Сүүлийн үед монголчуудын анхаарлыг хамгийн ихээр татсан нэвтрүүлэг бол яах аргагүй “Авьяаслаг монголчууд” шоу байлаа. Тус шоуны ялагч хэдхэн хоногийн өмнө тодорсон бөгөөд энэхүү шоуг зохион байгуулагчид үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа аж. Тэгвэл “Монгол HD” телевизийн Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, тус шоуны ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ “Авьяаслаг монголчууд” шоуны зохион байгуулалт болоод хөшигний ар дахь нууцаас анх удаа манай сонинд сонирхолтой яриа дэлгэлээ.
“Бидний зорилго монгол хүнийгнээх, монгол авьяасыггаргаж ирэх”
-“Авьяаслаг монголчууд” шоу дуусахад үзэгчид их сэтгэл өндөртэй үлдлээ. Харин танай телевизийн хувьд зохион байгуулагч гэдэг утгаараа шоуны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-“Авьяаслаг монголчууд” шоу амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн хэмжээний том шоуг анх удаа зохион байгуулах гэж байсан учраас бид гарах үр дүнг ямар нэгэн байдлаар төсөөлсөн хүлээлт байгаагүй.Харин өнөөдөр эргээд харахад үзэгчдээс ирж буй талархлын үг, эерэг хандлага биднийг шоугаа ямар ч байсан амжилттай хийгээд дуусгажээ гэж бодоход хүргэж байна. Шоуны ялагч дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэтээр хүмүүс ойлгоод байгаа. Манай ивээн тэтгэгчдийн уриа “Дэлхийд гайхагдах монгол авьяас” гэсэн утгатай боловч бидний зорилго бол монгол хүнийг нээх, монгол авьяасыг гаргаж ирэх. Дэлхийд танигдах дараагийн асуудал. Монголчууд нэгэндээ танигдаж, монгол хүнийхээ бүтээлийг үзэж баясах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө бахархалтай байх ёстой.
-Шоуны арын албанд хичнээн хүн ажиллав?
-Анх 2014 оны арванхоёрдугаар сарын 11-нд шоу зохион байгуулах эрхээ авсан байдаг. Нэвтрүүлгийн төгсгөлд дэлгэцээр урсаж буй нэрсийг харахад жилийн хугацаанд 1000 гаруй хүн шоуны зохион байгуулалтад оролцсон байна. Манай телевиз 200 орчим ажилтантай. Үүний 75 хувь нь шоунд гар бие оролцож, бараг л продакшн болчихсон юм шиг ажиллажээ. Эдгээр хүмүүсээс гадна гэрэлтүүлэг, дуу, хөдөлмөр аюулгүй байдлын компанийн 200 гаруй хүн гээд нийтдээ 1200 хүн Монголын авьяастнуудыг төрүүлэхийн төлөө ажилласан байна.
-“Got talent” шоуны эрхийг хэрхэн авдаг юм бэ. Дэлхийн хэмжээний шоу учраас дагаж мөрдөх шаардлага, стандарт өндөр гэж сонссон?
-Монголын ямар ч телевиз очоод авсан бүгдэд нь л нээлттэй. Дэлхий дээр өөр ямар том контент байна бүгд л адилхан нээлттэй. Контент эзэмшигчийн хувьд бараа бүтээгдэхүүн шиг борлуулж л байгаа учраас хэн ч авч болно. Яг мөнгөө төлөөд авах гэж байгаа хүмүүс эрсдэлээ сайн тооцох хэрэгтэй. Гол нь энэ контент Монголын зах зээлд нийцэж байгаа юм уу, үгүй юу гэдгээ бодолцож үзэх чухал. “Монгол HD” телевизийн хувьд оюуны өмчийг илүүд дээдэлдэг, ач холбогдол өгдөг гэдэг үүднээс контент эзэмшигчдийн зүгээс нааштайгаар хүлээж авсан. Бидний техникийн үзүүлэлтийн жагсаалтыг хүртэл шалгасан. Боловсон хүчин, ямар боломж байна гээд чадамжийн тал дээр нэлээд өндөр шаардлага тавьдаг юм билээ. Ингээд ерөнхийдөө болж байна. Боловсон хүчин, техник дулимаг санагдвал та бүхэн ийм компанитай хамтарч ажил, туслалцаа, зөвлөгөө авч болно гэж чиглүүлсэн.
-Гадаадаас мэргэжлийн байгууллага, мэргэжлийн продюсер, найруулагчдаас зөвлөгөө авсан гэлээ. Шоуны аль хэсэгт яг тусламж авсан бэ?
-Тэгэлгүй яахав. “Авьяаслаг азичууд”, “Авьяаслаг австраличууд”, “Авьяаслаг англичууд” шоунд ажилласан туршлагатай хүмүүс ирж зөвлөгөө өгсөн. Мэдээж тодорхой хэмжээний өртөг өндөр ч энэ удаа аль болох зөвлөгөө авч туршлага солилцоод дараа дараагийн шоуг өөрсдөө бие даан явуулдаг хэмжээнд хүрэх зорилготой ажилласан. Бид продюсерийн зөвлөгөө, сургалт цогцоор нь авсан. Шоуг яаж зохион байгуулах, шүүгчид яаж биеэ авч явах, хөтлөгч нар ямар байх ёстой гээд шоуны туршид ерөнхийдөө хоёр удаа зөвлөгөө өгсөн. Тайзны гэрэл шоу үйлдвэрлэлийн гэрэл өөр. Гэхдээ энэхүү шоу телевизээр үзэгчдэд хүрэх учраас шоуны мөртлөө телевизэд зориулсан ямар тайз, гэрэл тавилттай байх гээд нарийн ажиллагаа шаардсан. Манай Монголд төдийлөн хөгжсөн салбар биш. Шууд нэвтрүүлгийн үеийн өнгө тааруулалт бас тусдаа байдаг юм байна. Камер дээр тийм төрлийн тохиргоо байдгийг ойлгодоггүй ч байж. Манай залуус шинэ зүйл сураад авсан. Манай телевизийн зүгээс уран сайхны дэглэлтийг зуун хувь хийсэн байгаа. Энэ төрлийн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч ажиллуулъя гэсэн боловч үнэхээр бидний бэл бэнчин хүрсэнгүй. Тиймээс өөрсдөө хийж гүйцэтгэхээс өөр арга ч байсангүй.
“Төлөвлөсөн тайз засалтынхаа50 хувийгл гаргасан”
-Тайз чимэглэлийн хувьд бусад оронд зохиогдож байсан шоунуудаас дутахааргүй, бараг илүү санагдсан. Хүмүүс ч тэгж ярьж байна…
-Бид энэ нэвтрүүлгийг хийхийн тулд Америкт очиж “Авьяаслаг америкчууд”, Сингапурт очиж “Авьяаслаг азичууд” шоуг үзсэн. Туршлага судлаад бид маш гоё шоу хийж болох юм байна гэж бодсон. Гэхдээ тайз заслын хувьд бодсоныхоо 50 хувийг л гүйцэтгэсэн.
-Яагаад?
-Тайзны хүнд утааны машин Монголд байдаггүй юм байна. Тайзан дээр бороо оруулж, ус асгаж, их хэмжээний гал гаргаж болдоггүй юм байна. Гэх мэтчилэн зүйлээс шалтгаалаад анх төлөвлөснөөсөө 50 хувьтай л гүйцэтгэсэн. Тэгээд ч гадны тайзтай ижилхэн хэмжээнд засна гэвэл өртөг өндөр тусна. Тиймээс дуурь, драммын театр, Монгол кино үйлдвэрийн тайзны мэргэжлийн мундаг хүмүүсээс туслалцаа авсан. Манай монголчууд юмхнаар юм хийгээд сурчихсан хүмүүс. Тайзны бодит харагдуулах зүйлийг хүртэл өөрсдөө будаад болгочих жишээтэй. Хэдий монголчилсон ч гэсэн чанарын үзүүлэлтээс огт буурсан юм бол биш. Харин ч аль болох бага зардлаар тайз чимэглэлийг зохицуулж байсан.
-Шоуны турш цаад газраас нь сошиал дахь нэвтрүүлгийг тань бүхэлд нь хянаж, дүгнэж явсан гэж байсан. Гадаад харилцаа хэр өгөөжтэй ажилласан бэ?
– Сошиал медиа талаас нь байнга зөвлөгөө өгч явсан. Youtube, фэйсбүүк, твиттер хуудсанд хэрхэн байрлах ёстой зэрэг. Эхэндээ бидэнд стандартын дагуу явна шүү гэж нэлээд шаардлага тавьж байсан. Эхний нэвтрүүлэг цахим хуудсанд байршаад ирсэн чинь нэг их хатуу шаардлага тавихаа больсон. Ерөнхийдөө эд нар боломжийн явуулж байна, цаашдаа ер нь болохоор юм байна гэж үзсэн юм шиг байгаа юм. Харин финалын шатанд уг шоуны Азийг хариуцсан захирал болон Монголыг хариуцсан захирал бидэнд хандаж “Та бүхэн Монголдоо төдийгүй Азид толгой цохихоор хэмжээний нэвтрүүлэг бэлтгэсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр өндөр стандарттай нэвтрүүлгийг гайгүй бариад явчихсан болов уу. Ер нь эрх эзэмшигчдийн зүгээс цаад компанитай нь яриад “Youtube” дээр байршсан манай нэвтрүүлгийн бичлэгийг өөр хүмүүс хуулж цацах боломжгүй тохиргоог хийлгэсэн бол фэйсбүүктэй яриад манай нүүр хуудсыг албан ёсны хуудас болгож цэнхэр тэмдгийг нь оруулаад зохицуулж өгсөн гээд олон зүйл дээр дэмжиж ажилласан байгаа. Маш их юм сурч авсан.
-Тайз тавилтын хувьд хэр ач холбогдол өгч байсан бэ. Оролцогчдын хамтарч ажиллах уран бүтээлчдийг хүртэл та бүхэн зохион байгуулсан юм уу?
-Тайзны тавилтын ихэнх нь манайхаас хамааралтай байсан. Алдсан ч юм бий. Оносон нь ч байгаа байх. Тухайн хүний амьдрал шийдэгдэх мөч учраас зарим зүйл дээр оролцогчдын саналыг мэдээж хүндэтгэж үзэлгүй яахав. Сүүлийн гуравт шалгарсан Отгонбаяр гэхэд л анх орохдоо л сүүлийн шатанд дуулсан дуундаа дуртай гэж байсан. Тиймээс сүүлийн шатанд тэр дуугаа дуулсан. Хэнд тусламж хэрэгтэй байна тэр болгонд зөвлөгөө өгсөн. Арын хөгжимчид, дуучид, бүжигчид гээд бүгдийг бид зохицуулж байсан. Яагаад гэвэл оролцогчдын хувьд харилцан адилгүй байсан. Нэг нь караоке, youtube-ээс л харж сонсч дуугаа бэлдсэн байхад нөгөө хэсэг нь мэргэжлийн уран бүтээлчид аль хэдийнэ арга барилаа олчихсон жин тан болгоод шалгаруулалтад ирж байх жишээтэй. Тиймээс аль болох ижил түвшинд өрсөлдөх тавцанг бий болгож байсан гэх үү дээ.
-Анх шоуг нэг тэрбум төгрөгийн зардалтай гэж мэдээлж байсан. Харин төсвөөсөө давсан гэсэн. Шалтгаан нь юу байв?
-Анх биднийг эрх авах үед ам.долларын ханш одоогийнхоос арай бага байлаа. Бид нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ийм хэмжээний зардал гарна гэж ойлгосон. Гэвч шоу дуусахад нийт зардал 1.5 тэрбум болсон байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд гадны төлөөлөгч, продюсер урьж авчирлаа, дансанд нь тооцоогоо ам.доллараар явуулна, онгоц тасалбар ам.доллараар захиалга, ирээд үнэтэй зочид буудалд байрлуулна гээд дандаа ам.доллараар тооцоо хийж байсан. Энэ мэтчилэн ханшийн зөрүү бол мэдээж нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр явцын дунд төлөвлөгдөөгүй, төсвөөсөө хэтэрсэн зардал их гарсан. Үзүүлбэр болгонд үзэгчдийг телевизээр шагнана гэдэг ч юм уу зайлшгүй хөрөнгө гаргах зүйл олон гарсан.
“Монголчуудын хүнд итгэх итгэл газартуначихаж”
-Санал хураалт хэр бодитой явагдав. Үзэгчдийн хувьд нэлээд шүүмжлэлтэй хандаж, хардаж сэрдэх яриа их гарлаа?
-Монголчуудын итгэх итгэл газарт уначихаж. Дэлхийн 60 гаруй оронд энэ шоуг яг л ийм хэлбэрээр явуулдаг. Гадныхан зөвхөн саналаа өгөх ёстой. Бусад бүх зүйл шударга, стандартын дагуу явагддаг гэдэгт 100 хувь итгэдэг. Хэзээ ч ийм хар төрүүлдэггүй. Дэлхийн шилдэг форматыг төв сервер дээр нь хянаж байдаг. Хөндлөнгөөс хянаж буй компани өмнө нь дэлхийн томоохон олон шоу, нэвтрүүлэг зэрэгт ажилласан туршлагатай.
-Яагаад үзэгчдээс авсан саналын тоог зарлаж болохгүй гэж?
-Оролцогчид саналыг ил зарлачихаар өмнөх оролцогчидтойгоо ойрхон байгаагаа мэдчихээр түрүүлэхийн тулд санал хураалтад ямар нэг байдлаар нөлөөлөх гэж оролдох вий. Мөн үзэгчид “Өө намайг өгсөн өгөөгүй их хүн дэмжсэн байна” гэдэг ч юм уу үзэгчдийн идэвх буурах сөрөг талтай. Тэрнээс бол шударга явагдсан гэдгийг баттай хэлмээр байна. Би өөрөө санал хураалтын явцад ахлагчаар ажилласан. Секундын дотор мянга гаруй санал орж ирж байсан. Хүссэн хүсээгүй шоуны эцсийн дүн гарсан. Нийгэмд санал хураалт, шударга байдлын талаар нэлээд шүүмжлэл үүсч байна. Үнэндээ өөр оролцогч түрүүлсэн бол нөгөө талаас мөн л тийм яриа гаргах байсан шүү дээ. Энэ бол өрсөлдөөний бичигдээгүй хууль.
-Зардал өндөртэй шоуг зохион байгууллаа. Эргээд зардлаа нөхөж чадсан уу?
-Эхний удаа алдагдалтай ажиллах нь тодорхой. Нэг их хол зөрүүтэй алдагдал хүлээхгүйгээр зохион байгуулаад хоёр дахь жил нь орлого, зарлагаа тэнцүүлээд, гурав дахь жилээс тодорхой хэмжээний орлого олж болох юм гэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харсан. Мэдээж алдагдалтай. Гэхдээ бидний төлөвлөсөн алдагдал байсан.
-Санал хураалтаас хэр ашиг орж ирсэн бэ?
-Үүрэн холбооны түүхэнд байгаагүй мессэж ирсэн гэж үзсэн. Нийт нэвтрүүлгийн туршид сая гаруй санал өгсөн байх жишээтэй. Маш их мөнгө хийж байгаа харагдаж байна. Гэвч тухайн хэрэглэгч аль үүрэн телефоноос мессэж илгээсэн байна тэр компани орлогийн тавин хувийг авч байгаа юм. Скайтелийн хэрэгчлэгч Мобиком руу мессэж бичсэн бол тал хувийг нь Скайтел авна. Үлдсэн 50 хувийг Мобиком манайх хоёр хуваана. Манайд ирж байгаа 25 хувийг бид борлуулалтаасаа хамаараад эрх эзэмшигчтэй дахиад талаар нь хувааж авна. Ингэхээр манайд бараг л хэдхэн хувь нь орлого болж орж ирнэ гэсэн үг.
-Мэдээж шоу гарч эхэлсэнтэй холбоотойгоор танай телевизийн үзэгчдийн тоо ч нэлээд өссөн болов уу. Энэ талаарх судалгааг гаргасан биз дээ?
-Манай телевиз топ таван телевизийн тоонд ордог байсан. Сүүлийн судалгаанаас харахад шоуг нэвтрүүлснээс хойш үзэгчдээрээ манлайлж эхэлсэн. Монголд “Халтар царайт” киноноос хойш үзэгчдийг татсан ийм зүйл байсангүй. “Авьяаслаг монголчууд” шоу эхлэхэд замын хөдөлгөөн хүртэл эрс багасч байсан гэсэн. Бидэнд ч ажиглагдсан. Нэг хэсэг цахим ертөнц дэлгэрч хүчээ авснаар телевизийн орон зай тодорхой хэмжээгээр хумигдсан байсныг сэргээсэн гэж дүгнэж байгаа. Ард түмэнд үзүүштэй, чанартай нэвтрүүлэг, шоу хийх юм бол телевизийн салбар үзэгчдийг татаж чадах юм аа гэсэн ухагдахууныг бид харуулж чадлаа.
“Уран нугараач Уранбилэгийн бичлэгдэлхийн авьяастнуудын албан ёсны хуудсанд тавигдсан”
-Цахим ертөнц дэх гадаадын үзэгчдийн хандалт хэр байсан бол. Шоуны талаар хэр санал хүсэлт ирсэн бэ?
-Хүн амынхаа тоогоор харьцуулаад үзэх юм бол бусад 60 гаруй оронд зохиогдсон шоунаас хол давсан үзэгчидтэй, санал өгсөн хүмүүстэй байсан гэсэн судалгаа гарсан. Зөвхөн youtube-д гэхэд л манай нэвтрүүлэг 13 сая хандалттай байгаа. Хамгийн сүүлд дуучин Жавхлангийн “Хар хархан харц” дуу, Roket Bay репперийн “Эвдэрхий хүн” зэрэг дуу гурван сая орчим хандалттайгаараа тэргүүлж байсан юм билээ. Түүнчлэн нугараач Уранбилэгийн эхний үзүүлбэрийг үзээд бичлэгийг нь youtube дэх “Дэлхийн авьяастнууд” хуудсандаа байршуулж болох уу гэсэн санал хүртэл ирсэн. Бид дуртайяа зөвшөөрсөн. Энэ нь Монголын авьяасыг дэлхийд таниулж буй бас нэгэн гайхалтай явдал.
-Ер нь иймэрхүү том контентийг бусад оронд телевиз барьж авч байсан тохиолдол бий юу?
-Ховор тохиолдол. Ихэнхдээ продакшнууд контентийн эрхийг нь аваад нэвтрүүлгээ бэлтгээд телевизэд санал тавьж үзэгчдэд хүргэдэг байсан. Тиймээс манайхан энэ зах зээл рүү түлхүү ормоор юм шиг санагдсан. Энэ удаа бол бид видеоноос бусад олон продакшнтай хамтарч ажилласан.
“Шүүгчид өмнө нь хэрэгтөвөгтхолбогдоогүй байх ёстой”
-Шүүгчдийн хувьд цаанаасаа стандарт тавьдаг байх. Та бүхний хувьд шүүгчдийг хэрхэн сонгосон бэ?
-Энэ бол гэр бүлийн контент. Иймд өмнө нь хар тамхи, архи дарс зэрэг хэрэг, төвөгт холбогдож байгаагүй хүмүүс байх ёстой. Хүүхэд багачуудад муу үлгэр дуурайл болохгүй хүмүүс байх ёстой байсан. Шүүгч нарыг бид өөрсдөө сонгосон. Ингэхдээ өмнө нь аливаа нэг юманд оролцож байгаагүй хүн сонгоё гэсэн зарчмаар явсан. Тэр шинэ хүний гаргах эмоци хүртэл хүмүүст сонин байна шүү дээ. Тэгсэн бичсэн нэрсийн ихэнх нь хасагдчихсан. Ингээд хөгжмийн том продюсер байх ёстой үүднээс Чука ахыг сонгосон. Нэг сайхан ээж хүн хэрэгтэй байсан учраас нэвтрүүлэгч Чимгээ эгчийг сонголоо. Дараа нь хийлч Дээгийг сонгосон. Энэ сонголт хүн бүхнийг гайхшруулахын зэрэгцээ айдас төрүүлж байсан. Яах бол. Ямар характер гарах бол гээд. Миний хувьд хийлч Дээгийг эртнээс мэднэ. Дээгийгийн зочилсон аливаа арга хэмжээ ёслол нэг их сайхан гэрэл гэгээтэй болоод явчихдаг. Орчин тойрондоо гэрэл гэгээ цацруулсан сайхан эерэг эмэгтэй. Дээгий шоуны турш олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. Rokit Bay реппер бол мэдээж залуучуудын төлөөлөл. Хийж бүтээсэн зүйлтэй залуу хүн. Харин шоу өндөрлөхөд зөвхөн залуучууд гэлтгүй бүх үеийнхэн түүний ааш занг магтаж, хайртай болсон байна.
Шүүгчдийг жил болгон сольсон ч болно. Судалгаа гаргаад контентуудтайгаа ярилцаад солих шаардлагагүй ч байж болно. Хөтлөгч нар ч мөн адил.
-Хөтлөгч нарын хувьд ямар шалгуур тавьсан бэ?
-Ерөөсөө хөтлөгчдийг хөгжилтэй хүмүүс байгаасай л гэж бодсон. Английн шоуг английн ард түмэн анддаггүй, хүндэлж хайрладаг, хир нялзаадаггүй өмгөөлдөг тийм хоёр залуу хөтөлдөг.Их хөгжилтэй, гайхалтай гар нийлж ажилладаг хөтлөгч нар. Харин манайд төдийлөн хамтран гар нийлээд амжилттай яваа хөтлөгч байхгүй. Гэхдээ Анхбаяр, Ууганбаяр хоёрын хувьд мэргэжлийн сургууль төгссөн урлагийн хүмүүс учраас аливаад илүү мэдрэмжтэй хандаж байсан. Энэ хоёр хүнийг нэгтгэснээр шоуг үнэхээр чимж чадсан. Ер нь телевиз рүү хүчтэй жүжигчдийг оруулж ирье гэж бодож байгаа.
“Бид ялж, ялагдаж сурах хэрэгтэй”
-Оролцогчдын хувьд шоугаар дамжуулж олонд танигдахаас гадна өөр олон боломж нээгдсэн гэж бодож байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Манай оролцогчид бидний алган дээр байгаа юм шиг л болчихсон байна. Өглөө хэд гэж босох уу, хэд гэж унтах уу, бараг гутлын размерийг нь хүртэл бид мэддэг болтлоо тийм дотно болсон байна. Оролцогч нарын хувьд их сонин зүйл ажиглагдсан. Энэ хүмүүс ихэнх нь жирийн иргэн. Хэдхэн нэвтрүүлэг, сарын дотор тухайн хүний сэтгэлзүй маш их өөрчилдөг юм байна. Хүмүүсээс магтаал, сайшаал, шүүмжлэл гээд маш олон юм ирж байгаа шүү дээ. Бид энд бэлтгэгдээгүй байсан учраас бэрхшээлтэй зүйл ч байлаа. Эцэст нь оролцогчид өөртөө их итгэлтэй болдог. Нийгмийн маш олон төлөөлөл орж ирж байна. Энэ болгонд үзэгчдийн хандлага хүртэл өөр байдаг юм байна. Хэдий гадаадын контент ч гэсэн Монголын хөрсөнд буулгаж байгаа учраас нийгмийн хандлагыг хүртэл бодолцож үзэх хэрэгтэй юм байна. Тайзан дээр уйлах, инээх, гутрах зэрэг маш олон зан авирыг гаргадаг. Энэ утгаараа монгол хүн өөрийгөө нээж байгаа талбар болсон.
-Шоуны шилдэг оролцогчидтой хамтарч ажиллах санал хэр ирж байна вэ?
-Дэмжье, тусалъя гэсэн маш их сайхан саналууд ирж байна. Оролцогчид манай телевизтэй гэрээ хийсэн. Тухайн оролцогчдыг шинэ жилийн арга хэмжээнд дуулуулахаас эхлээд олон санал ирж байна. Бидний зүгээс гэрээний дагуу эдгээр хүмүүсийг урлагт хөл тавихад нь зөв менежментээр, уран бүтээлээ зөв үнэлүүлээд яваасай гэдэг зарчим баримталж нэг ёсондоо бөөцийлж байгаа хэрэг. -Тэгэхээр аль нэг байгууллага шинэ жилийн арга хэмжээндээ дуулуулж, бүжиглүүлэхийг хүсвэл эхлээд танайхтай холбогдоно гэсэн үг үү?
-Мэдээж тухайн уран бүтээлчтэйгээ холбогдоод зөвшөөрсөн тохиолдолд манайд хандаад гэрээгээ байгуулаад хамтарч ажиллаж болно. Учир нь эдгээр оролцогчид тодорхой хэмжээгээр олонд танигдчихлаа. Эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг бид сорох гээд байгаа юм биш гол нь энэ өндөр босго шоунаас гарч ирсэн уран бүтээлчийг газарт унагачихгүй, зохих түвшинд нь хөдөлмөрийг нь үнэлдэг болоосой л гэсэндээ санаа тавьж байна. Урлагийнхны менежмент ч гэсэн дээшлээсэй гэж хүсч байна. Нэг цомог тавьчихаад дуулаад байхгүй наад зах нь бид шаардлагатай, өндөр үзүүлэлттэй хөгжим, техник хэрэгслийг аваачиж угсраад үзүүлбэрийг нь чанартай болгоход анхаарч байгаа хэрэг.
-Шоуны турш оролцогчдын алдаа оноо бүхэн танайхтай холбоотой байсан. Тухайн үед “Нарны домог” охидын хамтлагт тулгарсан нөхцөл байдалд та бүхэн хэрхэн хандаж байв?
-Эрсдэлийг маш сайн тооцоолсон байх ёстой. Шударга бус хуваарилалт, осол аваар болох вий гээд бүх аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс бид тусгай хяналтын байгууллага хүртэл ажиллуулсан. Хэн сонгогдох, сонгогдохгүй нь биднээс шалтгаалахгүй. Шүүгчдээс л шалтгаална. “Нарны домог” хамтлагийг яг би өөрөө орон нутгаар явж байгаад олж авсан хамтлаг. Би маш их дэмждэг. Шүүгчдийн саналаар хасагдсан. Гэвч үзэгчдээс авсан санал нь нөгөө оролцогчдоос хоёр дахин илүү саналтай байсан. Ийм өндөр саналтай байсан гэдгийг шүүгч нар мэдэхгүй шүү дээ. Гэхдээ шүүгчдийн шийдвэр зөв байсан. Манайхан ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Талархаж сурах хэрэгтэй. “Нарны домог”-ийг хэн ч мэддэггүй орон нутгийн жирийн нэгэн хамтлаг байсан. Тэгвэл өнөөдөр энэ авьяаслаг, хөөрхөн охидыг Монгол даяар мэддэг боллоо. Энэ хамтлаг бол их ирээдүйтэй. Монголын уран нугаралтын салбарын асуудал гарч ирлээ шүү дээ. Тиймээс шоунаас олсон зүйл илүү болов уу.
-Сүүлийн найман оролцогчийг харахад бүжигчин, хөгжимчин, дуучин, уран нугараач гээд шоу талаас нь бодолцож зориуд үлдээсэн юм шиг харагдаад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Ер нь эвтэйхэн таарсан. Бид өөрсдөө гайхсан. Бусад орны жишгийг ч харсан. Гурван нугараач байхад хүмүүс энэ нь илүү гээд саналаа өгөөд явчихдаг юм байна. Тэрнээс автоматаар, шударгаар явагдаж байгаа санал хураалтад нөлөөлөх боломжгүй. Цэвэр үзэгчдийн шийдвэр. Бусад орны жишгээс харахад дандаа дуучин түрүүлсэн байсан. Харин манайд хөгжимчид түрүүлсэн нь содон үзэгдэл боллоо.
-Монголчууд дуучин ард түмэн. Энэ утгаараа дуучин, бус өөр үзүүлбэр хүмүүсийн сонирхлыг татсан байж таарах нь ээ…?
-Магадгүй. Дуу бол маш нийтлэг урлагийн төрөл. Монголд дуулж чадахгүй хүн байдаггүй гэдэг. Дуучдынх нь хоолойны чадал ч өндөр түвшинд хүрчихсэн учраас мэргэжлийн бус оролцогчдоос илүү ихийг хүлээдэг, өндөр босготой холбоотой байж ч болох юм. Харин ихэвчлэн дуучдын ард зогсдог хөгжимчдийн авьяасыг урагш нь гаргаад ирэхээр илүү их ур чадварыг нь биширч, гайхширсантай ч холбоотой байж болох.
-Шагналын 100 сая төгрөгийг “Эгшиглэнт чимээ” хамтлагт ямар ч татвар суутгалгүйгээр гардуулсан гэсэн. Үнэн үү?
-Үнэн. “Эгшиглэнт чимээ” хамтлаг олон хүний бүрэлдэхүүнтэй. Тэр мөнгийг маш олон хүн хувааж авна. Тиймээс хүртэх амны тоо их учраас ийм шийдвэрийг гаргасан. Тэгээд ч анхны шоу гэдэг үүднээс шагналыг бүтэн олгохыг зорьсон. Магадгүй дараа дараагийн тохиолдолд ийм шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэлгүй байна. Харин бидний зүгээс яаж хувааж авах нь гол бус энэ сайхан шоуны араас муу зүйл битгий дагуулаасай гэж хүсч байгаа. Ер нь бол мөнгөнөөс илүү үнэ цэн тэдэнд бий болсон.
-Шоуны ялагч зохион байгуулагчдын зүгээс хүсч, хүлээж байсан ялагч мөн үү?
-“Эгшиглэнт чимээ” хамтлагийг Дарханы шалгаруулалтаас нээж олсон. Бид нээж олсон гэж ярих дуртай. (инээв) Дарханы Мобикомын байранд шалгаруулалт явуулж байсан чинь “Олон гишүүнтэй учраас энд багтахгүй. Очоод тоглолтыг нь үзээд өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Бид эхэндээ бүр төвөгшөөх маягтай байсан. Очтол тэр олон өхөөрдөм, бяцхан, бүлтгэнэсэн нүд өмнөөс угтсан. Үзүүлбэр нь үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Хүн болгон эдийн засгийн хямралтай, байхгүйн зовлон тоочиж байгаа энэ үед хаягдал шил, бохирын хоолой ашиглаад сонсголонтой аялгуу гаргана гэдэг гайхамшиг. Бид тухайн үед үнэхээр онцгой хамтлаг олжээ гэж бодсон. Шоуны явцад зарим оролцогчид “Ямар удаан шалгадаг юм, ёо хурдан шалгаруулалтаа явуулаач” гэж аашилж байсан. Гэтэл эдгээр хүүхдүүд нэг ч ядарлаа гэж хэлж байгаагүй. С.Жамьяанхорол багш ясны урлагт хайртай, хөдөлмөрч хүн. Шүүгчийн хэлснээр ёстой кинон дээр гардаг багш. Шоуны турш хүүхдүүдээ бэлтгэж, дараагийн шатанд ийм юм үзүүлмээр байна гэж санаачилга гаргана. Ямар сайндаа бид “Жамьяан багш аа, дөрөвхөн минут үзүүлбэрээ үзүүлэх ёстой. Энэ, энэ хэсгийг хасъя” гэж хэлж байсан удаатай. Хөдөлмөр хүнийг амжилтад хүргэдгийн тод жишээ бол “Эгшиглэнт чимээ”. Шоунд оролцсон хүмүүс янз бүр л байсан. Үнэхээр авьяастай атлаа хөдөлмөрлөж хичээхгүй нэгэн байхад жаахан авьяасыг уйгагүй мэрийлт, хүсэл тэмүүллээр тордож, усалж байсан ч нэгэн байна. Ер нь бид энэ удаа их туршлага хуримтлууллаа.
Ирэх жилийн“Авьяаслаг монголчууд” шоунд одоогоор 200 гаруй хүнбүртгүүлжээ
-“Авьяаслаг монголчууд-2016” шоуны бүртгэл эхэлсэн гэж сонссон?
-Ирэх жилд болох “Авьяаслаг монголчууд” шоунд аль хэдийнэ 200 гаруй хүн бүртгүүлчихсэн байна. Зарим орон нутгийн удирдлагууд, театр, соёлын төвийн удирдлагууд “Бид авьяастнуудаа жагсаагаад бэлдчихлээ. Зүгээр л ирээд шалгаадхаач” гэсэн хүсэлт хүртэл ирүүлж байгаа. Бид энэ шоуг дахин явуулахад нэгдүгээрт таниулах шаардлагагүй, хоёрдугаарт туршлагатай болчихлоо. Тиймээс алхам бүрээ чанаржуулах бодолтой байна. Тухайлбал, тийм, үгүй гэсэн товчийг алтан болгох бодолтой байна. Алтан товч дарсан бол бусад шүүгчийн саналын шаардлагагүйгээр дараагийн шатанд тэнцдэг ч юм уу төлөвлөж байгаа зүйл маш олон байна.
One reply on ““Халтар царайт” кино шиг Монголчуудад хүлээлт үүсгэж чадсан нэвтрүүлэг бол “Авьяаслаг монголчууд” шоу”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru