Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар машин ба калкулятор

Улс төрийн намууд сонгуулийг шударга явуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэд сонгуулийн саналыг хар машинаар биш гараар тоолохыг шаардлаа. Ингэхдээ “Луйврын хар машингүй шударга сонгуулийн төлөө”, “Цагаан морин жилийн ардчиллыг хар машин булшиллаа”, “Шилэн сонгууль хийцгээе”, “Хар машин+АН=Луйвар” зэрэг лоозон барьсан байв. Намуудын байр суурь ийм байна. Монголд хэн юу ч гэж хэлэх эрхтэй. Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чөлөөг тэртээх цагаан морин жилийн үйл явдал тунхагласан билээ. Тиймээс 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл монголчууд нэг нэгнийхээ үзэл бодолд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Хар машин гээчийг хүмүүс сайн мэддэг болсон. Энэ бол сонгуульд нэр дэвшигчдэд өгсөн иргэдийн саналыг автоматаар тоолдог төхөөрөмж. Нэг ёсондоо хүний оролцоогүйгээр саналын хуудсыг өөрөө тоолж, эцсийн хариуг гаргадаг юм. Ямар сайндаа “Хар машинд программ бий, хазгар өвгөнд учир бий” гэх хэлц үг гаргасан байхав дээ. Намуудын тавьж байгаа гол шаардлага нь хар машинаар гарсан саналын хариуг гараар тоолсон дүнтэй тулгая гээд байх шиг. Хэрэв хоёр хариу яв цав таарч байвал цаашид сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг зөвшөөрөх юм байна. Энэ үйл явдлыг харахаар дээхнэ үеийн хөгжилтэй явдал санаанд орох юм аа. Орчин цагт бидний хэрэглэдэг электрон тооны машин манай улсад 1980-аад оны дунд үеэс анх нэвтэрч байж билээ. Улаан, ногоон өнгөөр тоонууд нь дурайх тэр хавтгай дөрвөлжин эдийг калкулятор гэж нэрлэж хэвшсэн. Үүнд хүссэн тоогоо оруулаад нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлийг хийнгүүт хормын дотор хариуг нь гаргаад ирнэ. Хэдэн цаг, минут зарцуулан байж боддог тоонуудын нийлбэрийг тэр дор нь хэлээд өгдөг калкуляторт тухайн үед нягтлангууд итгэдэггүй байв. Захын нягтлан бодогч “Энэ жижигхэн машинд итгээд яахав дээ” гээд хятад сампингаа нүдэж өгдөг байсан сан. Хэрэглэж сурсан юм болохоор тэрэндээ жигтэйхэн их дуртай. Сампингаараа тоогоо бодохдоо уянгалуулан дуудна гээч. Жишээлбэл, 125675 гэсэн тоог “Нэгэн зуун хорин таван мянга, зургаан зуун далан таван мөнгөн цэг ээ” гэж дуудан сампингаа балбаж өгдөг байсныг хуучны үеийн нягтлангууд андахгүй. Тухайн үед худалдааны нягтлангууд өнөөдрийнх шиг хэдэн арван тэрбум, их наядаар нь тоо бодохгүй. Үсрээд л нэг саяын дотор нэмж, хасаад тайлан баланс гаргана. Энэ зэргийн тоог бол калкулятороор ёстой нүд ирмэхийн зуур л бодно шүү дээ. Тэгтэл нябо нар тооны машинаас урьдаас удаан ч гэсэн сампиндаа илүү итгэдэг байв. Тэр байтугай калкулятороор бодсон тооны хариуг үнэн эсэхийг нь нягтлахын тулд сампингаар гурав хоногийн турш нүдсэний эцэст тулгаж байсан гэдэг. Тэгснээ “Сонин юм гээч, яг мөргөж байна шүү” гээд гайхацгааж байсныг нь одоо бодохоор үнэхээр хөгтэй. Улс төрийн намуудын хар машинд эргэлзэж буй үйл ажиллагаа яг л тэр үеийг санагдуулаад байх юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *