Categories
гадаад мэдээ

Халифын вант улсыг зарлажээ

 “Ирак, Левантегийн исламын улс” (ИЛИУ) гэх суннит бүлэг өнгөрсөн хугацаанд халдан эзэлж, хяналтаа тогтоосон Сири, Иракийн газар нутагт Халифын вант улсыг байгуулснаа зарлажээ. Түүнчлэн исламын вант улсынхаа тэргүүнээр суннит бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадиг нэрлэсэн байна. Үүний дараа Абу Бакр аль-Багдади бүх мусульман шашинтнуудад хандан  “Ардчилал гэх мэт Барууныхны хогийг үгүй хийнэ”  хэмээн мэдэгджээ. 

Үүнтэй зэрэгцэн эсрэг талд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Курдын тусгаар улс байгуулахыг уриалсан байна. Тэрээр “Курдууд бол дайчин ард түмэн, тэд улс төрийн итгэл үнэмшилээ хамгаалсан, тусгаар улс байгуулах эрхтэй үндэстэн” гэж мэдэгджээ. Түүнчлэн Ирак дахь Курдын тэргүүн Массоуд Барзани  “Курдууд өөрсдийн ирээдүйгээ шийдэх цаг ирсэн” хэмээн мэдэгдсэн байна. Курд нь Сирийн Халеб хотоос хойд хэсгийн Дияла муж,  Иракийн зүүн хэсэг болон Турк, Иранд тархан суурьшсан ард түмэн гэнэ. Курдууд удаан хугацаанд тусгаар улс байгуулах эрмэлзлэлээ хадгалсаар ирсэн аж.