Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хамтдаа “Цонхоо нээх”-ийг хүслээ

Манай сонин “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулснаа өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Тус байгууллага нь цонхоо хаалгаж барилга бариулан, эрх нь зөрчигдсөн хүмүүст хэзээд нээлттэй ажиллах бөгөөд Үндсэн хуульд заасан эрхийнхээ төлөө хамтдаа тэмцэх зорилго тавьсан юм. Иргэд манай төрийн бус байгууллагад хандаж эхэллээ. Тэдний нэг бол Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний нэрлэдгээр 120 мянгатын 14, 15 дугаар байрны иргэд юм. Иргэдийн хүсэлтийн дагуу манай сурвалжлах баг тус байрыг зорилоо.

Уг хоёр байрны өмнө “Т” хэлбэртэй барилга 2006 оноос эхлэн баригдаж эхэлжээ. Ингэхдээ голын нарийн хэсэг нь хоёр байрны дундуур орсон байдалтай байгаа юм. Дундуур орсон хэсэг нь хоёр давхар өргөтгөл маягийн барилга ч гэлээ 14 дүгээр байрны нэгдүгээр орц, 15 дугаар байрны дөрөвдүгээр орцны нийт 18 айлын цонхыг хаасан байна. Эдгээрээс 10 айл нь өдрийн турш нар үзэх ямар ч боломжгүй найман жил болж байгаа юм. Эдгээр 10 айлын төлөөлөл барилга баригдаж эхэлсэн үеэс тэмцэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийн ихэнх нь мохож байгаа сурагтай. Харин ганц, нэгхэн хүн л “Тууштай тэмцэнэ. Энэ барилгыг нураалгаж байж л сална” хэмээн хэлж байна. Тэд бол 14 дүгээр байрны Б.Түвшинбаяр, Ж.Лхамрагчаа нар юм. Бүсгүйчүүд барилга барих гээд хашаа барьж эхэлсэн цагаас эхлэн тэмцэж эхэлжээ. Тухайн үед настайвтар голдуу оршин суугчид тэмцэж байсан бөгөөд өдгөө тэдний зарим нь бурхан болж, зарим нь хэвтэрт орсон аж. Газар цөмлөн шороо ухаж байх үед тус байрны нэг хөгшин байрныхаа газрыг ухуулахгүй хэмээн овоолсон шороон дээр суухад нь хүнд даацын механизмын шанагаар сууж байсан шороотой нь хамт өргөөд хаячихаж байсан тухай тэд ярьсан юм.

Олон айлын эрхийг зөрчсөн энэхүү барилга нь “Адора” компанийн захиалгаар Солонгос улсын “Инкон” компанийн барьсан 12 давхар, зочид буудлын зориулалттай барилга юм. Тус барилгын ажил 2010 онд бүрэн зогссон бөгөөд дотоод заслын ажил нь дутуу байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл уг барилга цонх шил нь хагарсан байдалтай өдөр хоногийг өнгөрүүлжээ. “Адора” компани нь барилга бариулж эхэлснээс хойш гурван ч удаа зарагдаж байгаа бөгөөд анх газрыг нь өгч бариулсан хүн нь өдгөө УИХ-д сууж буй нэгэн гишүүний ойрын хамаатан гэсэн сургийг ч оршин суугчид дуулсан байна. Анх эзэмшиж байсан хүнээс хойш тус компанийг н.Анхбаяр, н.Ганболор зэрэг хүмүүс удирддаг гэсэн мэдээлэл авчээ. Гэхдээ тэдний хэлж буйгаар “Адора” компани нь Иргэний бүртгэлийн газарт ямар ч бүртгэлгүй юм байна. Шалгах ёстой төрийн байгууллагууд нь энэ компанийн нэр байхгүй, байгуулагдсан он, сар нь тодорхой бус гэх мэт шалтаг хэлэн цаг хождог. Энэ хооронд барилга баригдаад дуусдаг “жор” байдаг гэнэ.

Оршин суугчдын хувьд барилгыг бүтнээр нь, ядаж өргөтгөлийн хоёр давхрыг нураалгах хүсэлтэй. Тиймээс ч тэмцлээ эхэлсэн өдрөөс хойш төрийн шат шатны байгууллагад ханджээ. Тэмцлийн дүнд гурван шатны шүүхээс “Адора” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргад нураах үүргийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, 2009 оны зургадугаар сард ийнхүү шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан бөгөөд түүнээс хойш Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрчээ.

Дээрх хоёр байр нь “Оргил” СӨХ-нд харьяалагддаг. Оршин суугчидтай уулзаж ярилцаж байхад тухайн үед ажиллаж байсан СӨХ-ны захирлуудыг уг асуудлын гол буруутан нь гэж байна. Учир нь тэр үед захирлаар ажиллаж байсан Д.Аржав, түүний дараа ажлыг нь авсан н.Даваасүрэн болон нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Намуунбайгаль нар иргэдийн өмнөөс “Адора” компанитай гэрээ байгуулан барилга барих “зөвшөөрөл” өгчихсөн гэнэ. Ингэхдээ бид иргэдтэйгээ тохиролцсон хэмээн барилгын компанид хэлж, үүнийхээ төлөө 10 сая төгрөг авч байсныг оршин суугчид олж мэджээ. Бүр “Адора” компани Улаанбаатар банкинд тусгай данс нээж уг мөнгийг шилжүүлсэн ч тухайн үед тодорхойгүй шалтгаанаар 3.7 саяыг нь буцаан татсан байна. Харин үлдсэн мөнгийг нь байрны сантехникийн засварын ажилд зарцуулсан хэмээн хожим оршин суугчдадаа хэлжээ. Гэтэл оршин суугчид үүнийг шалгаад үзэхээр хийсэн засвар огт байгаагүй байна. Нөгөө талаас “Адора”-тай хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулж байсан Д.Аржав захирал нь нягтлан бодогч н.Намуунбайгалиа тэр долоон сая төгрөгийг авч Дархан яваад, ор сураггүй болсон гэж тэмцэгчдэд хэлдэг байна.

Энэ мэт шалтгаанаас үүдэн найман жил үргэлжилж байгаа хэрүүл, оршин суугчдын нар үзэж чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч байгаа шалтгааныг СӨХ-ын удирдлагуудаас үүдсэн хэмээн үзэх болжээ.

Өдгөө тус СӨХ-ны захирлаар Ц.Туяа гэх эмэгтэй ажиллаж байгаа боловч тэрээр ажлаа аваад удаагүй тул уг асуудлын талаар ямар ч мэдээлэлгүй хэмээж байв.

Харин оршин суугч Ж.Лхамрагчаагийн хувьд хамгийн доод давхарт байдаг тул өдрийн турш нар үздэггүй. Тэрээр эхэн үед гэр бүлийн хүнтэйгээ хамт эрхийнхээ төлөө тэмцдэг байсан ч нөхөр нь сэтгэл санааны дарамтаас болж хэдэн жилийн өмнө харважээ. Ж.Лхамрагчаа гуай “Энэ барилгын асуудлаас л болж гэр бүлийн хүн ийм байдалд орсон, энэ бүх хохирлоо барилгын компаниар төлүүлнэ гэвэл асар их тооцоо гарна” хэмээн ярьж байна. Тэрээр барилга хоорондын хоёр алхам зайг өдөр бүр цэвэрлэдэг аж. Энэ зай нь өнөөдөр хүмүүсийн бие засах газар, нохойн жогорхой “хадгалах” болжээ. Нар харахгүйн дээр ядаж ялгадасгүй байя гэсэн үүднээс ийн цэвэрлэгээ хийдэг болжээ.

Ж.Лхамрагчаа гуайг оршин суугчдын зарим нь буруутгадаг гэнэ. Учир нь тэрээр 2007, 2008 оны үед маш эрчтэйгээр тэмцдэг байсан ч барилгын компаниудтай тохиролцсоны улмаас дуугүй болж байсан удаатай аж. Түүнийг цөхрөлтгүй тэмцэж байсан учир “Адора”-гийнхан нэг өдөр дуудаж уулзжээ. Ингээд түүнд нэг сая төгрөг өгсөн тухай тэрээр хэлж байгаа юм. Гэтэл оршин суугчид буюу бусад тэмцэгчдийн зүгээс Ж.Лхамрагчааг 40 сая төгрөг авсан хэмээн АТГ-т өгч, шалгуулж байсан байна. Ж.Лхамрагчаа гуайн хувьд АТГ-т очиж, нэг сая төгрөг авсан гэдгээ хэлж байжээ. Амласан мөнгийг нь авсан шалтгаанаа тэрээр тухайн үед гэр бүлийн хүн нь харвачихсан, өөрийнх нь тархины судас нарийссан зэрэг хүндрэлтэй олон асуудалтай байсан тул авсан гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй түүнд байр өгье хэмээн “Адора”-гийнхны зүгээс хэлж байжээ. Тухайн үед тэрээр үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн ч барилгын компанийн зүгээс дараа нь энэ талаар огт яриагүй байна.

Ийнхүү “Адора” компанийн хувьд оршин суугчдад тус тусад нь цөөн хэдэн төгрөг өгч, дотор нь маргаан үүсгэх байдлаар цаг хожиж байсан гэдгийг оршин суугч Б.Түвшинбаяр хэллээ. Тэрээр өөрийгөө харин нэг ч төгрөг аваагүй гэдгээ хаа ч бардам хэлнэ гэв. Ер нь өнгөрсөн хугацаанд албан ажилдаа явж байгаа юм шиг, эрхийнхээ төлөө тэмцэж байгаа хүн бол Б.Түвшинбаяр гэдгийг өнөөгийн СӨХ болон оршин суугчид нь хэллээ.

Сүүлд гэхэд өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзаж учир байдлыг танилцуулжээ. Түүнд “Барилгыг буулгахын тулд хажуугийн барилгуудад ямар нэг нөлөө байхгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраар шалгуулж байгаа. Энэ тухай ирэх долоо хоногт хуралдах ИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэнэ” гэсэн мэдээлэл өгсөн байна. Гэтэл түүнээс хойш 50 гаруй хонож байхад энэ талаар ямар ч ажил хийгдсэнгүй. Б.Түвшинбаяр дахин хандахад “Доод шатныхандаа үүрэг өгсөн, ажлын хэсэг байгуулсан” хэмээжээ. Гэтэл доод шатныханд нь энэ талаар хийсэн, мэдсэн зүйл огт байхгүй, өөрөөр хэлбэл, ямар ч хариуцах эзэнгүй байгаа тул тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан өргөдөл бичиж, асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсчээ. Ерөнхий сайдын албан бичиг хариуцсан мэргэжилтнээс “Ерөнхий сайд уг асуудлыг хариуцаж, шийдвэрлэх субъект биш” гэсэн хариулт өгсөн байна.

Б.Түвшинбаяр өнгөрсөн хугацаанд үе үеийн Ерөнхийлөгч нарт хоёр удаа, Ерөнхий сайдад гурван удаа, Нийслэлийн Засаг даргад таван удаа тус тус хандсан ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй явсаар байгаа нь энэ ажээ.

Ийнхүү эрх бүхий шат шатны байгууллага, төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хандаад ч үр дүнд хүрч чадахгүй иргэдтэй уулзлаа. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд цөөн хэдүүлээ тэмцэж ирсэн. Өнөөдрөөс эхлэн манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллагад нэгдсэнээр бидний дуу хоолой илүү чанга, илүү хол хүрэх болно. Амьсгал авах зайгүй болсон нийслэлийн орчинд ийм байдалтай олон хүн бий. Тэд бүгд бидэнтэй нэгдэнэ. Бид тэр хэрээрээ илүү хүчтэй болно. Ингэж Монголын хамгийн том хэвлэл “Өдрийн сонин”, жирийн иргэд хамтарсан тохиолдолд бид хамтдаа Цонхоо нээх болно.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *