн хангайн нутаг”, “Ганган борлог” зэрэг дуунуудыг бичүүлсэн. Энэ үеэс бие биенээ улам сайн мэддэг болцгоосон доо. Ер нь бол 1983 онд Манлай халагдсанаас хойш Оогий намайг “Хамтлаг байгуулъя, ажлаасаа гарчих” гэж ятгах болсон юм. Тэр үед би армид ороод 18 жил болчихсон, дахиад хоёр жил болоход л тэтгэвэртээ гарах байлаа. Хамтлаг байгуулах саналыг гэр бүлийнхэн ч дэмжсэнгүй, тэр дундаа эхнэр минь дурамжхан байсан учир шийдвэрт хүрч чадахгүй л байв. Гэхдээ ажлаасаа гарч, хамтлаг байгуулъя гэж эргэлт буцалтгүй шийдэхэд минь нэг л хүн нөлөөлсөн. Тэр бол эхнэрийн минь ах, армийн таван хурандаагийн нэг, “Рапорт” Баадай гэж хүн. Тэрээр “Би цэргийн бүх албан тушаалыг дамжлаа, тэтгэвэртээ гараад найман сар болж байна. Намайг өнөөдөр хэн ч тоохоо больсон. Хүмүүс надад баяр хүргэж архи л авч өгж байна. Бодит амьдрал ийм л байна. Чи хожимдоогүй дээрээ найзуудтайгаа нийлж, хүссэн зүйлээ хий. Үнэхээр мундаг хамтлаг байгуулж чадах юм бол үр хүүхэд чинь чамаар бахархана. Одоо халагд” гэсэн. Ингээд л би шийдсэн. Тэр хүн надад ингэж хэлээгүй бол би Манлай, Оогий хоёрын үгэнд орох ч үгүй байсан юм билүү. Хөөрхий Баадай ах минь гүйж байгаад л шинжилгээний минь хариуг муу гаргаж, армиас халагдуулсан юмдаг. Хамгийн сонин нь 1989 оны дөрөвдүгээр сарын 20-нд Цэргийн төв эмч нарын магадлангаар тахир дутуугийн гуравдугаар группт оруулж, халсугай гэсэн тушаал гарч байсан бол яг тэр цаг мөчид Драмын театрт жүжигчнээр авсугай гэсэн тушаал минь гарч байлаа” гэв. Ийнхүү тэрээр хангамжтай, халтууртай, цалин орлого чамгүй их авчихдаг ажлаасаа, нэг ёсондоо үүрнээсээ 18 жилийн дараа нисч, өөрийн зам мөрөөр ажиллаж, амьдрахаар сэтгэл шулуудаж.
“Харанга” хамтлагийн анхны бүрэлдэхүүнд Я.Одсүрэн, Ц.Энхманлай, Н.Пүрэвдаш нараас гадна Т.Найданжав, Булган нар байжээ. Ийнхүү Улсын драмын театрын дэргэдэх “Харанга” хамтлаг үүсэн байгуулагдав. Тэд эхлээд баруун таван аймгийг зорьжээ. Орлогын төлөвлөгөө байгуулахаар театрын шинэ автобусыг хөлөглөж, бүр болоогүй шинэ техник хэрэгсэл авахуулснаар тэдний аялал эхэлсэн байна. Хэдий “Харанга” дэгдээхийг хүссэн ч бүх зүйл тэдний хүслээр болоогүй нь лавтай. “Өөрсдийн гэсэн дуугүй учир тухайн үеийнхээ дуунуудыг дуулъя гээд л зоригтойхон аяллаа эхлүүлсэн. Ёстой хоёр, гурван шуудай боорцог хийж аваад гэдэг шиг хоол, хүнсээ базаагаад л явцгаасан. Хэд хэдэн аймгуудаар тоглолоо. Дуу хуур, архи дарс, мах гээд л. Сүүлдээ ч онцгүй болоод ирлээ. Юу хийчихэв, яах гэж армиасаа гарав гэсэн бодол төрөөстэй. Ер нь аливаа зүйл шууд амжилтад хүрчихдэг гэдэг нь өрөөсгөл. Эхлээд унаж, босож, алдаж онодог. Түүний л дагуу болж байж дээ гэж одоо бодогддог юм. Тэр үед ганцхан би ч биш бүгд л эрэгцүүлж бодоцгоосон байгаа юм. Эцэст нь Манлай, Оогий бид гурав тунаж үлдсэн. Хот руу буцаж явахдаа буюу Архангайд явахдаа бид гурав Чукагаа хамтлагтаа элсүүлэхээр ярилцлаа. Оогий маань “Чука орж ирэхээр болбол басс гитар тоглоно гэнэ. Би бассаа мөрөөдсний эцэст тоглох гэж байж Чукад өгмөөргүй байна” гээд болдоггүй. Ямартаа ч Чукатайгаа ярья гэж бодоод Архангайн холбоо руу гүйлээ. Гэрийнх нь утас руу залгатал авч байна аа. Чука “Хөгшин нь байраа засаж байна. “Өргөө” хамтлагийн Бархас, Болоож хоёр ирчихсэн манай шал таазыг будаад л байж байна. Энэ хоёр намайг хамтлагтаа орчих гээд гуйгаад болдоггүй. Барилгын хүмүүс авчирч манай байрыг янзлуулаад байх юм” гэдэг байгаа. Тэгэхээр нь л “Чи найзуудтайгаа нийлчих л дээ. Бид хэд наймдугаар сарын 20-д гэхэд хот орчихно. Ажлаасаа гараад хүлээж бай” гээд л учирлалаа. Гэтэл Чука “Та нар хаяж явчихаад” гээд гоморхож байна. Тэгснээ “Цаад Оогийтойгоо ярьсан юм уу. Би орвол басс гитараа тоглоно шүү” гэж билээ. Холбоо руу хэд хэд гүйсний эцэст нь Оогийгоо зөвшөөрүүлж, Чука хамтлагт орж, бассаа тоглосон. Төд удалгүй Чука Лхагвааг олж ирсэн юм. Ингээд есдүгээр сараас эхлэн аравдугаар сарын 26 хүртэл бэлтгэл хийж, анхны “Амьдрал” тоглолтоо хийж байсан түүхтэй” гэлээ. Ардчиллын салхи сэвэлзсэн тэр үед “Харанга” хамтлаг “Томоотой хүн”, “Лусын хааны зарлиг”, “Замын тухай дуу” гэх дуунуудаараа өөрсдийн үзэл санаагаа илэрхийлж байжээ. “Тухайн үед намын төв хорооноос театрын Н.Сувдаа даргыг дуудаж “Наад хэдэн нөхдүүд чинь юу дуулаад байна вэ” гэж загнаж байсан гэдэг” хэмээн тэрээр хуучилсан юм.
30 жилийн түүхтэй, рок попын домог болсон“Харанга” хамтлагийн “луужин” нь МУУГЗ Ц.Чулуунбат аж. Энэ талаар гавьяат Н.Пүрэвдаш “Хамтлагт нэг дайчин хүн байх ёстой юм. Манайд тэр нь Чука. Жадны үзүүр нь л гэсэн үг. Аливааг хойш нь тавьдаггүй. Бүхнийг цаг хугацааны дагуу хийдэг. Хэрэв бүгд назгай байсан бол тэр бүр гараас ажил гарахгүй шүү дээ. Биднийг араас хөөж, тууж, шавхуурддаг хүн нь гэж ойлгож болно. Яг бодит байдал нь энэ юм. Энэ зүйлсийг та бүхэн сонсож байгаагүй байх шүү” гэлээ. Харин хамтлаг хамтаараа, эвтэй, найрамдалтай өнөөдрийг хүрсэн нууц нь юу болох талаар тэрээр “Ааш араншингийн хувьд их зохицдог хүмүүс. Тавуулаа адгуу, ааш муутай байсан бол хэцүү шүү дээ. Нэг нь дуугарч, бусад нь түүнийг хүлээн зөвшөөрдөг. Гол учир нь үүндээ байгаа юм. Бие биенээ тун их хүндэлж байгаа хэрэг. Анхны тоглолтоо хийн тайзан дээр тэврэлдээд зогсож байхдаа л бид “Бүгдээрээ салахгүй, улам их уран бүтээл хийнэ шүү” гэцгээсэн. Тэр амлалтдаа ч хүрсэн. Бид таван биенээ олох гэж их ч цаг хугацаа, даваа нугачааг туулсан юм шүү дээ” гэв. Анхны тоглолтдоо цаг наргүй бэлдэж байх үедээ л холын аянд хамтдаа мордоход итгэл даах нөхдөө олжээ гэдгээ мэдсэн хэмээн тэрээр итгэл төгс хэлж байлаа. Өнөө цагийн хамтлагуудын урт удаан оршин тогтнож чадахгүй байгаа шалтгааны нэг нь орлогоо эн тэнцүү хуваарилж чаддаггүйтэй холбоотой гэдэг. Тэрээр ч үүнтэй санал нэг байдгаа хэлсэн юм. МУГЖ Н.Пүрэвдаш “Өнөөдөр хамтлагуудын ахлагч нь “Би дуугаа зохиосон учир илүү хувийг нь авна” гэсэн зарчмаар яваад байгаа. Тиймдээ ч орчин үеийн хамтлагууд оршин тогтнохгүй байгаа юм. Манай алдарт том хамтлагууд яг л түүнээс болж сарниж байсан шүү. Манайх бол таван тэнцүү л хуваадаг. Хэрэв дээрийнх шиг байдлаар хуваавал ямар ч дуу зохиодгүйгээрээ хамгийн багыг нь бөмбөрчин нь авах нь байна. Дуу зохиодоггүй л бол хөгжимчний ур чадвар хамаагүй гэсэн үг байх нь” гэж байв.
МУГЖ Н.Пүрэвдаш гэргийтэйгээ 40 гаруй жил ханилж байгаа аж. Урлагийн хүний гэр бүл байх баяр жаргалтай хийгээд басхүү зовлонтой энэ үүргийг П.Отгонтуяа гуай тун чиг сайн биелүүлж ирсэн нь “Харанга”-ын Пүүжээгийн амжилтаас илхэн харагдах биз ээ. Тэрээр хойд хөршид гутал загварын мэргэжлээр суралцаж төгссөн. Худалдааны салбарт олон ажиллаж, өдгөө тэтгэвэртээ гарчээ. П. Отгонтуяа гуай Улсын хүндэт засуул, ган хоолой хэмээх Пүрэвсүрэнгийн бага охин аж. Гэрийн эзэн “Анх цагаан сараар хадмындаа очиж танилцаж байлаа. Бөхчүүд хөндөлсөөд л. Х.Баянмөнх, О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан тэргүүтэй том цолтонгууд ирчихсэн. Гэтэл хүргэн нь гэж туранхай, жижигхэн, цэргийн хөгжимчин хүү л тэнд суугаад байдаг. Одоо эргээд бодох нь ээ хөөрхий хадам аав минь тэр үед “Гэрээр эргэлддэг ханхайсан эрчүүдээс охиныг минь аваад суучихсан бол ач нараас минь ганц бөх төрөхгүй юу” гэж бодож л байсан байхдаа” гээд инээд алдлаа. Тэд 18, 19-тэйдөө найзуудаараа холбогдон танилцаж, 20 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч байжээ. Өдгөө хамгийн том хүү нь 40 насыг шүргэж байгаа аж. Эднийх хоёр хүү, нэг охин, таван зээтэй. “Харанга” хамтлагтаа хамгийн өнөр бүл нь гэсэн. Хүүхдүүдээс нь урлагийн хүн төрөөгүй ч өөр, өөрсдийн зам мөрөөр сайн сайхан амьдарч байгаа хэмээн гэрийн эзэгтэй хэлж байлаа. Мөн тэрээр “Харанга”-ынхан үнэхээр ар гэрээ умартан зүтгэдэг байсан. Эхэндээ гомдож, туних үе бишгүй л байв. Урлагт хайртай, түүнийхээ төлөө зорьж тэмүүлж байгааг нь хараад сүүлдээ бид ч эвлэрсэн. Таван жилийнхээ ойг хийсний дараа шүтэн бишрэгчид нь улам нэмэгдэж, нэрд гарч эхэлсэн. Ингээд бодоход 30 жил болчихсон хамтлаг гэдэг нэг гэр бүл шиг л болчихдог юм байна. Хамтлагийн гишүүдийн гэр бүлийнхэн нь ч энэ хугацаанд ойр дотно байсаар ирж дээ” гэв.
МУГЖ Н.Пүрэвдаш “Бид хийж байгаа уран бүтээлдээ л бүх анхаарлаа хандуулдаг байсан. Урлагт эргэлт буцалтгүй орчихсон учир ар гэртээ зориулах цаг завыг ч мартаад зүтгэсэн гэж болно. “Харанга”-д орсноосоо хойш хүүхдээ хичээл сургуулиас нь авсан удаа байхгүй. Ард түмнээ баясгаж, стресс бухимдал, гуниг гутралыг нь тайлахын төлөө л төдийгөөс өдий хүртэл нэг сэтгэлээр явж ирсэн байна. Омголон, үнэхээр шатаж явсан үедээ хийсэн болоод ч тэр үү бидний уран бүтээл он цагийн уртыг үл ажран дуулагдсаар байна гэж боддог доо” гэсэн юм.
Гэргий нь “Хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, зорьсон зорилгодоо хүрсэнийг нь бодохоор ханиараа туйлын их бахархдаг юм. Пүүжээ шиг 12 настайгаасаа эхлээд 60 гартлаа бөмбөрөө нүдээд явж буй хүнийг би хувьдаа мэдэхгүй юм” гэж байлаа.
12-хон настай жаалхүү бөмбөртэйгөө нөхөрлөснөөр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үнэхээр л үлгэр жишээ бөмбөрчин байж, улмаар Монголын рок попын акул “Харанга”-ын “зүрх” нь болж цохилон 48 дахь жилдээ бөмбөрийг эзэгнэж байна. Хагас зуун гэхэд ч болохоор. Энэ бүхнээс “Харанга”-ыг бөмбөргүйгээр төсөөлөхийн аргагүйтэй адил түүний ч бөмбөргүйгээр төсөөлөхийн аргагүй мэт. Хань нь хоолой зангируулан бахархсан сэтгэлээ илэрхийлэхээс ч өөр яах билээ. Гэргий П.Отгонтуяа нь “Харанга” л биш бол бусад тоглолтуудыг нэг их ойшоодоггүй гэдгээ ч нуухгүй хэлсэн шүү. Харин МУГЖ Н.Пүрэвдаш “Хэрэв ханийн халамж, хайр үгүйсэн 60 насыг давтлаа бөмбөр нүдэж чадаа ч уу, үгүй ч үү. Ар талыг минь бат даагаагүйсэн бол тууштай урлагтаа зүтгэж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Энэ бүхэнд баярлаж явдаг даа” хэмээн чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж байлаа.
Бөмбөрийг зөв сураагүйгээс үүдэн бөөр, нуруу өвдөх хүндрэл үүсдэг байна. Нэг талаасаа эрсдэл, золиос нь тэр аж. Түүний хувьд Орос багш, цэргийн диктатурын ачаар зөв сурсан учир ийн олон жил ажралгүй тоглож байгаа гэдгийг ч гэргий нь онцолж байсан юм. Монголд бөмбөрийн нот бичдэг цөөн хүний нэг нь Н.Пүрэвдаш гавьяат гэсэн. Урлаг, соёлын томчуул ч бөмбөрийн нот бичүүлэхээр түүнийг зорьж ирдэг байна. Мөн тэрээр армиасаа эхлээд олон шавьтай болжээ. “Никитон” хамтлагийн бөмбөрчин Билгүүн, “Хурд”-ын Д.Ганбаяр гээд авьяаслаг олон шавь бий” хэмээн тэрээр бахархан хуучилсан юм.
