Categories
мэдээ нийгэм

Халдварт өвчнийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг нэвтрүүлнэ

Халдварт өвчнийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг нэвтрүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургуулийн Бичил амь, Дархлаа судлалын тэнхим, ХБНГУ-ын Хенрих Хайнагийн их сургуулийн Анагаахын микробиологи, эрүүл ахуйн институтийн багш нартай хамтран “Зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчнийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргууд” сургалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчний үүсгэгчийг илрүүлэх, оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг таниулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага, сургалтын болон мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах юм.

Энэ хүрээнд НЭМГ-ийн мэргэжилтэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын орчны болон хүнсний эрүүл ахуйн улсын байцаагч, халдвар судлаач, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын халдвар, тархвар судлагч эмч, нян судлалын лабораторийн эмч, лаборант, хүүхдийн эмч, дотрын эмч, халдвартын эмч зэрэг нийт хүн хамрагдлаа.

Манай оронд нийт өвчлөлийн дотор халдварт өвчний эзлэх хувь өндөр, эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтэд 2018 оны 12 сарын байдлаар цусан суулга /5214/, бактерийн гаралтай бусад хоолны хордлого /328/, сальмонеллёз /296/, халдварын гаралтай гастроэнтерит ба суулгат /87/ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цусан суулга 1816, бактерийн гаралтай бусад хоолны хордлого 239 тохиолдлоор тус, тус нэмэгдсэн байна. 2019 онд хэд хэдэн удаагийн олныг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт бүртгэгдэж, эрүүл мэндийн байгууллагын төдийгүй энгийн хүн амын анхаарал татсан асуудал болж байсан юм.

Иймд тус сургалтыг зохион байгуулснаар эмч, мэргэжилтнүүдийн дунд зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчнийг илрүүлэх эмнэл зүйн болон эрүүл зүйн бичил амь судлалын лабораторийн шинжилгээний орчин үеийн шинэ арга технологийг нэвтрүүлэх, халдварыг зөв илрүүлэх, оношлох мэдлэг чадвар сайжрах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *