Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улс орон даяар үргэлжилж байна. Энэ удаагийн санал хураах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх боломжоор хангаж ажиллах тал дээр нэлээд анхаарч ажилласан гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн.
Энэ дагуу харааны бэрхшээлтэй иргэд брайль үсэг ашиглан саналаа өгч байгаа юм. Тодруулбал сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгожээ.