Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс заслын тасгийн нээлтэд оролцлоо. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, “Баянзүрх эмнэлэг ХХК”-ний санхүүжилтээр баригдаж буй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын ажилтай тус тус танилцлаа.
Хан Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл, мэс заслын тасгийн нээлтийн үеээр Нийслэлийн Засаг дарга С.Батболд үг хэллээ.
Тэрээр “Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр олон арга хэмжээ, төслүүд тусгагдсан байгаа билээ. Тэр зорилтуудын нэг бол алслагдсан дүүргүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нь олшруулах зорилт тусгагдсан байгаа юм. Манай дүүргийн нэгдсэн эмнэлгүүд сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэр төрөл цөөрч гуравдугаар шатлалын эмнэлэг рүү ихэнх үйлчлүүлэгч нар явдаг. Ингээд Улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын боловсон хүчин болон тоног төхөөрөмжийн хангалт муудсан зэрэг нөхцөл үүсдэг байсан. Нэг сая гурван зуун мянган хүн амтай том хотын иргэд ялангуяа алслагдсан дүүрэг, хороодын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай үзүүлэх явдал нь чухал байна. Хотын иргэд хөдөө орон нутгийн иргэдтэй хамт гуравдугаар шатлалын эмнэлэгт оочирлож , ачаалал үүсгэх биш өөрсдийн нөөц боломжийг ашиглан энэ эмнэлэгтээ тусламж үйлчилгээ авдаг зорилтыг дэвшүүлсэн. Энэ жил нийслэлийн гурван дүүрэгийн эмнэлэгт мэс заслын тасгийг шинээр нээж байгаа. Түүний нэг нь Хан-Уул дүүргийн мэс заслын тасаг. Хан-Уул дүүрэг нийт 160 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг . Уг мэс заслын тасаг нээгдсэнээрээ мэс заслын тодорхой өвчинд үйлчлэхээс гадна гэмтлийн хагалгаануудыг хийх юм. Сүүлийн жилүүдэд хотжилтой холбоотойгоор осол гэмтлийн тоо нэмэгдсэн. Мөн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг төвлөрсөн дулаанд холбож өгсөн нь энэ жилийн томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болсон юм. Боловсон хүчний хувьд гуравдугаар шатлалын эмнэлэг дээр сургалт хийсэн. Хан-Уул дүүрэг бол Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарч боловсон хүчнээ сургах, шаардлагатай эмчийг дуудлагаар, гэрээгээр ажиллуулах ажлууд хийгдэж байна. Цаашдаа боловсон хүчнээ өөрсдөө хангах тал дээр ажиллаж байна” гэв.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Я.Энхтөрөөс шинээр нээгдэж буй мэс заслын тасгийн талаар тодруулаа.
-Мэс заслын тасаг нь ямар хагалгаанууд хийх боломжтой вэ?
-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 25 ортой гэмтэл мэс заслын тасаг шинээр нээж ажиллуулж байна. Уг тасаг нь 25 орныхоо хүрээнд Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны иргэд үйлчлэх юм. Эхний ээлжид төлөвлөгөөт журмаар чулуутай цөсний хүүдийг тайрах хагалгаа, хэвлийн эвэрхийн хагалгаа, төлөвлөгөөт хагалгаанууд хийгдэнэ. Мөн яаралтай хагалгаануудыг ирэх оны дөрвөн сарын нэгнээс хийж эхэлнэ. Үүнд мухар олгойн болон цөсний хурц үрэвсэл, хэвлэлийн түгжрэлүүд гэх мэт хүрээгээ өргөсгөж эмчилгээгээ явуулах юм.
–Мэс заслын тасаг хэдэн төрлийн ямар багаж төхөөрөмжөөр хангагдсан вэ?
-Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 19 төрлийн 37 ширхэг багаж ирсэн байгаа.
-Жилд дунджаар хэдэн хагалгаа хийгддэг бол?
-Төлөвлөгөөт, яаралтай хагалгааг хамтад нь хийвэл мянган гаруй хагалгаа хийх боломжтой.
Б.ҮРЖИГ