Categories
мэдээ цаг-үе

Хамгийн олон хил зөрчигч барьсан домогт хурандаа

“Ёлтын ам, Сонгинотын бэлчир гэж уул, ус, ургамал тэгширсэн сайхан нутаг байдаг юм. Зэрлэг ан амьтны диваажин болсон газар. Хаашаа л харна халиун буга сүргээрээ бэлчиж, хэрэм, туулай, зэрлэг гахай тэргүүтэн хаа сайгүй гүйлдэнэ. Жалга судаг болгоноор булаг шанд оргилон ундарч, голын ус шаагин урсдаг тийм л жаргалын орон баруун хязгаар нутагт байдаг юм аа. Бүр тодруулж хэлэх юм бол, Алтай Таван Богдын мөнх цаст оргилуудыг давж арай гэж хүрдэг буйд холын газар. Тэнд л хил манах хэцүүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлагыг үүрч явсан хилчин хүн дээ, ах нь” гэж Монгол Улсын гавьяат барилгачин, хилийн цэргийн хурандаа С.Самдандовжид ярив. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа ихэнх хугацааг Монгол Улсын торгон хилийн шугам дээр өнгөрүүлсэн нэгэн. Тэрбээр хамгийн олон хил зөрчигч барьсан гэдгээрээ хилийн цэргийн түүхэнд тод мөрөө үлдээсэн онц хилчин.

Хурандаагийнд өнжихөөр хотын захад байх гэрт нь очлоо. Тэр хавьдаа л хамгийн хөдөлмөрч айл гэдэг нь барьсан хашаа, хорооноос нь бэлхнээ мэдэгдэнэ. Цэлийсэн том хашаатай юм байна. Хашаагаараа дүүрэн мод тарьжээ

Зүүн урд захад нь хэдэн жилийн өмнө чацарганы мод тарьсан юм байна. Чацарганы жимс багсайтал ургачихсан байх аж. Харин хашааныхаа урдуур үхрийн нүдний мод суулгажээ. Өнгөрсөн долоо хоногт жимсийг нь түүчихсэн гэнэ. Харин хашааныхаа баруун урд захад улаан лооль, өргөст хэмх, байцай зэрэг нарийн ногоо тарьсан байна. Мөн хүлэмжиндээ энэ өвөл хаврынхаа хэрэгцээг бүрэн хангах хүнсний ногоо тариалжээ. Сүүдрэвч барьж, амрах сандал ширээ, явган хүний зам, нарны толиор цэнэглэж асдаг гэрэл гээд л тэр хашаанд байхгүй юм алга. Гоёл чимэглэлийн зорилгоор ногоон, цагаан судалтай хаш чулуу ч тавьжээ. Гурван машины гарааш, хоёр давхар байшин, цэцгийн мандал гээд л хурандаагийн хашаанд юм бүхэн байна. Чөлөөндөө гарсан цагаасаа хойш өөрийнхөө гараар энэ бүгдийг хийсэн гэнэ. Хүүхдээрээ байхаасаа эхлээд хилийн отряд, застав дамжиж тогтсон гэр оронгүй явсан цаг хугацаагаа нөхөх гэж зүтгэсэн нь биеллээ олсон уу гэлтэй болжээ.

ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН АМЬДРАЛ БУЮУ ХИЛЧИН БОЛСОН ТҮҮХ

