Дөрвөн жил тутамд болдог “Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн дунд бүсийн чуулган” Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтад Ази Номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагын төлөөлөл болох 100 гаруй зочин, дотоодын 80 гаруй гишүүн оролцож байна.
Хурлаар Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулдаг, хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, тэдэнд тулгамдаж буй асуудал, Монголын хараагүй иргэдийн амьдралд дэлхийн сайн туршлагаас суралцан нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэж байна.
Тус хуралд УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд С.Чинзориг оролцож харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан гол асуудлын талаар ярив. Тэрбээр “Харааны бэрхшээлтэй иргэдэд халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшингээс доогуур олгогдож буй нь тэдний амьдралд хүрэлцэхгүй байна. Тиймээс халамжийн тэтгэмжийг амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэх, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага үүссэн. 2019 оны төсөвт халамжийн хуулинд өөрчлөлт орж, халамжийн тэтгэмжийг амьжиргааны түвшинтэй дүйцүүлж олгохоор хуулийн төсөлд тусгасан. Мөн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгодог зээл тусламжид харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулах нөхцөл боломжоор хангах юм. Тухайлбал, сангуудаас олгож байгаа зээлийн тодорхой хэсгийг харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөв хөтөлбөрт зарцуулах юм. Эдгээр сангийн зээл нь голдуу цахимаар явагддаг болохоор тэдгээр иргэд тендерт оролцох боломжгүй байдаг. Энэ талын нөхцөл боломжийг хангаж бариал үсэг суурилуулахыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан хүнийг харааны бэрхшээлтэй гэж үздэг. Монгол улсын хэмжээнд 16 мянга орчим харааны бэрхшээлтэй хүн байгаагаас 4,6 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг.
Энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч /МХҮХЕ/ Д.Гэрэл хэлэхдээ, “Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төв”-д 320 хүн хамарснаас 70 орчим хувь нь массажистаар ажиллаж байна. Хараагүй иргэдийн дийлэнх хувь нь массажист болон хараагүйчүүдийн үйлдвэрт ажилладаг.
Бусад орны хараагүй иргэд компьютер, интернетийн мэдлэг эзэмшин хүмүүст мэдээлэл өгөх зэрэг ажил хийдэг. Энэ талаар судлан, бусад орны сайн туршлагыг нэвтрүүлнэ. “Хараагүйчүүдийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”/ХМСҮТ/ -д бүрэн хараагүй хоёр хүнийг хамруулж, компьютер дээр ажиллах чадварт сургасан нь Нийгмийн даатгалын хэлтсийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх “Call center”-д амжилттай ажиллаж байна. Хараагүй хүмүүсийг ажил хийж чадахгүй гэж дүгнэдэг нь буруу. Хэрэв багахан дэмжлэг үзүүлээд, эхлэлийг нь тавиад өгвөл бидэнд боломж бий. Хараагүй иргэнийг ажиллуулаагүй аж ахуй нэгж, байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувиар торгууль төлдөг. Мөн хараагүй хүүхдийн боловсролын асуудал орхигдоод байна. Харааны бэрхшээлтэй хүүхэд багаасаа боловсрол эзэмшихгүй бол халамжлуулагч болж хувирдаг. Хөдөө орон нутгаас эцэг эхчүүд 7, 8 настай хүүхдээ сургуульд оруулахаар ирдэг. Гэвч хүүхдийг сургах бариал ном, сургалтын зардал байдаггүй. Энэ тухай эрх баригчдад ярьж хэлдэг ч бодит амьдрал дээр шийдвэрлэсэн зүйл алга. Тиймээс хөрсөн дээр буусан шийдвэр гаргаж, бидний оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлээсэй гэж хүсч байна” гэв.
Хуралд орон нутгийн төлөөлөл идэвхтэй оролцсон бөгөөд МХҮХ-ны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Д.Мөнх-Эрдэний сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Улс орнууд хараагүй хүмүүсээ хэрхэн дэмждэг, ямар туршлагаар ажилладаг тухай судалж, мэдэхийн тулд өнөөдрийн чуулга уулзалтад оролцож байна. Би FM-радиогийн салбарт 2000 оноос хойш ажиллаж байна. Төрөөс хараагүй хүмүүст чиглэсэн бодлого алга. Хараагүй иргэдэд тохирсон ажлаар хангах, тэдэнд хөдөлмөрлөх боломж ологохыг хүсч байна. Харааны бэрхшээлтэй хүнийг жаахан л дэмжээд өгөхөд төр, хувийн хэвшилд ч ажиллах бүрэн боломжтой. Миний хувьд алхам тутамд бэрхшээл тохиолддог. Ялангуяа хараагүй хүмүүст зориулсан зам байдаггүй нь өдөр тутмын ажилд саад болдог. Мөн зам хөндлөн гарахад дуут гэрлэн дохио, лифтэнд суухад дууны төхөөрөмжтэй байвал илүү хялбар” байх боловуу гэлээ.
Чуулга уулзалтад хараагүй иргэдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд тэдний гар ажиллагааг хөнгөвчлөх технологийг ч танилцуулж байв. Хараагүй иргэн уншиж, бичих боломжтой компьютер байсан юм. Тус компьютер нь Ази, Европын орнуудын хэрэглээнд бүрэн нэвтэрсэн бөгөөд өнгөрсөн онд тусламжаар 116 дугаар сургуульд нэг ширхэгийг өгсөн байна. Чуулга уулзалт энэ сарын 9-12-ыг хүртэл үргэлжилнэ.