МУГЖ Н.Пүрэвдаш өдгөө Монголын Бөмбөрийн холбооны тэргүүн, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зөвлөх хөгжимчнөөр ажилладаг. Тэрээр энэ хугацаанд хөгжимчний хувьд тоглохыг хүссэн бүх л театр, Соёлын ордондоо тоглосон гэдгээ хэлж байв.
Түүнээс Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм шагналыг хүртэх болсноо мэдсэн анхны сэтгэгдэл болоод хүлээлт байсан эсэх талаар нь асуухад “Тэгж их хүлээж, төрдөө гомдоллож байсан зүйл үгүй. Урлагийн ганц том шалгуур нь ард түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх л явдал байдаг. Тэр бол асар том шагнал юм” гээд “Шагнал авах болсноо өмнөх орой нь мэдсэн. Мэдээж Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаад шагнал авах болсон тухай дуулгахад их баярласан, огшсон гэв.
Шагнал гардуулах үедээ Ерөнхийлөгч Х.Баттулга “1990-ээд оны үед өр, зээл тавиад л яваад байсан. Тэр хүчин зүтгэлийн тань үр дүн өнөөдөр гарч байна уу. Үнэнч байсны үр дүн гарч байгаа биз. Одоо дахиад олон жил бөмбөрөө тоглоорой Пүүжээ ах аа” гэсэн би “За Ерөнхийлөгч өө” гээд л шагналаа гардаж авсан даа. Ерөнхийлөгчийг “Женко”-ийн компанийн захирал байхад “Харанга”-ын хамгийн анхны плакатыг хийхээр би мөнгө зээлэх гэж орж уулзаж байлаа. Цаасан хайрцгаар дүүрэн гурав, тав, арван төгрөг бүхий гурван сая төгрөг тэврээд гарч байсан шүү. Нөгөөдүүлээрээ плакат хийсэн ч зарагдаагүй. Ёстой цөм шатсан даа. Эргээд яаж ч билээ тэр өрөө дарж байсан юм. Ерөнхийлөгч тэр түүхийг сөхсөн хэрэг (инээв). Би 2015 онд тайлан тоглолтоо хийсэн юм. Тэр үед одоогийн миний тоглож буй бөмбөрийг Х.Баттулга Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа “Талх чихэр”, “Мах импекс”-д үүрэг өгч, захиалуулж хийлгэж байлаа” хэмээн дурслаа.
“Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо 40 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх үүргийг ард түмнээсээ авсан. Шүтэн бишрэгчдэд нь дуулгахад энэ үүргийг биелүүлэхэд бэлэн гэдгээ ч тэрээр хэлсэн шүү. Н.Пүрэвдаш гавьяат “Зорьсондоо хүрнэ шүү дээ. Өмнөхөөс илүү хариуцлага ирж байна. Эрүүл байх хэрэгтэй болж байна. Би Монгол Улсын гавьяат жүжигчин гэх алдрыг өнгөрсөнд хийсний минь төлөө бус ирээдүйд илүү ихийг хийгээсэй гэж өгч байна гэж ойлгож байгаа. 40 жилийнхээ ой дээр бөмбөрөө тоглож байх ёстой шүү л гэж өгч байгаа байх. Ийм урам боллоо гэж харж байна. Миний үеийнхэн ямар аархуу юм гэж бодож байж мэдэх юм. Тийм биш шүү” гээд “Бид бүгд хурцлагдчихсан. Тэртэй тэргүй 40 жилээ хийнэ. Ирэх жил бид гарах шинэ CD-ндээ зориулж “Цаг хугацаа” гэх тоглолтоо ч хийх болно” хэмээн урам зориг дүүрэн хариулсан юм.