Categories
мэдээ нийгэм

Ханиаднаас сэрэмжлүүлэв

Хүйтний улиралтай зэрэгцэж, ханиад томууны дэгдэлт нэмэгддэг энэ үед Эрүүл мэндийн яамнаас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлгийг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт “Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн респиратор синцитиал вирус, аденовирус, риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиал вирус нь уушгины завсрын эдийг гэмтээж, бага насны хүүхдэд хүнд хэлбэрийн хатгалгаа үүсгэж хүндэрдэг. Иймд эцэг эхчүүд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авахыг сануулъя” гэжээ. ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөгөөр хүүхдээ дулаан хувцаслаж, дааруулахгүй байхад нь юун түрүүнд анхаараарай. Хүүхдээ ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байж, сайтар асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй гэв. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэвэр сахиж, гараа сайтар савандаж угаах, бохирдсон гараа нүдэнд хүргэхгүй байхыг зөвлөв.

Гэр орноо дулаан байлгаж, чийгтэй цэвэрлэгээг хийж, өрөө тасалгааг хоёр цаг тутам агааржуулах хэрэгтэй гэнэ.

Хүйтэн сэрүүний цагт амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, буцалсан бүлээн шингэн ууж, цэгэн иллэг хийж хэвшвэл ханиад томуунаас сэргийлнэ. Хүүхдэдээ дур мэдэж антибиотик өгөхөөс татгалзаж, эмчид хандахыг ЭМЯ-наас эцэг эхчүүдэд онцгойлон зөвлөсөн юм.

С.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *