Сайн байна уу? Чамд минь энэ захиа хүрэх мөчид бид хоёр аль хэдийнэ хууль ёсны эхнэр нөхөр болж, сүүн цагаан хуримаа хийчихсэн байх болно гэж бодохоор сэтгэлд багтаж өгөхгүй тийм их аз жаргал ундрах юм. Тийм ээ, хоёулаа нарт хорвоод учраад багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч чамдаа чин сэтгэлээсээ гэнэтийн бэлэг барьж байсан минь үнэхээр цөөхөн санагдана. Тиймээс энэ сайхан хуримын өдөртэйгөө давхцуулан сайн хань, сайхан залуу чамдаа сэтгэл зүрхнээсээ гэнэтийн бэлэг барихаар шийдлээ. Зөндөө олон хоног чамдаа ямар сюрприз барихаа бодсоны эцэст энэ хувилбарыг сонгосон юм шүү. Сүйт залуу минь чамд таалагдана гэдэгт сүйт бүсгүй би чинь итгэлтэй байна.
Хүмүүний орчлонд “Уулзах ёстой бүхэн уулзаж, учрах ёстой бүхэн учирдаг’ гэсэн сайхан үг бий. Яг л үүнтэй адил бид нэг л өдөр чамайгаа харийн оронд байхад хүртэл уулзаад учирчихсан, одоо хайрын бэлгэдлийн дээд сүйн цагаан хуримаа хийх гээд зэхэж сууна. Нарт ертөнцөд заяасан хувь заяаныхаа тухай бодолд хэдэн өдөр өнжлөө. Энэ хэдэн өдөр өөрийгөө ямар их азтай хүн, энэ орчлонгийн хамгийн аз жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрлээ.
Учир нь надад миний гэсэн бүх юм байна. Аз жаргал минь дэргэд минь байна. Төрүүлж өсгөсөн эцэг, эх минь дэргэд өтөлж, удам залгах үр минь эрүүл саруул өсч, хамгийн гол нь охин бид хоёрынхоо төлөө бүхнээ зориулдаг, амьдралын минь гэрэл гэгээ, бүсгүй миний өмөг түшиг болсон чи минь дэргэд байгаа учраас надад энэ хорвоод өөр юу ч хэрэггүй. Зөвхөн хань минь чи л наддаа нандин бэлэг. Чи минь анх намайг үнэтэй машин, тансаг бэлгээр нүдийг минь хуураагүй ч өнөөдрийг хүртэл чин сэтгэл, уян зөөлөн ааш, хайр халамжаар хэзээ ч дутаагаагүй. Хайр халамж чинь надад юунаас ч илүү үнэ цэнтэй зүйл байсан юм шүү.
Анх чамтайгаа учирахад чи минь өмсөх дуртай гурван саарал өмднийхөө нэгийг өмсчихсөн, урт үстэй энгийн хэрнээ миний л нүдэнд чамаас өөр сайхан, ганган залуу харагдаагүй юм даг. Цаг хугацааны хүрд яасан хурдан эргэлдэн өнгөрнө вэ. Яг л кино шиг…Бид хоёрын туулж өнгөрүүлсэн кино шиг амьдралын мөч бүхэн үнэтэй. Өнгөрсөн хугацаанд хоёулаа хайр дурлалаар жигүүрлэсэн хөл газар хүрэхгүй л гэнэн хосууд явсан бол бидний хайраас хөөрхөн охин цэцэглэж, хоёулаа аав, ээж болж хариуцлага ч нэмэгдсэн. Сургуулиа ч төгсч нэгэн үе ажилтай, ажилгүй байж үзлээ. Амьдралын эрээнтэй бараантай үеийг туулж, ажилгүй гэж аав, ээждээ зэмлүүлэх өдөр ч байлаа. Эргээд бодоход амьдрал чи бид хоёрт их зүйл ухааруулжээ. Хорвоогийн хатуу мэт санагдах олон ч бартааг хамтдаа давсан гэж би бодож байна. Дахиад хэзээ ч чи бид хоёрт хорвоо хатуу санагдахгүй харин ч хамтдаа гэрэлт ирээдүйнхээ төлөө зүтгэх болно. Хичээх болно.
Тиймдээ ч чамтайгаа бие сэтгэл зүрхээрээ нэг хүн болж эх орондоо гэр бүлийн тоог нэгээр нэмж өрх тусгаарлаж байгаа билээ.
Энд нэгэн үйл явдлыг цохон чамдаа баяр хүргэмээр байна. Учир юу вэ гэвэл чиний минь гурван жил нойр хоолгүй зүтгэж, хөдөлмөрлөсний үр дүнд манай гэр бүл өөрийн гэсэн үйлдвэртэй болсон. Бүхэл бүтэн үйлдвэр босгоно гэдэг амаргүй ажил тиймээс чамдаа тусгайлан баяр хүргэж, чинийхээ хөдөлмөрөөр бахархаж байгаагаа хэлмээр байна. Тухайн үед нүүрэндээ ил гаргаж сүйд болтол баярлаагүй байж санагдах юм. Гэвч сэтгэл дотроо баярын нулимс унагаж, надаас илүүтэйгээр догдолж байсан хүн байхгүй болов уу. Намайгаа баярласан ч уурласан ч гадагшаа гаргаж чадалгүй дэмий л сэтгэл дотроо л шингээдэг занг маань. Би чинь сэтгэлдээ чамаараа бахархаж, өөрийнхөө зүгээс чадах бүхнээрээ тусалж дэмжих юмсан гэсэн бодолтой явдгийг минь чи минь энэхүү захианаас минь ойлгож байгаа байх.
Чиний минь уян зөөлөн, хариуцлагатай зан чинь манай гэр бүлийн аз жаргалын гол түлхүүр нь гэдгийг хэлье. Өдөр болгон бид хоёртоо урмын үг хэлж, хайртайгаа илэрхийлж наргианч зангаараа баяр хөөр авчирч байдаг чамдаа баярлалаа.
Ичимхий хэрнээ хатуу ширүүн зантай хань нь чамдаа цаг зав гаргаж зөөлөн дулаан үг хэлэх нь цөөхөн байдаг бол ханийгаа уучлаарай. Заримдаа нууцхан чамаасаа суралцаж уян зөөлөн занг тань хэлж давтаж байсан удаатай ч чинийхээ хэмжээнд хүртэл зөөлөн байж чадахгүй л байна.
Хэзээ ч билээ дээ хичээж хичээж чамайгаа “Хонгор минь” гэж дуудахад чи минь “Мангар минь” гэж сонсож билээ. Би чинь тийм л муухай үгийг ихэнхдээ хэлж чихэнд чинь хоногшуулж дээ гэж хичнээн их өөрөөсөө ичиж, дотоод сэтгэлдээ бясалгав даа.
Миний хувьд баян ядуу, баяр хөөр, өвчин зовлон, ажил мэргэжлийн онцлог гээд юу ч тохиолдсон охинтойгоо гурвуулаа, хамтдаа л байвал юуг ч даван туулах итгэл надад аяндаа бий болдог. Ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Тэр итгэлийг чамаасаа олж харж илүү их урам зориг ордог. Тиймдээ ч “Надтай гэрлээч” гэсэн саналыг тань ямар ч эргэлзээгүйгээр хүлээж авсан юм шүү… Хань Д.Хаш-Эрдэнэ чамдаа хязгааргүй их хайртай шүү.
Чамд дурла гэж сэтгэл минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн юм шүү
Охин Х.Мишээл
Гэргий М.БАЯСГАЛАН