Ингээд С.Самдандовжид хурандаагийн гэрт орлоо. Гэрийн эзэгтэй “Дээшээ суу. Цай уу” гээд л сандарч байгаа бололтой. Сэтгүүлчид ирэх гэж байна гэж сонсоод хоол, цай бэлдсэн гэнэ. Хоёр давхар байшиндаа хоёр хөгшин хоёулхнаа амьдардаг юм байна. Хүүхдүүд нь амралтын өдрүүдээр аав, ээж дээрээ ирдэг аж. Ингээд бид хаана төрж өссөн, хилийн цэрэгт анх хэрхэн орж байсан талаар хөөрөлдөж эхэлсэн юм. Гэрийн эзэн Завхан аймгийн Сонгино сумын Баян-Айраг бригад Хангайн нуруу, Ханхөхийн нурууны дунд төрж өссөн нэгэн. Хэдэн үеэрээ малчин байсан айлын үр удам гэнэ. Тэрбээр эцэг, эхээс арвуулаа аж. Аав Самбуу нь өөрөө оролдож байгаад бичиг үсгийн боловсролтой болж бригадын агент, сургуулийн нярав зэрэг ажил хийдэг байсан аж. Харин С.Самдандовжид гуай Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургуульд долдугаар анги төгсөөд хот руу Барилгын техникумд суралцжээ. 1971 оны ардын хувьсгалын 50 жилийн ойгоор сантехникийн техникч гэсэн мэргэжлээр төгсөөд Завхан аймагтаа очсон байна. Ардын хувьсгалын 50 жилийн ой болж байгаатай холбоотойгоор ЗХУ-аас найман иж бүрэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж өгсөн гэнэ. Завхан аймагт ангийнхаа гурван хүүхэдтэй очиж, уурын зуух хариуцсан механикчаар ажиллаж эхэлжээ. Сургуулийн уурын зууханд ажиллаж байхдаа долдугаар ангийн охинд сэтгэл алдарсан юм байна. Тэр охин нь эхнэр Ч.Шура нь гэнэ. Тэдний хайрын түүх ингэж л эхэлсэн байдаг ажээ. Дунд сургуулийн охинд сэтгэл алдарсан С.Самдандовжидыг хоёр жил ажиллаж байтал цэрэгт явуулчихсан байна. Шууд Өмнөговь аймгийн хилийн хамгийн урд цэг рүү алба хаалгахаар явуулчихжээ. Дархан хилээ манахын сайхныг тэнд л анх мэдэрсэн хэмээн бахархангуй ярьж суув. Эндээс л түүний амьдрал хилийн цэрэгтэй холбогдсон байна. Хилийн цэрэгт алба хааж байх хугацаа нь хүйтэн дайны он жилүүд байжээ. Монгол, Хятад гэх хоёр улс хэзээ мөдгүй дайтах гэж байна гэх яриа гарчихсан. Монголын арми урд хилээрээ цэргүүдээ байршуулчихсан байв. Хятадууд дайрах гэж байна гээд л байнга сургуулилт хийлгэж байжээ. Тухайн үед манай улс социалист нийгэмтэй улсын хамгийн эхнийх нь байсан. Хилийн цэргийг татан буулгаж олон жил болсны дараа буюу 1967 онд эргүүлэн сэргээсэн байдаг. Хилийн цэрэгт боловсон хүчин дутагталтай болчихсон үе байв. Ингээд 100 шижигнэсэн залууг 1973-1976 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуульд явуулсан байна. Тэднийг нэг нь С.Самдандовжид гэнэ. 1976 онд сургуулиа төгсөж ирээд Сулинхээрийн отрядад хуваарилагдсан байна.

Тэрбээр цэрэгт байхдаа, хилийн цэрэгт татагдсанаасаа хойш ч Ч.Шуратайгаа захиагаар байнга харилцдаг байжээ. Ингээд ууган хүү С.Золбоо нь Сулинхээрийн отрядад төрсөн байна. Сулинхээрийн отрядад томилогдож очсоноос хоёр жил өнгөрч байтал нийслэл хот руу 05 дугаар ангид ротын захирагч болгон томилжээ. Тухайн үедээ хилийн цэргийн зодоон цохион хийдэг, архи уудаг гээд ер нь л болж бүтэхгүй залуус цугласан ротын захирагч болсон байна. Сахилгагүй залуусыг зөв чиглэлд оруулан хүмүүжүүлж байтал 182 дугаар ангийн ротын дарга болгочихжээ. Тус ангид тухайн үед хүн амины хэрэг гарчихсан. Цэрэг нь дарга нарынхаа үгийг тоохоо байчихсан үе байсан гэнэ. Тэрбээр хүнтэй хэрхэн харилцаж, яавал арга эвийг нь олох вэ, ямар хүнд зөөлөн хандвал чих нь улам зөөлөрч, ямарт нь ширүүлхвэл номхон дөлгөөн болдог вэ гэдгийг тэр ангид байхдаа хамгийн сайн мэдэрсэн аж. Ингээд 182 дугаар ангийнхаа ажлыг сайжруулж, эмх цэгцэнд нь оруулаад ЗХУ руу дээд курст сурахаар явжээ. Дээд курсээсээ ирээд тавдугаар отряд буюу Ховдын Булганд Боловсон хүчний офицероор томилогдон очиж Булган суманд очсон жил буюу 1983 онд охин С.Солонго нь мэндэлсэн байна.

Хилийн цэргийн боловсон хүчний офицеруудын дунд болсон тэмцээнд гурван жил дараалан түрүүлжээ. ЗХУ-ын Цэргийн академи руу шалгалт өгөх эрх нь ингэж нээгдсэн байна. Ингээд цэргийн академи руу явах шалгалт өгчээ. Тэгсэн арын хаалга ороод явж чадаагүй байна. Шалгалт өгсөн нэг офицер Б.Дэжид генаралын ойрын хамаатан байсан гэнэ. Түүнийг Цэргийн академи руу явуулахаар болжээ. Ингээд Б.Дэжид генералд өргөдөл бичсэн байна. Тэрбээр “С.Самдандовжид намайг МАХН-аас хөөгөөд хилийн цэргээс халаад, нутаг усанд нь буцааж өгнө үү. Шударга зүйл энэ намд алга” гээд бичээд явуулчихжээ. Уулзсан хүн болгон “Чи ч ингээд дууслаа даа. Нам засгийн удирдлага руу ийм өргөдөл бичдэг бөх зүрхтэй хүн чамаас өөр байхгүй” гэж л байж гэнэ. Тэгсэн төд удалгүй Б.Дэжид генаралаас өргөдөлийн хариу иржээ. Хариуд “Таны өргөдлийг намын төв хороо шалгаж үзлээ. Таны зөв байжээ. Ирэх жил шалгалтгүйгээр Цэргийн академид явах эрх олгож байна” гэжээ. Ирэх жил нь ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи руу явах гэтэл П.Даш генаралыг явуулахаар болсон байв. Тэрбээр дарга нарын хаалганд хүчин мөхөстөж ар талын академи руу явжээ.

Гэр бүлийн хамт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 62 МЯНГАН ИРГЭН НҮҮХ ҮЕИЙН ОТРЯДЫН ДАРГА

Сургуулиа төгсөөд эргэж ирээд нэг жил болж байтал 1990 оны Ардчилсан хувьсгал болж нийгэм даяараа эмх замбараагүй байдал бий болжээ. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд Баян-Өлгий аймагт үндэстний хувьсгал гарч, их үймээн болсон үед отрядын даргаар түүнийг томилон явуулжээ. Баян-Өлгийчүүд төв талбай дээрээ өлсгөлөн зарлаад “Баян-Өлгий аймгийг бүх салбарт казах хүн дарга болох ёстой. Үүний төлөө тэмцэнэ” гээд цагдаагийн даргаасаа эхлээд бүх албан тушаалтныг казах хүн болгочихсон байж. Мөн “Баян-Өлгий аймгийн өөртөө засах орон болгоно. Энд байгаа монголчуудыг бүгдийг хөөж явуулаад Казахстаны нэг аймаг болгоно” гэсэн яриаг хэт их үндсэрхэг үзэлтнүүд гаргаж, түүнийг нь жирийн иргэд дэмжиж байсан үе гэнэ. Мөн тус аймгийнхан Казахстан руу хэдэн мянгаараа нүүдэллэж байжээ. Тэр үед төрийн албанд ганц монгол дарга байсан нь отрядын дарга С.Самдандовжид байжээ. Баян-Өлгий аймагт “Мориндоо мордоцгооё”, “Атаныхан”, “Хаж мөргөлийнхөн” гээд хэд хэдэн бүлэглэл бий болсон гэнэ. Монгол Улсаас Казахстан руу нүүх эрхийг нь чөлөөтэй олгочихсон. Казахстанаас өдөрт 12 онгоц ирээд буцдаг. Айлууд гэр орон байшингаа нураагаад явж байсан гэнэ. Тэрбээр 62 мянган казах иргэнийг нүүлгэх ажлыг Монгол Улс талаас хийсэн хүн юм байна. Баян-Өлгий аймгийн зарим иргэн дээш нь янз бүрийн байдлаар матаас бичиж, цэргийн шүүх рүү явуулах гэж оролдоно. Гэрийнх нь хаалга, цонхыг эвдэж сэтгэл зүйн дайралт хийх гэж оролддог үе ч цөөнгүй байжээ. Төрж өссөн нутаг руугаа явах гэж сэтгэл нь цаашаа болчихсон хүмүүсийн гаргаж буй ааш авир, үйлдэл маш хэцүү байсан тухай онцлон ярьсан юм. Үндэстний хувьсгал хийгдэх дээрээ тулж, иргэд нь Казахстан руу нүүж, Монголын төр засгийн хүч суларсан ийм хүнд цаг үед С.Самдандовжид хурандаа Баян-Өлгий аймагт ажиллаж байжээ. Баян-Өлгий аймгийн урианхай айлууд түүнийг цагаан эсгий дэвсэж гэртээ оруулж, Баян-Өлгий аймагт ирж болохгүй дөрвөн хүний нэг хэмээн яригдаж байсан ажээ. “Хилийн цэрэгт ажиллаж байсан он жилүүдийн хамгийн хүнд хэцүү нь Баян-Өлгий аймгийн нүүдэл хийгдэж байсан цаг” гэж С.Самдандовжид хурандаа тодотгож байна лээ.

Гэрийн эзэгтэй Ч.Шура бидний яриан дундуур орж ирэн ийн ярив. “Эгч нь хар бага наснаасаа л энэ хүнийг дагаж хилийн застав, отрядаар явсан хүн. Хэцүү бэрх болгоныг хамтдаа туулж өнгөрүүллээ. Манай хүн хүнд өндөр шаардлага тавьж хатуу үг хэлнэ. Үүнээсээ болоод зарим хүний дургүйг хүргэдэг муу зантай хүн дээ” гээд инээв. Биднийг ийн ярилцаж байтал хурандаагийн утас дуугарав. Хилийн цэргийн найз хурандаа нар нь ярьж, хилийн цэрэгт сүүлийн үед хийгдэж байгаа томилгооны асуудлаар санал солилцох ажээ. “Тэр уг нь хилийн цэргээ сайн мэдэх залуу байгаа юм. Тэр бүтэхгүй ээ. Тэрний оронд өөр хүн тавих ёстой юм” гээд л ярих. Мөн амралтын өдрүүдэд дүүгийнхээ хэдэн хүүхдийг олж ирэх талаар ч ярилцав. Гэрийн эзэгтэй “Манай хоёр хүүхэд хүнтэй суухгүй юм. Бид хоёр ач, зээ мөрөөдөөд байдаг. Гадаадад их олон жил сургуульд сураад тэндээ амьдарч байгаад ирсэн. Манай хүү С.Золбоо буудлагын олон улсын хэмжээний мастер цолтой. Охин нэг компанид ажиллаж байна даа. Бид хоёр хүүхдийн мөрөөсөл болсон хүмүүс ах, дүү нараасаа хүүхдүүдийг нь гуйгаад л сууж байдаг юм” гэв.

Хил зөрчин орж ирж байгаа БНХАУ-ын иргэдийн барьж байгаа нь

ДӨРВӨН МЯНГАН МЕТРИЙН ӨНДӨР УУЛЫГ ДАВЖ ХИЛ ЗӨРЧИГЧ БАРЬДАГ БАЙЖЭЭ

Бидний яриа Хилийн цэрэгт ажиллаж байсан үе рүү эргээд оров. С.Самдандовжид хурандаа хилийн цэргийн түүхэнд хамгийн олон хил зөрчигч барьсан гавьяатай нэгэн. “Ёлтын ам, Сонгинотын бэлчир газар манай улсын баруун хойд захын нутаг. Цэнгэл хайрхан уулын цаад дор дөрвөн мянган метр өндөр мөнх цаст уулын цаана байдаг нэн ховор амьтад, байгалийн баялаг бүрдсэн газар. Хил хамгаалах албаныхан гурван сар л тэнд хамгаалалт хийх боломжтой. Бусад үед нь дөрвөн мянган метр өндөртэй цаст даваа хаагдаад явах боломжгүй. Хамгаалах эзэнгүй болоод есөн сарын хугацаанд хятадууд орж ирэн амьтныг нь агнаж, алтыг нь ухаж, бугын эвэр түүж дураараа аашилдаг байжээ. Хятадын талаас ямар ч саадгүй Ёлтын аманд хүрээд очдог байна. С.Самдандовжид хурандаа хилчин залуусаа дүн өвлийн хүйтэнд цаст уулсыг давуулах эхлэлийг тавьжээ. Отрядын дарга хүн дөрвөн мянган метрийн өндөрт мацаж зам гаргаад цэргүүдээ оруулж, хил зөрчсөн хятадуудыг бариулдаг байжээ. Жилд нэг, хоёрхон хил зөрчигч барьдаг байсан Баян-Өлгий аймгийн хилийн отряд жилд 70 гаруй жил зөрчигч барьж байж. Хилийн цэргийн түүхэнд С.Самдандовжид гуай 168 хил зөрчигч барьснаараа тэргүүлж, уулчин Жуков 90 гаруй зөрчигч барьснаар удаалдаг байна. Хил зөрчигчдийг бариад байхаар Хил хамгаалах ерөнхий газраас сурвалжлагч, зурагчин хамт явуулж хил зөрчигчийг хэрхэн барьж байгааг сурвалжлуулах үүрэг өгдөг болсон байна. Сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч очсон үед нь хил зөрчигчид таарч, хэн хэн нь олзтой буцдаг байсан талаар ч ярьсан юм. С.Самдандовжид хурандаагийн чиглэлээр Даянгийн заставынхан бүгд онц хилчин болж байсан түүхтэй аж. Түүний хил зөрчигч барьдаг арга их сонин гэнэ. Хил зөрчигчийг балмагдуулж байгаад барьж авдаг байж. Хэдэн талаас нь бүсэлж байгаад толгой дээгүүр нь буудахаар ямар ч хүн толгойгоо дараад хэвтээд өгдөг байна. Тэгээд гараа өргөөд зогсох үед нь барьж авдаг гэнэ. Хоёр, гуравхан минутад амжиж барихгүй бол алдчихдаг ажээ.

Гэрийн эзэгтэй Ч.Шура 1974 оноос хойш нөхөртэйгөө үзсэн кино, тоглолтын бүх тасалбараа хадгалжээ. Цуглуулга нь мянга гарсан байна лээ. Завхан аймгийн соёлын төвд болсон урлагийн наадам гээд л сүүлийн үеийн тоглолтуудын билет хүртэл хадгалаатай байна лээ. Гэрийн эзэгтэй сайхан дуулдаг гэнэ. Бүх ард түмний наадмаас мөнгөн медаль хүртэж байсан аж. Мөн сүүлийн жилүүдэд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, гэртээ төрөл бүрийн цэцэг тарьсан байна лээ. Мөн хоёр давхрынхаа шилэн хаалт бүхий тагтан дээр хамтдаа сууж өөрдийнхөө тарьж ургуулсан ногоон байгууламжийг харах дуртай гэж бидэнд ярьсан юм. С.Самдандовжид хурандаа жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Гавьяат барилгачин цол тэмдгээ гардан авсан. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Монгол Улсын дархан хилийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, хилийн найман отряд, 25 застав, 40 гаруй харуулын байр барих ажлыг гардан удирдсан хурандаа” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр баруун хилийн ихэнх отряд, заставыг барьсан гэсэн. Түүнийг хамт ажиллаж байсан хилийнхэн нь “Зүгээр сууж чаддаггүй хүн” гэж тодотгон хэлдэг юм билээ.

Мөн буурал хурандаа төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын ойрын найз явсан талаараа ярив. Уламжлалын нэгдсэн намд элсэж, хэсэг улс төржөөд авсан гэнэ. Завхан аймагт хоёр ч удаа УИХ-д нэр дэвшиж явсан аж. Тэрбээр “О.Дашбалбар найз маань “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” гэх алдарт шүлгээ чамд энэ шүлгээ зориулж бичсэн юм шүү гээд гарын үсгээ зураад өгч байсан юм. Одоо ч бичгийн машинаар шивсэн гарын үсэгтэй шүлэг нь манайд байгаа. Сүүлийн үед их л олон хүн надад зориулж бичсэн гээд ярьж байгаа харагддаг юм. Би ч тэдэн дунд орохгүй гээд чимээгүй л байдаг даа. Олон ч аавын хүүхдүүдтэй найзалж явна даа. О.Дашбалбар шиг гэнэн томоогүй мөртлөө цог хийморьтой хүн ховор шүү” гэв. Намрын усархаг бороо шаагин орох ажээ. Цонхоор харахад бүрий болж нар хэдийнэ жаргасан байв. Бид ч өнжиж буй айлаасаа явсан юм. Хилчин хурандаагийн “Монголынхоо торгон хил дээрээс нар мандахыг харж зогсоод “Миний ард эх орон минь байгаа шүү” гэж бодох даанч сайхан байдаг даа” хэмээн хэлсэн үг сэтгэлд тодхон үлдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *