Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамгийн анхны ээж хэнээс төрсөн бэ?

Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад бусдыг шалгааж, хэцүүхэн асуултаар улалзуулж явсан удаа нэг бус. Харин одоо надад үе үе хүндхэн асуулт тавьж, “бүдрүүлдэг” нэг хүнтэй болсон. “Ээжээ, нарыг хэн асаадаг вэ” гэж гурван настай охин маань асуухад анх удаа би нэлээд хүнд байдалд орсон. Дунд сургуульд нар сар, одны тухай ямар нэгэн хичээл үзэж байсан ч тэрхэн үедээ тоймтой юм толгойд орж ирээгүй ээ. Харин саяхан охин маань их л энгийн асуултаар яриагаа эхэлдэг байгаа. “Ээжээ, та эмээгээс гарсан тийм ээ”, “Тийм ээ, миний хүү”, “Эмээ өөрийнхөө ээжээс гарсан тийм ээ”, “Тийм ээ”. “Тэгвэл бүүр хамгийн эхний эмээ хаанаас гарсан бэ?” гэхэд нь ахиад л мухардав. Адам, Ева, алимны мод, Бөртэ чоно, Гуа марал гэсэн хэдэн нэр санаанд буусан ч таван настай охинтой ярилцахад амаргүй сэдэв аж. Хэсэг бодож байгаад бурхан руу “чихлээ”. “Бурхан хамгийн эхний хүнийг бүтээсэн юм аа, миний охин” гэлээ дээ. Дундад зууны үед ч ээжүүд иймэрхүү л хариу өгдөг байсан биз.

Хөдөө малаа хариулж яваа малчин ээжээс би мэдлэгтэй биш бас ухаантай биш. XXI зуунд, мэдээллээр бөмбөгдүүлж явдаг ч сэтгэлд үлдэж хоцордог юм дэндүү цөөхөн. “Хүмүүс мэдэхгүй юмаа бурхантай холбож тайлбарладаг байсан” гэж түүхийн хичээл дээр багш ярьсан санагдана. Тиймээ, надад мэддэг юм их. Гэхдээ л бас хамгийн эхний ээж шиг “Бурхан”-аас өөр хариулт олдохгүй үе олон юм даа.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *