Categories
мэдээ цаг-үе

Харамсахгүйн тулд дөрвөн минутад бүхий л зүйлээ шавхах хэрэгтэй

Залуучуудын дэлхийн аваргын хүрэл,
самбо бөхийн Өсвөрийн дэлхийн аварга, саяхан болсон Улаанбаатарын гранпригаас алтан
медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Балдоржийн
Мөнгөнчимэгтэй ярилцлаа.

-Уран нугаралтаар хичээллэдэг байсан
гэсэн. Яагаад бөхийн спортыг сонгосон бэ?

-Би “Монгол гайхамшиг” төв дээр
Нарантуяа багшийн удирдлага дор нэгдүгээр ангиасаа эхлэн таван жил уран нугаралтаар
хичээллэсэн. Нэг удаа сургуулийнхаа гадаа тоголж байгаад эгмээ хугалчихсан юм. Тэр
үед эдгэтэл нь хоёр сар гаран гэртээ байх үедээ нэлээн жин нэмээд дахин нугарахад
хэцүү болчихсон. Түүнээс хойш нэг жил волейболоор хичээллэж байгаад л жүдогоор хичээллэж
эхэлсэн юм. Ээж маань бөх үзэх дуртай. Анх ээж маань “Бөх барилдах уу? гээд л асуусан
тэгэхэд барилдчихмаар, болчих юм шиг санагдаад л Спортын ордонд очиж Монгол Улсын
гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийн шавь болж байсан. Ингээд л эргэлт буцалтгүй
жүдо бөхийн спортод орсон. Одоо ээж маань их дэмждэг. Тэмцээн уралдаанд оролцож
байгаа үед минь “Миний охин чадна аа, өөртөө итгэлтэй байгаарай, амжилт” гээд л
мессэж явуулна. Тэр дэмжиж байгаа сэтгэл нь их урам өгдөг шүү.

-Уран нугаралтаар хичээллэж байгаад
бөхийн спорт руу ороход давуу талууд байсан байх?

-Уян хатан чанар нэмэр болдог шүү.
Би тэсрэлттэй гэхээсээ илүү удаан, тайван барилддаг. Уян болохоор зууралдаад л байдаг.
Уран нугаралт ч тэр, бөх ч тэр тэвсэр хатуужилтай байхыг шаарддагаараа ижил. Спортоор
хичээллэхэд тус болсон зүйл нь тэсвэр хатуужил байсан.

-Гэр бүлд тань бөхийн удам байгаа
юу?

-Аав маань Архангай, ээж маань Төм
аймгийн Баянхангай сумын уугуул. Ээжийн маань аав аймгийн заан Дашдамба гэж хүн
байсан талаар сонсч байсан. Зургийг нь л харж байлаа. Би багадаа эмээ дээрээ өссөн
юм. Нугардаг байсан болохоор өглөө нь бэлтгэлдээ, өдөр нь хичээлдээ явж ирээд л
эмээдээ ус түлээг нь ойртуулж өгдөг байлаа. Ахтай болохоор их л эршүүд охин байсан.
Тэр бөх болоход их нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Анхны тэмцээнийхээ талаар яриач?

-Жүдогоор хичээллээд долоо хоногийн
дараа л дүүргийн аваргад орж хүрэл медаль авсан. Дараа нь өсвөрийн ДАШТ-д оролцсон
юм. Тэр үед юугаа ч мэдэхгүй, тамирчдыг гайхаж хараад л ирж байлаа. Гэхдээ том тэмцээн
үзэхээр их өөр болдог юм шиг санагдсан. Дараа жил нь Улсын өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээнд түрүүлсэн юм. Мөн Абу Дабигийн гранпри тэмцээнээс хүрэл, Чежүгийн “Дэлхийн
цом”-оос мөнгө, 2013 оны залуучуудын ДАШТ-ээс хүрэл, Москвагийн “Их дуулга”-аас
хүрэл медаль хүртсэн.

-Улаанбаатарын гран при тэмцээнээс
алтан медаль авсан. Манай жүдочид ч нийт 14 жингийн барилдаанаас есөн жинд алтан
медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ?

-Манайхан бүгд сайн барилдаж есөн
алт, арван мөнгө, арван хүрэл медаль хүртлээ. Энэ бүхнийг манай Жүдо бөхийн холбоотой
холбож ойлгох нь зүйтэй. Бидний амжилттай байх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж
өгдөг. Улаанбаатарын гранпригаас өмнөхөн Францад арав хоногийн бэлтгэл хийж бэлтгэлээ
маш сайн хангасан. Улаанбаатарын гранприд тэр бэлтгэлийн үр шим гарч, амжилттай
оролцлоо. Жүдочид маань тэмцээн дуусаад нэг хоногийн дараа шууд олимпийн бэлтгэлдээ
гарч байна. Энэ бүхнийг зохицуулж, төлөвлөж, зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарлаа
хандуулах боломжийг Жүдо бөхийн холбоо, тамирчдын ар гэрийнхэн олгож байгаа юм.
Ганцаараа барилдах гээд хичээгээд амжилтад хүрэхгүй, бидний ард маш олон хүний хүч
хөдөлмөр, сэтгэл зүрх оршиж байдаг.

-Таныг 63кг-д Монгол Улсын гавьяат
тамирчин Ц.Мөнхзаяагийн халааг залгах ирээдүйтэй тамирчин гэж ярьдаг?

-Бид хоёрын барилдааны онцлог ондоо,
гэхдээ Заяа эгчээс сурах зүйл их бий. Заяа эгч маш их тэсрэлттэй, дайчин, эрч хүчтэй.
Бэлтгэл хиймээр санагдтал бэлтгэлээ сайн хийдэг. Төрсөн ч гэсэн эргээд формондоо
ороод олимпод орох гэж байна гэдэг үнэхээр мундаг.

-Анхны Дэлхийн аваргыг төрүүлсэн
хүн бол Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа. Багшийнхаа тухай яриач?

-Хамгийн анх барилдахаар ирээд багштайгаа
уулзсан. Тэр үед ямар хөөрхөн юм бэ гээд л харж байлаа. Манай багш үнэхээр дайчин
хүн. Тэрсхэн гурван жаахан хүүхэдтэй мөртлөө л бидний аваад орон нутгаар тэмцээн
уралдаанд явдаг. Өөрийнхөө хүүхдийг орхиод л хүний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ
тэгж гаргадаг хүн ховор байх. Багшийгаа их хүндэлж явдаг юм. Бидний ээж шиг л бүх
хүнтэй тулж харьцаж ойлгож, дэмждэг.

-Багшийн тань хэлсэн үгнүүдээс санаанаас
чинь гардаггүй тийм үг байдаг уу?

-Багш маань яг дэвжээн дээр гарахаас
өмнө “За миний охин алаад өг” гээд л хэлнэ. Тэр үг дэвжээнд гарахын өмнө маш их
хүч өгөх шиг болдог. Бэртэлтэй байх үед ч “Миний охин олимпод орж амжина аа” гээд
л урам өгдөг байлаа. Би багшдаа айхтар их зэмлүүлж, зодуулж үзээгүй ч ялагдаад шатчихсан,
нервтчихсэн үед багшийн хэлсэн цөөн үг их зүйл бодогдуулдаг юм. Тэр нь дараачийн
барилдаандаа сайн барилдах, өөрийгөө хурцлах хүч болдог. Хамгийн сүүлд Азийн аваргаар
манай жинд түрүүлсэн казак тамирчныг вазари үнэлгээгээр хожиж байгаад сүүлийн гурван
секундэд ялагдсан. Тэр үед яг юу болсноо бодох гэхээр ямар ч гаргалгаа олдоогүй.
Дэвжээнээс бууж ирчихээд юу болчихвоо л гэж бодож байлаа. Тэр үед багш маань гурван
секундэд оноо алдахгүй байх боломж зөндөө байгаа том үнэлгээтэй явж байж тойроод
гүйчиж болно, хэвтсэн ч гэсэн нэг удаа торгоод илт давуу ялж болох байсан гээд л
зөвлөж, зэмлэхийн дунд хэлж байсан. Тэр бүхэн маань эргээд надад туршлага болж өгч
байгаа юм л даа. Тэр алдаагаа давтахгүй байх л чухал.

-Нэг хэсэг бэртлийн улмаас барилдаагүй.
Хэсэг хугацаа завсардсан ч эргээд амжилттай эхлүүлж байна шүү?

-Мөрний бэртлийн улмаас 2015 онд
барилдаагүй. Харин энэ он гараад Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, “Дэлхийн
цом”, Улаанбаатарын гранпригаас алт авлаа. 2016 оны олимпод орох бодолтой байсан
ч орж амжаагүй. Харин 2020 оны олимпод амжилттай оролцох болно. Би өнгөрсөн оны
гурван сард Солонгост хагалгаанд орсон юм. “Женко” клубээс хагалгааны маань зардлыг
даасан, түүнд баяртай явдаг. Хагалгаанд орсны дараа зургаан сар болоод бэлтгэл хийж
болно гэсэн боловч найман сар хийж чадаагүй. Тэсэхгүй, бэлтгэл хиймээр санагдсан
ч олон хүний хөдөлмөрийг баллахгүй дээ гэж их хичээсэн, зааланд орох болгондоо өөртөө
хэлээд л ордог байлаа. Олимпод орох тамирчдын нэрст 13, 14-т явдаг байсан бол сүүлдээ
нэр маань доошлоод бүр байхгүй болоод ирсэн. Тэр үед их хэцүү байлаа, бүх юм дуусчихсан
юм шиг л. Дахиж барилдаж чадахгүй нь гэсэн бодол их төрсөн дөө. Барилдаж эхлээд
эхний хэдэн тэмцээнүүд амаргүй байлаа. Анх барилдаж эхэлж байгаа хүүхэд шиг бие
маань нэг л өөр байсан. Бас хүмүүс “Өө, мөр гэмтсэн бол одоо нэмэргүй. Одоо барилдахаа
боль” гээд л сэтгэлээр их унагадаг байлаа. Тэр сэтгэлзүйн дарамт бүр сэтгэлийн хаттай
болгож, тэвчээртэй болгосон гэж бодож байна. Би сайн сайхныг бодож, сайхан энерги
хуримтлуулбал бүх зүйл бүтнэ дээ л гэж боддог.

-Үлгэр дуурайлал авдаг тамирчин
байна уу?

-Хамт бэлтгэл хийж байгаа тамирчдаасаа
сурах зүйл их байдаг. Хөлсөө урсгаж амжилт өөд тэмцүүлж байгаа учраас бүгд л мундаг,
тиймээс хүндлэхээс өөр яах билээ.Шигшээ багийн тамирчид, Женко клуб, Монгол Улсын
гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр багш, бэлтгэлийн дүү нартаа баярлаж явдгаа хэлмээр
байна.

-Жингийнхээ тамирчдаа хэрхэн судалдаг
вэ?

-Тэмцээн уралдаанд барилдах тамирчдынхаа
бичлэгийг үздэг. Би жингийн тамирчидтай бараг бүгдтэй нь барилдаад үзчихсэн. Олон
улсын тэмцээний дараа хамтарсан бэлтгэлүүд хийдэг тэр үед гол өрсөлдөгчидтэйгөө
барилдаад үзчих боломжтой. Тийм болохоор энэ тамирчин ийм онцлогтой, ингэж барилддаг
даа гэсэн багцаатай болчихдог. 2012 оноос хойш олимпоос бусад тэмцээнүүдэд явсан
байна. Жилдээ арваад тэмцээнд явчихдаг юм.

-Шигшээ багийн тамирчид хэдэн цагийн
бэлтгэл хийж байна вэ?

-Шигшээ багийнхан өглөө, орой хоёр
бэлтгэлтэй байдаг. Өглөө гурван цаг, орой бас 16 цагаас 19 цаг хүртэл нийтдээ зургаан
цагийн бэлтгэл хийнэ. Харин тэмцээний өмнөх долоо хоногт бэлтгэлээ багасгачихдаг.
Тамирчин хүн барилдсаныхаа дараа харамсахгүйн тулд дэвжээн дээрх дөрвөн минутад
бүхий л зүйлээ шавхах хэрэгтэй байдаг. Тиймээс бэлтгэлээ сайн хийх нь чухал. Риогийн
олимпод 13 жинд жүдочид өрсөлдөнө, бүгд л хичээж байгаа.

-Риогийн олимпийг үзэх үү?

-Үзнэ гэж бодож байгаа. Дараачийн
олимпод бэлтгэгдэж байгаа тамирчдаа авч явдаг.

-Завтай үедээ юунд цагаа зориулдаг
уу?

-Завтай үедээ гараар хатгамал оёх
дуртай. Одоо даалин оёж эхэлж байгаа.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *