Халх голын дайны түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Тэд бидний төлөө… Бид тэдний төлөө…” аян ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд өчигдөр зохион байгуулагджээ. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музей, Батлан хамгаалахын төв архив хамтран Халх голын дайны түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Тэд бидний төлөө… Бид тэдний төлөө…” аяны ээлжит үйл ажиллагаанд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейн эрхлэгч Л.Мягмарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид, дайнд оролцсон ахмад дайчдын ар гэрийнхэн оролцжээ.
Тус аяны хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэн Халх голын дайны тухай лекц уншиж, Улаанбаатар хотод амьдарч буй Халх голын дайнд оролцож явсан ахмадууд болон тэдний үр хүүхдүүд, төрөл төрөгсөдтэй уулзаж Халх голын дайнд холбогдох аман түүхийн баримт, архивын материал болон гэрэл зураг зэрэг түүхэн баримтуудын харилцан солилцож түүхэн баримт болон эд өлгийн зүйлүүдийг багтаасан бэсрэг үзэсгэлэн дэлгэн үзүүлсэн байна.
Уг уузалт ярилцлагад Халх голын дайнд сувилагчаар оролцож явсан 97 настай буурал Чимэдцэрэн оролцжээ. Тэрээр Дорнод аймгийн Баяндун сумаас Халх голын дайнд өөрсдийн сайн дураар явсан 16 охидын нэг бөгөөд өдгөө тэрээр эдгээр 16 охидоос ганцаараа амьд сэрүүн байгаа юм.