Categories
мэдээ нийгэм

Халиун бугын цус сэлбэх зорилгоор хийгдэж буй ажил үргэлжилж байна

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, “Алтайн халиун буга” ТББ-тай хийсэн гэрээний дагуу аймгийн Хантайширын нуруунд хоёр дахь жилдээ буга нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар ээлжийн бугыг Хустайн нуруунаас холыг зорин очихтой зэрэгцэн өнгөрсөн жилийн нутагшуулсан ижил сүрэг нь Хантайширын их нурууны салбар уулсад сул тавигдаж, уул усандаа эзэн суухаар морджээ. Энэхүү ажил нь Хантайширын нурууны бугын популяцийг судлах, устахаас нь өмнө хамгаалах, цаашид хүний оролцоо шаардлагатай бол цус сэлбэх, байгальд нь өсгөх, энэ бүсийн популяцийг дэмжих зорилгоор уугуул нутгаа унаган төрхөөр нь гэсэн уриатай ажлыг эхлүүлж байжээ.

Алтай нутгийн, ан амьтан байгаль дэлхийдээ хайртай хүн бүр энэхүү ажилд цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр тусалсаар байгаад нутгийн зон олон талархалтай байдаг юм.

Говь-Алтай аймгийн Хасагт хайрхан, Хантайшир, Хар азаргын нурууны буга үндсэн тархацаасаа салж үлдсэн, нутгийн уугуул амьтан.Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрсөн, сүргийн бүтэц алдагдсан, давжаарсан, цус ойртсон гэдэг яриа их гарах болсон. Гэвч энэ бол яг судлагдсан, шинжлэх ухааны дүгнэлт биш хэдий ч нутгийн залуус орон нутагтайгаа хамтран бодит ажлыг үр дүнтэй эхлүүлж чадсан юм. Говь- Алтай аймгийн бүс нутгуудыг хамарсан Жаргалан, Тайшир, Халиун сумдын нутагт тархсан бугын тоо толгойн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр судалсан мэдээ, судалгаа одоогоор бага гэдгийг албаныхан хэлдэг. Нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын ажиглалт, аман мэдээгээр ойролцоогоор 200-240 орчим толгой бугатай байх магадлалтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *