Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийн төслүүдийг судаллаа

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийн хөгжлийг хангах бодлогын зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын хэмжээнд үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт гарч буй ололт дэвшил, шинэ хандлага, сайн туршлагыг судлах болон тэдгээрийн Монгол Улсад нэвтрүүлэх боломж, давуу болон сул талуудыг шинжлэх ажлыг тогтмол хийдэг юм. Үүний дотор олон улсын байгууллагуудаас манай орны эдийн засаг, нийгмийн төлөв байдалтай төстэй улс орнуудад хэрэгжүүлж буй хөтөлбөр, туршилтуудад ажиглалт, судалгаа хийж байна.

АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлаг (USAID)-аас улс орны нийгэм, эдийн засгийн салбаруудад түншлэх, хамтран ажиллах явдлыг нэмэгдүүлэх, мөн салбар хоорондын уялдаа холбоо, харилцааг дэмжих Хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр (ХАХХ, Cooperative Development Program, CDP)-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 15 орны хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хоршоодыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлээд байгаа юм.

Эдгээрийн дотор Латин Америкийн зарим улс оронд санхүүгийн хоршооны арга ажиллагааг жижиг үйлдвэрлэгчид, тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа жижиг бизнес эрхлэгчдэд нэвтрүүлэх төслүүдийг Дэлхийн Хадгаламж, зээлийн хоршооны Зөвлөл (ДХЗХЗ, World Council of Credit Unions, WOCCU)-тэй хамтран хэрэгжүүлж байгаа нь сонирхол татаж буй юм.

Тухайлбал, Кени Улсад хэрэгжүүлж буй “Хөдөөгийн жижиг үйлдвэрлэгчдийн орлогыг сайжруулах” төсөл тариалан эрхэлдэг жижиг аж ахуйнууд, айл өрхийг Хадгаламж, зээлийн хоршоодод нэгтгэх замаар санхүүгийн хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Ингэхдээ техник туслалцаа үзүүлж, хөдөөгийн санхүүд зориулсан тусгай арга хэрэгслүүд болон технологийн шийдэлд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрт нийцүүлсэн дэд бүтцийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Кенийн хөдөө нутаг болон хотжилтийн нөхцөл байдал, тэдгээрийн хөгжлийн ялгаа, газар тариалан болон загас агнуурын, мөн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тархай бутархай байдал, дэд бүтцийн хөгжил тааруу, байгаль, цаг уурын нөлөөлөл их зэрэг нь манай улсын хөдөө, орон нутгийн аж ахуйн эрхлэлтийн байдалтай төстэй юм. Иймд Хороо дээрх төслийн хэрэгжилт, үр дүн болон нутагших байдал зэргийг ажиглан, дүн шинжилгээ хийж байна.

“Хөдөөгийн жижиг үйлдвэрлэгчдийн орлогыг сайжруулах” төслөөр тухайн аж ахуйн болон санхүүгийн үйл ажиллагааны ерөнхий мэдлэг, аргачлал, загвар дизайныг сайжруулж, иргэдийн ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэхээс гадна гар утас зэрэг хувийн ухаалаг төхөөрөмж (PDA) болон ПОС төхөөрөмжүүд, бусад арга хэрэгслийг нэвтрүүлэх боломжит хувилбарыг эрэлхийлж байгаа нь онцлог юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *