Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулаг багийн Уртынцагаан гэдэг газар энэ сарын 8-ны өдөр ой хээрийн түймэр гарсан. Энэ талаар ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Цэндээс тодруулахад “Түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад ажиллаж байгаа аж. дэд хурандаа П.Соронзонболд ярихдаа “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд гээд нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын голомтод ажиллаж байна. Өнгөрсөн шөнө түймрийн голомтод салхи, шуурга ихтэй ч агаарын температур хүйтэн хоносон. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулж, түймрийг хяналтандаа авлаа. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ЦУОШГ, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Онцгой комиссоос урьдчилсан экспедицийг гаргаж, Халхгол, Нөмрөг орчимд байрлуулсан.
Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна” гэлээ.
Галд өртсөн иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс тодруулав. Тэрбээр “Гал түймрийн аюулд өртсөн иргэд, малчдад туслах, хохирлыг багасгах ажлыг зохион байгуулах, хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Халхгол суманд газар дээр нь ажиллахаар ирээд байна. Бид Улсын Онцгой комисс, Халхгол сумын Онцгой комисстой хамтран дараахь ажлуудыг шуурхай зохион байгуулна. Үүнд: Гал түймрийн аюулд нэрвэгсэн 10 орчим малчин иргэдэд Улсын нөөцөөс гэр олгохоор болсон. Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж малчдад хуваарилалт хийн өгөх. Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэлт хийх. Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах. Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах.
Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэлзүйн олон талт дэмжлэг үзүүлэх. Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ. Ирэх өдрүүдэд малчдыг нүүлгэхэд хүн хүч, ачааны автомашин, мал сүрэгт өвс тэжээл зэрэг нэн хэрэгцээтэй болж байна” гэв.Орон нутгийн иргэдийн аж байдал ямар байгаа талаар Дорнод аймгийн Халхгол сумын малчин Н.Сайнтөгстэй ярилцлаа.
-Та галын голомтоос ирсэн гэсэн үү. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Тэгсэн өчигдөр (уржигдар) гэр маань галд өртөөд Онцгой байдлынхан яаралтай ирж биднийг авсан. Бидний нөхцөл байдал хүндхэн байна. Одоогоор хотоос хүмүүс ирээд аймгийн Онцгой байдлынхан, сайн дурынхан, бусад аймгуудаас ирсэн хүмүүс галыг цурманд оруулсан гэж дуулсан. Мал амьтан тэнд хуйгаараа өртөж байна. Миний мэдэхийн манай зүүн дээд талд буусан саахалтынх бас өртсөн сурагтай.
-Танайх ам бүл хэд вэ. Бүгд эсэн мэнд үү. Одоо хаана байрлаж байгаа вэ?
-Манайх ам бүл зургуулаа. Хүүхдүүд аймгийн төвд сургуульд сурдаг. Манай хүн бид хоёр дүүтэй маань гурвуулаа байсан. Ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй эрүүл саруул гарсан. Одоогоор сумын төвд хадмын талын эгчийндээ байгаа. Түймэр унтраад байдал тогтворжвол арга нь олдох байх аа.
-Мал сүрэг тань ямар байгаа вэ?
-Яг тийм гамшиг гэнэт тохиолдсон үед юун мал хуй өөрсдийгөө л амь бүтэн, эрүүл саруул аваад гарахаа боддог юм байна. Одоо гал сөнөөгч нар цурманд оруулаад тогтворжуулсан учраас очиж мал хуйгаа эргэе гээд бэлдээд гарах гэж байна. Эрүүл саруул үлдсэн хойно мал хуй болно доо гээд л сэтгэлээ тэжээж явна даа.
-Сумын төвд байдал ямар байна вэ?
-Битүү утаа. Харагдах орчин хязгаарлагдмал хоолой хорсоод, нүд аргаад нөхцөл байдал хэцүүхэн байна. Байгалийн гамшигт өртсөн хүмүүс сэтгэл санаа хүнд байлгүй яахав дээ. Ойр дотныхон хамаатан садных нь мал хуй нь галд өртсөнийг дуулаад хэцүү л байгаа. Бидний амьдрал энэ хэдэн мал шүү дээ. Нэлээд мал галд өртсөн шиг дуулдана лээ.
-Цаг уурын газраас үүлэнд нөлөөлж цас оруулсан гэсэн. Гал унтраахад нэмэр болж чадсан болов уу?
-Үүрээр цас орж эхэлсэн. Газар сайхан чийгшээд, тэр нь нэмэр болж цурманд оруулсан байх. Түрүүхэн цас зогссон дахиад орох бололтой бүрхэгдүү л харагдана. Гэхдээ жаахан салхитайдуу байна.
-Аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын онцгой комисстой хамтраад галд өртсөн айлуудад гэр өгөх болон малжуулах ажил зохион байгуулах тухай мэдээлэл байна. Танайд тусламж очих байх аа…
-Ээ яасан сайхан мэдээ вэ. Тэгвэл үнэхээр түмнийхээ буянд талархаж явах болно. Цаашид яах билээ. Айлын хаяанд хэр удаан байх уу гээд толгой гашилж л суулаа. Баяртай мэдээ дуулгасанд баярлалаа.