ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын үеийн удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвтэй хамтран хил орчмын бүс нутгуудад гарсан ой, хээрийн гал түймэртэй тэмцэх штабын дадлага сургуулийг ОБЕГ-ын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд цахимаар зохион байгууллаа.
Дадлага сургуульд Монголын талаас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн алба хаагчид, Оросын Холбооны Улсын талаас Онцгой байдлын яамны Хямралын үеийн удирдлагын төв, Бүгд Найрамдах Тува, Буриад, Өвөр байгалийн хязгаар дахь ОБЕГ-ын Хямралын үеийн удирдлагын төвийн алба хаагчид оролцсон юм.
Сургуулийг ОХУ-ын талаас ОБЯ-ны Хямралын үеийн удирдлагын төвийн дэд дарга, хурандаа Монцев В.В, Монгол Улсын талаас Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар удирдан явууллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд өгөгдсөн цагийн нөхцөл байдлын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг хийж , мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.