Хамарын хийдийн Ловон лам С.Борхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үед Хамарын хийдийн орчимд лиценз олгосон, олборлолтоо эхлүүлж байгаа талаар хэл ам тасрахаа болилоо. Энэ ямар учиртай вэ. Тусгай хамгаалалтад байдаг газар биз дээ?
-Хамарын хийдийн бүс нутагт анх 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал ашиглалтын гурван лиценз “Оуяашиёоу” гэдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид олгогдсон байдаг. Уг нь Хамарын хийдийн газрыг 1998 онд, дараа нь 2010 онд, сүүлд нь 2014 онд тус тус орон нутгийнхаа тусгай хамгаалалтын газарт авч байсан л даа. Ингээд үзэхэд ямар учраас ямар ч хайгуул хийгээгүй байж “Оуяашиёоу” ХХК нь ашиглалтын лицензийг тусгай хамгаалалттай газарт авч чадсан юм. Ашигт малтмалын тухай хуулийг /АМТХ/ судлахад энэ бүхэн хориотой л юм билээ.
-Ямар шалтгаанаар цуцалсан бэ?
Эдгээрээс 12923 А ашиглалтын лицензийг АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны өдөр 516 дугаар шийдвэрээр, 2009 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 1055 шийдвэрийн дагуу 12925А, 12922А тоот лицензүүдийг цуцалсан байдаг.“Оуяашиёоу” компани 2012 онд 12922А,12925А лицензүүдийг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. 2012 оны тавдугаар сарын 9-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ялагдсан. Давж заалдах шатны шүүх хурал дараа нь долдугаар сарын 8-нд болоход мөн л ялагдсан. Сүүлд 2012 оны аравдугаар сарын 1-нд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатанд давж заалдаад ч амжилт олоогүй, гурван шатны шүүхээр яваад 12922А,12925 А лицензүүдийг цуцалсан шийдвэр хууль зүйн хувьд зөв үндэслэлтэй болохыг тогтоож өгсөн. Энэ зөвшөөрлүүд одоо ч цуцлагдсан хэвээр байгаа.
-“Оуяашиёоу” компани 12923А лицензийг цуцалсан талаар шүүхэд хандаагүй юм уу?
-Тухайн үедээ 12923А лицензийн талбай нь Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт байсан юм болохоор орхисон бололтой юм. Гэтэл энэ компанийн тэр үеийн үүсгэн байгуулагч өөрчлөгдөж, шинээр компанийн хувьцааг худалдан авсан тал 2017 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө АМГТГ-ын даргад гомдол гаргасан юм билээ. Захиргааны хэрэг шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 1 сарын дотор гомдол гаргахаар хуульчилсан байдаг боловч Төрийн байгууллага болох агентлаг нь ч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь харгалзалгүй шийдвэрлэж “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг гаргажээ. Энэ анхан шатны шийдвэрийг ч давж заалдалгүй Кадастрын хэлтсээс 2017 оны есдүгээр сарын 18-нд хүчингүй болгосон лицензийг сэргээсэн шийдвэр гаргасан байна л даа. Энэ шүүхийн шийдвэр болон Кадастрын хэлтсийн шүүх хуралдаанд оролцсон байдлууд маргаантай, ойлгогдохгүй асуудал их олон байгаа. Энд юу нуугдаж байна гэдгийг шалгадаг тогтоодог газар шалгах л хэрэгтэй.
-Тухайлбал ямар асуудлууд байгаа вэ. Анх олгогдсон гурван лицензийг адилхан шалтгаанаар хүчингүй болгосон гэж та яриандаа дурдсан?
-Нэхэмжлэгч “Оуяашиёоу” компани бол Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг шүүхэд өгөхдөө бичсэн нь “Бид нар хуульд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж байсан. 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газар очиж кадастрын хэлтсийг мэргэжилтнээс асууж лавлаад цуцлагдсаныг мэдсэн” гэж цуцалсан шийдвэрээ саяхан мэдсэн болгож маргаанаа эхэлсэн байна лээ л дээ. Өмнө нь цуцлагдсаныг мэдээгүй байгаад л гэнэт мэдсэн гэжээ. 12922А,12925А лицензүүдийг цуцлагдсаныг мэдээд гурван шатны шүүхээр ялагдаад, 2011 оны хувьцааг нь худалдаж авсан хөрөнгө оруулагч юу авч байгаагаа шалгаж үздэггүй гээд тэр компанийн зүгээс 12923А лицензийг 2009 онд цуцлагдсаныг мэдэхгүй байна гэдгийг үгүйсгэх олон баримтууд жирийн хүний ойлголтоор хүртэл их байна даа.
Бас энэ шүүх хуралдааны үеэр кадастрын албаны дарга н.Мөнхтамир болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 12923А дугаартай лиценз нь тусгай хэрэгцээний газарт давхцалтай, наад компани чинь яг ижилхэн үндэслэлээр цуцлагдсан 12922А, 12925А лицензүүдээ яг ингэж маргаад гурван шатны шүүхээр ялагдсан байгаа ш дээ гэдгийг ерөөсөө шүүхэд танилцуулаагүй байдаг нь их сонирхолтой. Хамарын хийдийн тусгай хэрэгцээний газрын бүртгэл Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд одоо хүртэл бүртгэлтэй байгаа. Мөн “Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрүүд www.shuukh.mn олон нийтэд нээлттэй сайтад тавиастай л байна.
-Хамарын хийдийн ойр орчмын газрыг хэзээ хамгаалалтад авсан юм бэ. 2009 онд лиценз олгоход тусгай хамгаалалттай байсан уу?
-1998 онд, дараа нь 2010 онд мөн 2012 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр энд яригдаж буй гурван лиценз бүрэн цуцлагдаж, чөлөөлөгдсөн үед нь 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор тус газрыг тусгай хамгаалалтад авч кадастрын албанд илгээж бүртгүүлсэн. Кадастрын албанаас энэ тусгай хэрэгцээний газрыг бүргэлээ шүү гээд аймгийн ЗДТГ болон ИХ-д явуулсан бичигтэй бид танилцсан. Тийм атлаа 2017 оны есдүгээр сарын 18-нд “Оуяашиёоу” компани нэхэмжлэгч болж шүүхэд хандсан шүүх хурлын үеэр кадастрын газрын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тусгай хамгаалалтад авсныг мэдэгдээгүй байгаа юм даа. Тусгай хамгаалалттай газар лиценз авах гэж буйг шүүх хуралдааны үеэр огт дурдаагүй. Мөн Хамарын хийдийн тусгай хамгаалалтын газар гэж хууль тогтоомж заагаад байхад манай хийдээс гуравдагч этгээд болгон төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт ч гаргаагүй. Дээр дурдсан гурван лиценз яг адилхан үндэслэлээр цуцлагдсаныг дахиад хэлье. 12922,12925 А-ийн лиценз дээд шүүх хүртэл яваад ялагдсан шүү дээ. Гэтэл 12923А ижил шалтгаантай байж яагаад ийм шийдвэр гаргаад байдаг юм. Өмнөх дээд шүүх буруу ажилласан юм уу. 2017 оны шүүхэд асуудал байна уу. Энэ асуудал ээдрээтэй байна. Хуулийг нэг мөр хэрэглэдэг зарчим үйлчлэх ёстой.
-2017 онд явагдсан шүүх хурал ямар үндэслэлээр “Оуяашиёоу” компанийн эрхийг сэргээсэн юм бэ?
-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бас учир байна л даа. Одоогийн хуулиар нотлох баримтыг цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хариуцдаг юм билээ. Шүүхээс тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заалтыг хэрэглэсэн байдаг. Захиргааны ерөнхий хууль гэдэг маань үндсэн дээ 2016 оноос мөрдөгдөж буй хууль. Үүнийг 2009 оны асуудал дээр ашиглаж болохгүй байх л даа. Буцаж үйлчилдэг хууль байх уу. Мөн АМТХууль нь төлбөр, мэдэгдлийн талаар өөртөө нарийвчилсан зохицуулалт байсаар байхад Захиргааны Ерөнхий хуулийн заалтыг баримтлахгүй гэдгийг шүүгч, шүүх маань мэдэхгүй байна гэж үгүй байх л даа. Олон хуульчдаас асуухад нарийвчлан зохицуулсан хууль байвал Захиргааны Ерөнхий хуулийг баримтлах ёсгүй гэж заасан юм билээ. Мөн тухайн лицензийн талаар нотлох баримт цуглуулахдаа Кадастрын хэлтсийн зурган болон мэдээллийн санг шалгалгүй, тусгай хэрэгцээний газар давхацсан эсэх, хэрэв тус тусгай зөвшөөрөл сэргээгдвэл өөр гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх үү гэдгийг нарийн шалгах ёстой байсан гэж үзэж байна. Манай Хамарын хийдийг ч гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.
-Тусгай хамгаалалттай газар лиценз авсан тохиолдолд олборлолт хийх боломжгүй. Үүнд ямар зохицуулалт хийдэг юм бол?
-Тухайн лиценз сэргээгдээд гарахад “Оуяашиёоу” өөрийнхөө бүрэн эрхийг бүхэлд нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авсан. Лицензийг хаяж үрэгдүүлсэн тул 20873 гэж шинэ дугаар авсан. Шинээр авсан 20873-ыгаа хэсэгчилж “Олон ихт баян” компанид өгсөн. 21248А дугаарыг дахиад өгсөн байна лээ. Маш олон дугаар өөрчилж анхны 12923А дугаарыг өөрчилж байгаа нь ч их сонин. Мөн энэ лиценз нөөц тогтоогдоогүй байхад ашилалтын лиценз болсон, тусгай хамгаалалттай газар давхацсан, нөөцгүй ашиглалтын лиценз хэзээ ч дараагийн компанийн эзэмшилд шилждэггүй гэсэн.Энэ компани нь 2018 оны зургадугаар сард бүхэлд нь шилжүүлэн аваад 6 сарын дотор буюу 2018 оны арванхоёрдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж амжсан гээд цаг хугацааны нөхцөл байдалд хардлага төрж байгаагийн адил хамгийн сүүлд 2018 оны 1 сард хэсэгчлэн шилжүүлэн авсан “Олон ихт баян” компанийн үүсгэн байгуулагч нь нэгэн УИХ-ын гишүүний дүү аваад байгаа юм. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензиний сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлууд нь орон нутгийн зүгээс зөвшөөрөлгүй явдаггүй юм байна.
Энэ лицензийг цуцалбал нөхөн олговор олгох тухай л дарга цэрэг, ажил хашсан хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм. Нөхөн олговрын тухай судлаад үзэхэд АМТХуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах улсын засаг, нийгэм хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцэж тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн ажлын судалгааны явцад тогтоогдсон. Эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9 зааснаар тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан байдаг. Үүн дээр л тоглолт гаргах алсын зорилготой энэ лицензийг сэргээж цуцалсан болоод баахан газруудыг авах сонирхол өвөртөлсөн байх магадлал өндөр болоод байна. Нөхөн олговроо өөр газраас улсын хөрөнгөөр гүйцэтгэсэн, геологийн судалгааны явцад тогтоогдсон, эрдсийн том том ордуудыг өгөх ажиллагаа байж магад. Улсын хамгаалалттай газар лиценз аваад иргэд тэмцэхэд нь цуцлуулж нөхөн олговорт нь томоохон орд газрыг авчихдаг тохиолдлууд урьд гарсан бөгөөд тэр аргаар дахин орд газруудыг авах нөхцөл рүү шилжүүлэх вий л гэж харж байна.
-Ашиглалтын талбайг хамгаалалтад авч хураахад нөхөн олговорт нь өөр газар авах сонирхол томоохон компаниудад байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Энэ асуудалтай холбоотой гол материал нь Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолын дагуу цуцлагдсан болон олгогдсон тусгай газрын зөвшөөрлийн зураг л даа. Энэ тогтоолыг www.legalinfo.mn сайтаас бэлхэнээ харж болно. Энд нөхөн олговрын замаар тусгай зөвшөөрөл шинээр олгох солбицол гэж компаниудын нэрийг тусгаад баахан лиценз өгсөн байна. Цуцлагдсан нөхөн олговрын оронд шинээр лиценз олгож буй газрууд байгаа. 2017 онд “Азаргын чоно гол” гэдэг компани 2 лицензээ цуцлуулаад 8 лиценз шууд нөхөн олговортоо авсан жишээтэй мөн “Билгүүн эрдэнэс”, “Safe mandal”, “Мөнхийн номхон далай” гэсэн компаниуд ч лицензээ цуцлуулж шинэ лиценз авсан байна. Гуравхан лицензийг цуцлаад нөхөн олговорт нь 10 лицензийг олгосон байгаа юм. Ингэхдээ талбайн хэмжээ нь дандаа томроод явчихсан. Эндээс харахад Хамарын хийдийн газарт олгосон лицензийг цуцалсан болж, өөр газар орныг ухах хэрэглүүр болгон ашиглах арга ажиллагаанд санаархаж байвал бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Юу гэж хэлэх гээд байна гэвэл иргэд олон нийтийн эсэргүүцлийг хүлээн авч лицензийг цуцлаад нөхөн олговорт нь өөр том орд газрыг арга зальтай хүмүүст лиценз болгон шинээр өгөх гээд байна уу гэж хардаж байгаа. Бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Үнэн зөв мэдээллийг өөрсдийн баримт дээр тулгуурлаж дэлгэж тавьж байна.