Галбын цэнхэр говийг хөндлөн гулд туулаад Номгон гэх дүнхийсэн хөх уулыг чиглэн давхилаа. Удалгүй говийн намхан бор толгод давж малчин Л.Отгондүү, А.Буд нарын гэрийн гадаа хүрч очлоо. Намрын салхи чөлөө завгүй салхилж, өрхний оосор бүч гэрийн дээврийг балбаж, салхины аясаар гэрийн яндан сэнсрэн дуугарах ажээ. Зорьж очсон айлын гэрийн гадаа арав гаруй ингэ зогсож, хэвтэх нэг нь хэвтсэн байдалтай байв. Эх нь үхсэн ботгонууд чөлөө завгүй буйлж, том том нулимс унагаад зэлээ тойрох нь өрөвдөлтэй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээний үл мэдэгдэх өвчин гарч, айлын арав гаруй тэмээ үхсэн гэх мэдээллийг аваад нийслэлээс хөдөлж, сурвалжлага бэлтгэхээр зорьсон газартаа хүрч ирээд байгаа нь энэ.
Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд гэрт орцгоолоо. Л.Отгондүү гэх 40 гаруй насны эр “Хэдэн тэмээгээ үхүүлээд л сууж байна. Юунаас болоод яагаад үхээд байгааг тогтоох газар Монголд олдохгүй л юм шиг байна. Сум аймгийн эмч нар ирж үзлэг хийсэн. Бүр задлан хийгээд дээж аваад явсан. Шинжилгээний хариу нь бидэнд албан ёсоор ирээгүй байна. Гэхдээ ямар өвчин бэ гэдгийг тогтоож чадахгүй байгаа гэсэн хариуг аймгийн малын эмч нар өгсөн. Яахаа мэдэхгүй болж аргаа бараад сууж байна.
Манайх гэдэг айл хэдэн үеэрээ тэмээ маллаж ирсэн. Говь нутагт тэмээ ингэж олноороо үхэж байгааг үзээгүй. Энэ талаар сонсож байгаагүй” гэж байлаа. Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэнгийнх гэх гурван хот айл 200 гаруй тэмээтэй юм байна. Намар ингээ саадаг гэнэ. Иймд 30 гаруй ботготой тэмээгээ гэрийнхээ гадаа аваад үлджээ. Харин бусдыг нь хээрээр маллаж байгаа аж. Өнгөрсөн сарын 13-нд хүрэн ингэ нь гэнэт л босч чадахгүй болчихсон гэнэ. Өргөөд босгохоор урд хоёр хөл нь тэнийхгүй. Босоод зогслоо гэхэд хамаг бие нь салгалаад, амнаас нь шүлс асгараад байсан гэнэ. Өндөр хэмтэй халуурч байгаа бололтой шинж тэмдэг илэрч байсан аж. Ингээд эхний тэмээ үхжээ. Нэг зэлний арав гаруй ингэ ийм маягтай өвдсөн гэнэ. Ингэхээр нь сумын мал эмнэлэгт “Манай нэг ингэ үхчихлээ. Урд хоёр хөл нь татаад бүх бие нь салгалж байгаад үхлээ” гээд дуудлага өгчээ.
Шинжилгээний хариу гарсан ч ямар өвчин болохыг тогтоож чадаагүй гэнэ
Сумын эмч нар ч дуудлага өгсөн даруйд ирсэн байна. Ирж үхсэн ингэ болон бусад ингэнд үзлэг хийжээ. Гэхдээ ямар өвчин гэдгийг тогтоож чадахгүй гэдгээ шууд хэлсэн байна. Учир нь тэмээ дээрх шинж тэмдэг бүхий өвчнөөр үхэж үрэгдэж байсан тохиолдол байхгүй гэнэ. Сумын малын эмч нар аймгийн төвд мэдэгджээ. Сумын ИТХ-ын дарга аймагт ажлаар явж таарсан болохоор Өмнөговь аймгийн малын эмч нарыг өвчин гарсан газар аваад очжээ. Аймгийн эмч нарыг ирэх үед таван тэмээ үхээд байсан аж. Бүгд нэг ижил шинж тэмдгээр үхсэн байна. Аймгийн малын эмч нар үхсэн тэмээнүүдэд задлан хийгээд бүгд л шулуун гэдсэнд нь бага зэргийн цус хурсан байгаагаас өөр тодорхой шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. Дөрөв хоногийн дотор найман тэмээ нэмж үхсэн гэнэ. Энэ байдлаараа 20 гаруй ингэний урд хоёр хөл нь саажиж, өвс идэж, ус уухаа байжээ. Үхсэн тэмээний эд эсээс дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид явуулсан байна. “Шинжилгээний хариу гарахыг хүлээнэ. Шинжилгээний хариу гарчих юм бол дахиж ирнэ. Ямар өвчин бэ гэдгийг тогтоосны дараа бид ирж дараагийн арга хэмжээг авна. Тэр болтол ямар нэгэн эмчилгээ хийхгүй” гэж хэлээд явжээ. Ингээд ор сураггүй болцгоосон байна. Тэр хооронд тэмээнүүд үхсээр байгаа аж. Сум, хоршооны малын эмч нар ээлжилж А.Отгондүүгийнд байрлаж байгаа гэсэн. Ханбогд сумын Номгон багт тэмээ халдварт өвчний улмаас үхэж үрэгдээд байна уу, эсвэл ямар нэгэн зүйлд хордсон байна уу гэдгийг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байна. Гэхдээ гэрийн эзэд буянт малаа үл мэдэгдэх өвчнөөр үхэж үрэгдээд байгааг зүгээр хараад сууж чадалгүй сумын төв, аймаг дээрээс эм тариа авчирч хийж эхэлсэн гэнэ.
Их үдийн алдад хоршооны багийн эмч Бадамханд, Л.Отгондүү болон эхнэрийнх нь хамт гарч тэмээнүүдэд тариа тарив. Дөрвөн хөлийг нь тушиж хатуу хийж байгаад унагаж, толгой дээрээс нь дарж байгаад зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах эм болон олон төрлийн витамин тарилаа. Ингэнүүдийг бурантагнаас нь татаж хөтлөх гэхээр урд хоёр хөл нь саажилттай болчихсон юм шиг эв хавгүй гишгээд газарт унаад өгөх юм.
Тэгснээ хамаг бие нь татваганаад тийчилж, толгойгоороо газар саваад унав. Нүд хальтирмаар дүр зураг харагдах ажээ. Олон хоног ус ууж, өвс идээгүй ингэнүүдийн гэдэс махийчихсан байна. Ботго нь өвчтэй эхийнхээ сүүгүй мөөмийг хөхөх гэж оролдоод байх юм. Харин эх нь үхсэн ботго эздийнхээ сэтгэлийг сэмэртэл өдөр шөнөгүй буйлах. Хаа нэгтээгээс эх нь гараад ирэх юм шиг алсыг харуулдаж зогсоод буйлах юм. Удалгүй юу болов гэмээр тэмээний зэл, хашааг тойроод л тэшээд байх. Эх нь үхсэн ботго ийм өрөвдөлтэй болдог ажээ. Сар орчим л эздийнхээ сэтгэлийг сэмлэж, зүрхийг шимширтэл буйлж байна. Цаашаа хэдэн хоног өдөр шөнөгүй эхийгээ үгүйлэх ботгоны уйтай буйлах дуу сонсохыг бүү мэд. Арав гаруй ингэнд тариагаа хийж дуусгалаа. Ямар нэгэн зүйлд хордсон юм биш байгаа гээд хордлого тайлах натри бөөнөөр нь хийсэн байна. Гэтэл тусыг эс олж бүр хурдан үхэж эхэлжээ. Тэгэхээр нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон олон төрлийн витамины агууламжтай тариа хийж байна лээ. Биднийг очих үед банкнаас малчны зээл аваад гурван сая орчим төгрөгийн эм, тариа авчээ. Эм, тарианд зүгээр болчих юм болов уу гэж горьдохдоо л хийж байгаа гэсэн. Мөн шар будааны шүүс амаар нь өгч байв.
Л.Отгондүү “Говийн хаан юмсан. Юунаас болдог юм бол доо. Ямар нэгэн шалтгаантай болоод л ингэж үхээд байх шиг байна. Халдварт өвчин байж магадгүй гэж таамаглаж байна. Бие биендээ өвчин нь халдаад байх шиг санагдаад байна. Гэхдээ ботгонууд нь өвчлөхгүй болохоор гайхаад байх юм. Ингэж олноор үхээд байхад улсаас огт анхаарахгүй байгаад гайхаж байна. Уг нь энд тэнд малын өвчин гарлаа гэхэд улс даяар шуугиан болоод, тэр газарт хөл хорио тогтоож, харуул хамгаалалт гаргаад сүйд болдог биз дээ. Гэтэл чиний мал үхэж байгаа нь бидэнд хамаагүй гээд хаяж байгаа юм шиг холбогдох газрууд нь алга болчих юм. Мал чинь төрийн өмч гэдэг биз дээ. Сүүлдээ айх юм. Галбын говийн ганган хүрэн тэмээг устгаж үгүй болгох халдварт өвчин юм биш байгаа. Миний хэдэн тэмээ үхээд дуусдаг л юм байгаа биз. Улсдаа тэмээгээр тэргүүлдэг сум, тэр тусмаа сүүлийн үед ховордоод байгаа Галбын говийн ганган улаан тэмээ тэр чигтээ устаж үгүй болчих вий дээ. Муу ёрлож байгаа юм биш. Ямар өвчин бэ. Халдвартай юу, халдваргүй юу гэдгийг нь бүрэн тогтоох ажлыг хурдан шуурхай хийхгүй удаад байгаад гайхаад байх юм. 20 гаруй хоног гэдэг бага хугацаа биш” гэлээ. Үхсэн арав гаруй тэмээг гүнзгий нүх ухаж байгаад булсан байна.
Тэмээнээс үхэрт халдварлажээ
Өдөржин салхилсан салхи орой нар жаргах үед намдав. Хэдэн үеэрээ мал дагаж өнөөг хүрсэн Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн нарынх үл мэдэгдэх өвчний улмаас нэг ч тэмээгүй болох вий гэсэн айдастай сууцгааж байна лээ. Айл саахалтынхан нь бүгд тэднээс дайжаад нүүжээ. Сум орон нутаг, аймаг, Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн газар, хүрээлэн гээд малтай холбоотой төрийн олон газар байх боловч арав гаруй тэмээ үхээд байхад анхаарал огт хандуулахгүй байгаа нь хачирхалтай.
Өнчин ботгоны буйлаан дунд арайхийн нүдний хор гаргаад өглөө эрт босов. Малаас хүнд халдварладаг өвчин байвал энд байгаа найман хүн бүгд амь насаа алдах эрсдэл дунд амьдарч байна.
Зүүн хойд талд бор толгодын цаахна том том шувуу эргэлдээд байлаа. Үл мэдэгдэх өвчин туссан хар ингэ тэндээсээ хөдөлж чадахгүй үхсэн байж магадгүй гэж гэрийн эзэд хэлэв. Шувуу бужигнаад байгаа газарт очлоо. Хар ингэ үхээд хоножээ. Тэмээ үхсэн газраас холгүй мөн л шувуу бужигнаад байгаа харагдлаа. Холоос харахад тэнд хоёр үхэр байв. Нэг нь хэвтчихсэн. Нөгөөх нь зогсож байлаа. Ингээд яваад очтол нэг үхэр нь үхжээ. Л.Отгондүүгийн хээр хоносон үхэр юмсанж. Ирэх жил тугалах гунж нь үхчихсэн байна. Шүдлэн үхэр нь удахгүй үхэх гэж байгаа бололтой. Хамаг бие нь салгалаад амнаас нь шүлс, хөөс сахарчээ. Зогсож байгаа газраас нь холдуулах гэсэн боловч урд хоёр хөл нь хөдөлж чадахгүй болчихсон байлаа.
Үргэлжлэл бий>>