Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан түлшний талаарх ээлжит мэдээлэл хүргэлээ.
Амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэсэн нийт 14 дуудлага ирсэн. Гэхдээ энэ нь хөнгөн хэлбэрийнх. Одоогоор угаарын хийн хордлогоор хэвтэн эмчлүүлж байгаа хүн алга. Харин ханиад томууны дуудлага эрс ихэссэн. Ханиадны шинж тэмдгээ угаарын хийтэй холбож ойлгох асуудал гарч байгаа. Түргэн тусламжид хандсан хүмүүсийн ихэнх нь ханиад хүрсэн болохыг эмч нар хэлж байна.
Ес эхэлж, цаг агаар хүйтэрч байна. 2017 онтой харьцуулахад хүйтний эрч 19,3 болж, гурван градусаар хүйтэрсэн байгаа. Тийм болохоор аль болох дулаалж ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор хүрэлцээ, тараалт тааруу байна гэдэг санал гомдол гарч байгаа. Тиймээс өнөөдрөөс 27 ширхэг туулах чадвартай “Зил 131” машин түгээлт хийж эхэлнэ. Туулах чадвартай эдгээр машин нь аль болох өндөрлөг газарт хүрч очиж, түлшээ тараах юм. Одоо байгаа борлуулалтын цэг дээр нэмэлтээр ийм машин гаргаж байгаа юм.
Мөн буруу галлагаа ч байна. Нийслэлийн хэмжээнд зургаан газар өндөрлөг цэг дээр ажиглалт хийсэн. Өглөө утаагүй сайхан байж байгаад есөн цаг болоод эхлэхээр сааралтаад утаа үүсээд ирж байгаа юм. Тэгэхээр зарим газар нарийвчлан шалгалт хийсэн. Айл өрхүүд өдөр оройдоо сайжруулсан түлшээ түлж байгаад орой унтах болохоор түүхий нүүрсээ түлж байгаа зөрчил нэлээд илэрсэн байгаа. Гэнэтийн шалгалтаар 34 өрхийн 82,8 тонн түүхий нүүрсийг хурааж аваад Багануурын нүүрсний үнэтэй дүйцүүлж, мөнгийг нь өгөх арга хэмжээ авсан. Ер нь цаашдаа айл өрх, аж ахуйн хэрэгцээнд байнга шалгалт хийнэ.