Categories
мэдээ цаг-үе

Халдвар гарсан болон бусад хороодоос эрсдэл өндөртэй 70 мянган өрхийг шинжилгээнд хамруулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар боллоо. Энэ шинжилгээг өнөөдрөөс эхлэн энэ арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулна.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдана.

Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг НОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *