Халиа тошинд өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг танилцууллаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошинд өртөх магадлал гарсан. Энэ тоог газар дээр нь ажиллаж тодорхойлсон юм.
Яг одоо халиа тошинд өртсөн 219 нэгж талбар байна. Үүнээс долоон айл зөвшөөрөлгүй, 212 нь зөвшөөрөлтэй.
Зарим хүн голын ай савд газар олгосноос халиа тошинд өртөж байна гэж буруу ойлгодог. Усны ундарга хаанаас ч, хэзээ ч гарч ирэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс ийм өндөр тоо гарч ирсэн. Халиа тошинд өртөх эрсдэлтэй айлуудад давхардсан тоогоор 1,277 удаа нүүх мэдэгдлийг хүргүүлсэн. Айлууд мэдэгдлийг хүлээж авахдаа 60 орчим айл нөхөн олговортойгоор нүүнэ гэсэн бол бусад нь “Бид нүүхгүй” гэдгээ хэлж байна.
Шаардах хуудас мэдэгдлийг тараахдаа бичлэг хийж, баримтжуулдаг.
Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх 348 нэгж талбарыг бэлдсэн.
Тодруулбал:
- Баянзүрх дүүргийн Хонхор орчимд /радиогийн станцын зүүн талд/ 98, Цагаан даваа орчимд 57 айл
- Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны хойд тал, Ногоон толгойд 145 айл
- Хан-Уул дүүрэгт Нисэх орчимд 28 айл
- Налайх дүүрэгт Тэрэлж явах зам дагуу буюу Их амд 20 айлд газар бэлдсэн.
Өнгөрсөн зуны алдаагаа давтахгүйн тулд дэд бүтэцтэй холбогдсон, хүн амьдрах боломжтой байршлуудыг сонгосон юм” гэлээ.