Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгаалалтгүй хамгаалагч

АТГ-т шалгагдаж байгаад ял сонссон олны танил нэгэн хүний өмгөөлөгчөөс ярилцлага авахыг хүсэхэд “Уг нь ярих, хэлэх юм их байна. Даанч өөрийнх нь алдааг хэлчихээр АТГ-ын байцаагчид биднийг заначихдаг юм. Прокурор, шүүхийнхэн ч “Чи сонин хэвлэлээр олон юм ярьсан билүү. Түүний чинь хариуг өгнө” гэсэн байдлаар ханддаг. Ингээд л намайг төдийгүй үйлчлүүлэгчийн минь эрх зүйн байдлыг дордуулдаг. Дараа дараагийн үйлчлүүлэгчид минь ч сөрөг хандлага үзүүлээд эхэлнэ. Тагнаж, чагнана. Тийм учраас хэлэх үг байсан ч дуугүй байсан нь өлзийтэй” гэж учирласан юм. Бас олны анхаарал татсан хэрэг дээр ажиллаж байгаа цөөнгүй өмгөөлөгч “Миний утсыг чагнаад байгаа”, “Намайг дагадаг болсон” гэж ярихыг сонссон. Энэ мэт бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, эрхийг нь хамгаалахаар ажиллаж байгаа өмгөөлөгчид өөрөө эмээсэн, болгоомжилсон, яахаа мэдэхээ больсон, бусдын ая талыг харсан хандлагатай болж байгаа нь нийгэмд айдас төрүүлэх боллоо. Хүн бүр хуульч биш. Иргэн бүр хууль мэдэх шаардлагагүй. Шаардлага гарвал эрхээ хамгаалуулахын тулд өмгөөлөгчид ханддаг. Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хууль эрх зүйн тусламж үзүүлж, эрхийг нь хамгаалдаг. Аливаа хэрэгт өмгөөлөгч мөрдөн байцаагч, яллагч, шүүгчийн нэгэн адил оролцоотой байх учиртай. Гэтэл манай өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд өм­гөөлөгчийн өмгөөллийг авч хэлэлцсэнгүй. Өмгөөлөл хийж байхад шүүгч өөр зүйлд анхаарал хандуулсан” гэж гомдоллох нь бий. Өөрийнхөө болоод үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалаад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандсан нэгнийг нь цагдан хорино, торгоно гэж айлгадаг буруу тогтолцоо манайд байгааг үгүйсгэх аргагүй. Ойрын жишээ гэвэл, “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт шалгагдаж байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагад шалгуулах болсноо АТГ-аас мэдээлсэн билээ. Үйлчлүүлэгчдээ бичсэн гэх захидлыг нь олон нийтэд дэлгэж “Төрийн өндөр албан тушаалтнаар дамжуулж мөрдөн байцаалтад саад хийх гэж байна” гэж зарласан. Тэр захидал дээр юу бичсэн нь чухал биш. Гагцхүү хоёр хүний хоорондох, тэр дундаа өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын дундах захидал харилцааны нууцыг задалж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Арваннэгдүгээр сарын эхээр болсон эл үйл явдлын хүрээнд олон хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ “Монголд хүний эрхийг хамгаалах, өмгөөлөгч хийх нь өөртөө эрсдэл үүрч байгаагийн жишээ болж. АТГ өмгөөлөгчийг шалгуулна гэснээрээ хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд нь саад учруулж байна. Харин захидлыг нь дэлгэснийхээ хариуд тэр байгууллага өөрөө хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ тухай “Хорь гаруй жилийн хугацаанд бий болгосон ардчиллаасаа ухарсан үйлдэл боллоо. Өмгөөлөгчийнх нь эсрэг эрүүгийн хэрэг санаачилж байгаа нь хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдэл мөн” гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийн гэх хэрэг улс төртэй холбоотой, холбоогүйдээ биш. Харин иргэн хүн өмгөөлүүлэх эрхээр хэрхэн хангаж байна, өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа нь хэр байна гэдэгтээ хүний эрхийн хамгаалагчдын анхаарлыг татаж буй юм.

“Долдугаар сарын 1”-ний гэх хэргээр цагдаагийн хурандаа нарыг шүүх үеэр хоёр өмгөөлөгчийг нь шүүхийн танхимын гадна хоёр цаг гаруй саатуулсан. Дараа нь тэднийг шүүх хуралдааныг орхин гарлаа гэж 14 хоног баривчилсан юм. Шүүхэд удаа дараа хүсэлт гаргасныг нь хүлээж аваагүй, Үндсэн хуулийн Цэцэд хандсан байхад асуудлыг хэлэлцлээ гэх үндэслэлээр хоёр өмгөөлөгч шүүх хуралдааны танхимаас гарсан нь хоригдох үндэслэл болсон талаар өмгөөлөгчид хэвлэл, мэдээллийн хэрэгс­лээр мэдээлсэн. Тухайн үед Монголын өмгөөлөгчийн хол­боо “Үндсэн хуульд заасан хүний эрхийн язгуур, дээд үзэл санаа амьгүй болж, түү­­ний баталгааг хангах, мэр­гэж­лийн туслалцаа үзүүлэх ажиллагаанд ноцтой аюул занал учрахад хүрсэний но­толгоо боллоо” гэж мэдэгдэл гаргаснаас өөр өмгөөлөгчийн эрхийг хангах талаар яригдалгүй өнгөрсөн билээ.

Энэ мэт өмгөөлөгчийн эрхийг ямар нэгэн байдлаар хөндсөн жишээ олон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна” гэж заасан байдаг. Гэвч өмгөөлөгчид тэр бүр гомдол гаргаад, эрхээ хамгаалуулах гэж хөөцөлддөггүй. Үйлчлүүлэгчийнх нь эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө гэдэг болгоомжлолоос үүдэж хэл ам хийдэггүй.

Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилласнаараа чичлүүлж, нийгмийн дуу хоолой болж, эрх мэдэлтнийг шүүмжилсний хариуд эрүүгийн хэрэгтэн болоход ойрхон хүмүүс бол сэтгүүлчид. Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, бие болоод эрүүл мэндэд нь халдах, хууль эрх зүйн сул байдлыг ашиглан үндэслэлгүй мөрдөн мөшгих зэргээр мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол 2005 оны аравдугаар сараас 2013 оны аравдугаар сарыг дуусах хугацаанд “Глоб интернэшнл” төвд нийт 300 бүртгэгдсэн байна. Энэ бол бодит тоо биш. Цаана нь дарамтнаас айсан, нэг удаа юм байна хэл ам хийгээд яахав гээд өнгөрсөн олон тохиолдол бий. Дарамт, шахалт үзүүлэхээс гадна сэтгүүлчийг ихэвчлэн бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх үндэслэлээр эрүүгийн хуулиар хэдэн сар, жилээр шалгаж хэргийг нь шүүхэд шилжүүлдэг. 2011-2014 онд шүүхээр бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэсэн үндэслэлээр иргэний 37 хэрэг, эрүүгийн найман хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүнээс эрүүгийн зургаан хэрэгт сэтгүүлчийг буруутгаж, ял оноосон бол хоёр тохиолдолд цагаатгасан. Эсрэгээрээ сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан, дарамталсан гэх хэрэг шүүхээр шийдэгдсэн талаар мэдээлэгдээгүй.

Хүний эрх, эрх чөлөөний төлөө ажилладаг өөр нэг салбарынхан бол иргэний нийгмийн байгууллагууд. Монгол хүний эрхийн төлөө ажилладаг 30 гаруй төрийн бус байгууллага бий гэсэн албан бус тоо бий. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдаж, Тахарын алба байгуулагдахаас өмнө хүчирхийлэлд өртөгчдийн эрх тэдгээр байгууллагуудын нуруун дээр байсан гэхэд хилсдэхгүй. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн ажилт­нууд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хамгаалалтандаа авсны төлөө өөрсдөө дарамтлуулсан тохиолдол нэг биш удаа гарч байсан. Төрийн бус байгууллагууд манай улсад хүний эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судалж, олон улсын байгууллагуудад илтгэл, мэдээлэл хүргүүлдэг. Гэтэл төрийн байгууллагууд нууцад хамааралгүй мэдээллээ гаргаж өгөхөөс цааргалдаг, хүлээж авдаггүй гэх зэрэг саад их бий.

Энэ мэт хүний эрхийг хам­гаа­лагчид өөрсдөө хамгаалалтгүйгээсээ болж эрсдэлд орж байгаа нь нийгэмд айдас төрүүлж байгаа юм. Ардчилсан улсуудад хүний эрхийг хамгаалагчдын эрхийг онцгойлон үздэг. Хууль эрх зүйн хувьд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах асуудлыг тусгайлан зааснаас гадна олон улсад мөрдөгддөг тунхаглалыг баримталдаг юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1998 онд “Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглал” батлан гаргасан. Уг тунхаглалд”Хүн бүр бие даан дангаар буюу бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүндэтгэн биелүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, түүний төлөө тэмцэх эрхтэй” гэж заажээ. Энэ тунхаг нь хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ямар нэгэн хөндлөнгийн оролцоо, саад бартаа, айлган сүрдүүлэг, заналхийлэлгүйгээр ажиллах боломжтой болсон үед л биелэгдэх боломжтой гэдгийг НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрсний илрэл аж. Уг тунхаг нь төрөөс хүний эрхийн хамгаалагчдын ажилд шаардлагатай эрхүүдийг хамгаалахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчноороо хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалалтандаа авахыг шаарддаг гэсэн үг. Манай улс НҮБ-ын гишүүний хувьд энэ тунхаглалыг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэлхүний эрхийг хамгаалагчийг хамгаалах нь шинэ зүйл, дадал болоогүй гэх хандлага байсаар байна. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хууль эрх зүйн орчинд энэ асуудлыг тусгах саналыг хэлсээр байгаа. Жишээлбэл, Гэмт хэргийн тухай хуульд хүний эрхийг хамгаалж ажилласных нь төлөө хохирогч болгосон бол гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгайлан зааж өгөх санал оруулжээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд ч ийм үзэл санааг тусгахыг зорьсон аж. Хуульд тусгахаас гадна хүний эрхийг хамгаалагч өөрөө хамгаалалттай байх ёстой гэсэн хандлагыг хэвшүүлэх нь чухал байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *