Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны өдөр орж эхэлсэн аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, Дарь-Эх, Монель, Шинэ монель, Цагаан даваа орчмын айлууд үерт автсан. Иймд айлуудын жорлон хальж орчны бохирдол үлэмж нэмэгдсэнээр гэдэсний халдварт өвчин ихсэх эрсдэл бий болсон. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Б.Болормаатай цаг үеийн нөхцөл байдлыг тодруулан ярилцлаа.
Үер болсны маргааш буюу наймдугаар сарын 6-наас эхлээд БЗД-ийн 21 дүгээр хороонд нийт зургаан тохиолдол хордлогот суулгалт гэж оношлогдсон. Гэхдээ энэ тохиолдлыг лабораторид шинжлээд нянгийн халдвартай эсэхийг хараахан гаргаагүй. Товчхондоо илэрсэн шинж тэмдгээр нь оношилсон. Ер нь хөрсний бохирдлоос үүдээд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсөд цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Үүнд цусан суулга, гэдэсний хижиг, сальмонеллёз, бусад хордлогот халдвар нярай болоод сургуулийн насны хүүхдүүд дунд улам гаарах эрсдэлтэй.
-Удахгүй хичээлийн жил эхлэх гэж байна. Энэ үеэр энэ халдварт өвчлөлүүд улам ихсэх эрсдэл юу?
-БЗД-ийн хэмжээнд энэ сарын 1-13-ны өдрүүдэд ХӨСҮТ-д 44 хүн цусан суулга өвчний оноштой очсон. Үүнээс 23 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ч энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Уг нянгийн халдвараар голчлон бага насны хүүхдүүд мэдрэмтгий байдаг. Учир нь хүүхдүүд гадаа тоглох явцдаа орчны бохирдолд шууд хүрэлцэж байдаг. Эрүүл ахуйн хүрээнд наад зах нь гараа угаахгүй, гаднаас худалдаж авсан жимс ногоог угааж, ариутгалгүй шууд хэрэглэж байна. Иймд иргэд өөрсдөө, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гарыг тогтмол угаалгаж, халдваргүйжүүлэх нь энэ эрсдэлээс сэргийлэх гол алхам.
-Гэдэсний халдварт өвчлөл эдгэрэх явц хэр хугацаа зарцуулдаг юм бол. Эм тарианы олдоц хэвийн үү?
-Дунджаар 7-14 хоногт бүрэн эмчлэгддэг. Цаашлаад өвчтөний хүнд хөнгөн зэргээр нь ангилан хүндэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өвчтөний сорьцыг ХӨСҮТ-ийн лабораторид оношлон ямар төрлийн, юунаас үүссэн нян болохыг тогтоон шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Харин хөнгөн зэргийн халдварт өвчлөлийг Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрт нь тусгаарлаж, эмчийн хяналтад авч байгаа. Эм тарианы олдоц хэвийн хэмжээнд байна.
-Энэ удаагийн үерээс үүдсэн агаар хөрсний бохирдол хүнсний чанарт нөлөөлөх үү?
-Үерт өртсөн айл өрхүүд гэртээ байсан хүнсний бүтээгдэхүүнүүдээ шууд ариутгалгүй хэрэглэж байгаа тохиолдол элбэг ажиглагдаж байна. Үерийн нянгаар бохирдсон хүнсээ устгах хэрэгтэй. Ариутгал хийсэн ч нөлөөлөхгүй болов уу хэмээн эмч хүний зүгээс харж байна. Хэрэв хэрэглэсэн тохиолдолд гэдэсний халдварт өвчлөл, хордлогот халдвар болох эрсдэлтэй. Мөн үерээс болж бохирдсон орчинд хүнсээ ил задгай хадгалахгүй байх хэрэгтэй. Гадуур ил зарагддаг хүнсний ногоо, жимс жимсгэнэ авахдаа гарал үүсэл нь тодорхой эсэх дээр анхаарахыг зөвлөж байна.
Манайд дан ганц энэ зун гэлтгүй жил бүрийн хавраас эхлээд гэдэсний суулгалт нэмэгддэг. Иргэд үерийн улмаас дэгдэлт үүсэх вий гэх айдастай байгаа байж магадгүй. Саяны үерийн үед шуурхай хариу арга хэмжээг авсан. Мөн л ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих түвшинд хийсэн. Одоогоор бол дэгдэлт үүсээгүй байна. Модон жорлонтой айл өрхүүд бие засахдаа солих углааш зэргийг бэлдэх хэрэгтэй. Гадны нян гутлын улаар гишгэгдэн гэрт орж агаарт тархах магадлалтай. Үерээс үүдэж усны түвшин нэмэгдсэн үед бохир халих асуудал үүссэн учир айл өрх бүр дор бүрнээ хувийн болоод ахуйн ариун цэврийг сайтар сахих нь чухал.
-Өнгөрсөн долдугаар сард гэдэсний суулгалт маш их байсан талаар дуулдаж байна. Ямар учиртай юм бол?
-Өнгөрсөн сард гэдэсний суулгалтын жилийн оргил үе байлаа. Манай дүүргийн хэмжээнд гэхэд л 83 тохиолдол илэрснээс 13 нь цочмог цусан суулгалт байсан. Харин энэ энэ сарын эхээр 44 тохиолдол илэрч зургаа нь цочмог усархаг суулгалт гэж оношлогдоод байна. Шигелла гэх нянгаар үүсгэгддэг, бүдүүн гэдсийг сонгомлоор гэмтээдэг, гэдэсний хурц халдварт өвчнийг цочмог цусан суулга гэдэг. Дээрх тоо өмнө жилийг бодвол улам нэмэгдэх төлөвтэй болсон.
-Тэгвэл уг төрлийн халдварт өвчлөлийг хэрхэн бууруулах вэ. Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Гэдэсний халдварт өвчин дөрөвдүгээр сараас огцом нэмэгдэж есдүгээр сарын үеэс буурч эхэлдэг. Шат шатны боловсролын байгууллагуудад гэдэсний халдварт өвчин гэхээсээ илүүтэй амьсгалын замын халдварт өвчин нэмэгддэг. Зарим тохиолдолд гэдэсний цусан суулгалт зэргийн өвчлөл ханиадтай хавсарч илүү хүндэрдэг аюултай. Тиймээс иргэд дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиж, эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ гарал үүслийн тодорхойгүй чихэр, жимсний хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байгааг дахин хэлье.
-Бас энэ зун хүмүүс шумуулд хатгуулснаас болж тухайн газар хавдаж, буглаа үүсэн мэс засалд орох тохиолдол элбэг байгаа юм байна. Шумуулд хатгуулсан тохиолдолд иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Буглаа, идээт халдвараар өвчлөөд мэс ажилбарт орсон иргэд цөөнгүй байна. Хүн бүрийн бие физиологийн шинж чанар болоод дархлаанаас хамаарч шумуулд хазуулаад буглаж болно. Зарим нь загатнахаас өөр зовиургүй байгаа тохиолдол бий. Хэдий тийм ч гарын ариун цэврийг сахиж, тухайн хатгасан газрыг маажиж гарын хор оруулахгүй байх нь чухал.