Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халамжийн Бүгд Найрамдах Улс

УИХ-ын чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн “Төсөв дээр явж байгаа нэг том ачаалал бол Хүүхдийн мөнгө болчихсон байгаа. Энэ жилийн гүйцэтгэлээр 1.9 их наяд гээд байгаа. Энэ 1.9 их наяд чинь хэрэглээг нэмэгдүүлэх нь ээ. Ялангуяа импортын хэрэглээ нэмэгдчихдэг байхгүй юу. Та нар хөдөөгүүр явбал хөдөөний хүүхэд бүр унадаг дугуйтай болчихсон. Бид унадаг дугуй үйлдвэрлэдэггүй, дугуйг гаднаас доллараар авч байгаа. Хүүхдийн мөнгө бол валютын нөөцийг бууруулсан, цаашдаа ханш, юмны үнэ өсгөсөн, эргээд ард иргэддээ дарамт болох нөхцөл нь болчихож байгаа юм. 1.9 их наядаар 320 суманд таван тэрбумын өртөгтэй үйлдвэр барих мөнгө байхгүй юу, нэг жилдээ. Та бүхэн бод доо. 320 суманд нэг тэрбумын өртөгтэй таван үйлдвэр барихад тэндхийн ажлын байрны асуудал бүрэн шийдэгдэнэ. Нэг суманд нэг тэрбумын таван үйлдвэр барих мөнгө шүү. Гэтэл үүнийг Хүүхдийн мөнгө гээд зүгээр өгчихөөр яах вэ, зүгээр л хэвчихнэ. Энд баас, Эрээнд хөрөнгө болж очно” гэж маш зөв ярьсан. Монгол Улс гурван сая хүн амтай ч 700-800 мянган иргэн нь сар бүр 69 нэр төрлийн халамжийг төрөөс авч байна. Тэдгээр халамжуудаас нь дурдвал 318 мянга орчим тэтгэврийнхэн, 58 мянган группийнхэн, 43 мянган халамжийнхан, 44600 гаруй өрхийн 243 мянган хүн хүнсний талон авч байна.

Нэг хэсэг нийгмээ сэхээтэн, ажилчин, малчин, ард гаралтай гэх мэтээр бүдүүлэг ангилдаг байсантай адил одоо талоныхон, группийнхэн, халамжийнхан, тэтгэврийнхэн…гэсэн нийгмийн бүлгүүд гараад ирчихлээ. Ийм байгаа болохоор Монгол Улсыг халамж, тэтгэмжийн орон гэхэд хилсдэх юм алга. Гэтэл улсын хэмжээнд 1.1 сая хүн буюу нийт хүний амын гуравны нэг нь эдийн засгийн идэвхтэй хүн ам гэгдэж байгаа ч үнэндээ 500 мянга нь л улс орны эдийн засгийн хүнд ачааг нуруундаа үүрч явна. Хөдөлмөрлөхөөс халамжлуулаад хэвтэх хүсэлтэй нь их байгаа болохоор Монгол Улс хавтгайгаараа халамж хүлээсэн, халамжлуулсан, амьдрах чадваргүй иргэдтэй, хаана ч өрсөлдөх чадваргүй, дорой буурай орон болж хувирах аюул ирээд байна.

Улс орны эдийн засаг нь ганцхан бүтээгдэхүүн буюу гадил жимсний экспортоос хамаарч, төр засаг нь бүхлээрээ энэ бизнесээс хараат болсон Латин Америкийн зарим орныг “Banana Republic” буюу Гадилын Бүгд Найрамдах Улс гэж анх АНУ-ын алдарт зохиолч О.Хенри XIX-XX зууны зааг дээр томьёолон нэрлэсэн байдаг. Өнөөдрийн монголчууд ганцхан халамж гэдэг эх үүсвэрийг л шүтэж, хөдөлмөр эрхлэхээ больж байгаагаас нь үзвэл манайх Гадилын Бүгд Найрамдах Улс гэж дуудагдаж ч мэдэх нь.

Хүнд оноодог хамгийн хүнд шийтгэл бол ажил хөдөлмөр эрхлэхийг нь хориглох явдал байдаг. Америкчууд индианчуудыг ажил хийх хүсэлгүй болтол нь халамжилдаг. Халамжаа очиж авдаг бэлээхэн бараатай, индианчуудын зурагтай дэлгүүрүүд тэнд бий. Тэр дэлгүүрээсээ архи, тамхи, идэж уух бүх бүтээгдэхүүнээ үнэгүй авчихна. Гэтэл одоо Америкийн уугуул иргэд гэгддэг индианчууд ажил төрөлгүй, өрсөлдөх чадваргүй, мөхөж буй ард түмэн болчихсон. Хотынх нь гудмаар архидан согтуураад, ажилгүй суугаа хүмүүсийн төрх байдлыг анзаарахад ихэвчлэн индианчууд л байдаг. Төв Азийн цээжин дээрх Монгол Улсыг яг тийм хувь тавилан хүлээж байна.

Төрийн бодлогогүй, өнөө маргаашаа л болгож байвал алс хэт бидэнд ямар пад байна аа гэсэн харалган бодлогорхуу юм хийдгийн уршиг энэ. Улстөрчид сонгуулиар ард түмэнд сайн хүн болж харагдах гэж бүх чадлаараа хичээдэг. Ард түмэн сайн хүн гэж үнэгүй юм өгдөг, тараадаг хүнийг ойлгодог болохоор улстөрчид ард түмний хүсдэг тэр сайн хүн нь байхын төлөө үнэгүй юм өгч, өгөөмөр хүний дүрд ордог. Энэ хорлонтой, явуургүй арга нь улам даамжирсаар эцэст нь Монгол Улс халамж л хүлээсэн зорилгогүй, уруу дорой, сул ард түмэнтэй болчихлоо. Үүнээс яаж гарах вэ. Гарах гарц байна уу.

Хамгийн эхэлж бид үндсэн философиудаа өөрчлөх буюу тархиа шинээр цэнэглэх хэрэгтэй. Баян хүнийг муу хүн гэж хэлдэг байсан социализмынхаа үлгэр, уран зохиолоос салах ёстой, нэгдүгээрт. Социализмын үеийн бүх уран зохиолд баян хүн муу, адгийн муухай гэж зориуд оруулсан байдаг. Тэгвэл одоо энэ ойлголтоо өөрчилж, солих цаг нь болчихлоо. Хөдөлмөрлөсөн хүн баян байдаг. Баян болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлго. Хөдөлмөрлөсний үр шим бол баян цатгалан амьдрал юм гэдгийг нийтээрээ ухаарах хэрэгтэй байна. Бид одоохон хөдөлмөрлөснөөр биш хулгай хийснээр л баяждаг гэдэг ташаа ойлголтод толгойгоо эргүүлчихээд байгаа юм л даа. Тийм биш шүү, монголчууд аа. Хэдүүлээ баян болъё. Мөнгөтэй болъё. Баян, мөнгөтэй болсныхоо дараа бид хөдөлмөрт хайртай болно, ажилладаг болно, дэлхийд өрсөлдөхүйц ард түмэн болж эхэлнэ шүү дээ. Тэр хүртэл бид нэгнийхээ сайхан, муухай зан аашийн тухай, монгол хүний ёс суртахуунгүй байгаа тухай, ядруу зүдрүү байгаагийн тухай, архинд дуртай гэх мэт таагүй асуудлыг ярихын эцэсгүй. Яриад ч барахгүй.

Монгол хүний өдөр тутамдаа гүйлгээ хийдэг харилцах дансанд нь таван сая төгрөг тогтмол эргэлддэг болсон цагт бид дээрх асуудлуудын тухай ярьж, хэрхэн засах вэ гэдгээ ярьж эхэлнэ л дээ. Байнга хэрэглэдэг картандаа таван сая төгрөгтэй хүн чинь сайхан ааштай байхгүй гээд яах юм. Ийм мөнгөтэй хүн бусдад тус болчихож чадна. Ядарсан хүнд гар сунгана. Хэнд ч сайхан ааш гаргана. Өдөр болгон ийм мөнгөтэй явдаг хүн бүсгүйгээ оройн хоолонд цэцгийн баглаа барьж уриад, амттай дарсаар дайлчихаж чадна. Дараа нь ямар ч хариу нэхэлгүйгээр гэрт нь зүгээр л хүргээд өгчихөж чадна. Би хоолоор дайлсан юм чинь энэ хүнээс ямар нэг хариу үйлдэл заавал авах ёстой гэсэн ядуувтар юм сэтгэж биед нь ойртох гэж янз бүрээр “чичрээд” байхааргүй бардам болчихно. Зам дээр хоёр машин мөргөлдөхөд жолооч нар нь гарч ирээд “Миний буруу”, “Миний ч буруу” гээд уужуу тайван хандаад хэрэлдэхгүйгээр салаад явчихаж чадна. Мөнгөтэй болчихвол энэ мэтээр хүн төрөлхтөнөөс эрдэг, хайдаг өв тэгш үйлдэл, зөв харилцааг өөрсдөөсөө аяндаа мэдэрцгээх болно. Монголчууд жижигхээн, аргалаад өнгөрчихмөөр өчүүхэн юман дээр ёозгүй зан гаргаад байдаг чинь үнэндээ мөнгөгүйтэй нь л холбоотой. Хов хоосон байж ёозтой байх гээд ч яах юм бэ. Иймээс мөнгөтэй болохын тулд ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэдэг сэтгэхүйтэй болох хэрэгтэй. Хамгийн эхэлж, социализмын үед бичигдсэн мөнгөтэй хүн, баячуудыг үзэн ядуулсан зохиолуудыг устгаж, баян хүнийг алаг үзсэн ардын үлгэрүүдийг далдруулах ёстой. Ингэж байж шинэ үеийн уран зохиол, шинэ идеал гаргаж, хөдөлмөрлөдөг хүн баяждаг, баяжсан хүн сайхан ааштай, сайн хүн байдаг гэдэг ойлголтыг ард түмний сэтгэхүйд суулгах хэрэгтэй. Залхуу хүмүүс л “Надад мөнгө чухал биш.

Би мөнгөнд дургүй” гэдэг. Залхуугаа, ажил хийхгүй байгаагаа өмгөөлж хэлж байгаа царай нь тэр. Мөнгөнд дургүй хүн хүн төрөлхтний дунд байгаагүй. Тийм хүн нэг ч байхгүй. Халамж хүлээдэг, халамжинд орохыг хүсэгчид бол урьд нийгмийн бурангуй ёсоор тархиа дүүргэж, тэрний улбаагаар баян хүнийг үзэн яддаг эмгэгтэй болчихсон. Монголчуудын халамжаар угжуулах гэсэн энэ бэлэнчлэх сэтгэлгээ нь өнөөгийн нийгэм, эдийн засагтай огтоосоо хамаагүй. Хөдөлмөрлөж мөнгө төгрөгтэй болохыг, баян чинээлэг, эд агуурсаар үл гачигдах өгөөмөр амьдрахыг хүсдэг кодыг тархиндаа анхнаасаа суулгаагүй учраас хоосон ходоодноос ирдэг дохиогоороо удирдуулаад явж байгаа нь эцэстээ халамжийнхан гэдэг тодотголд оруулаад байгаа юм. Үүнээс болж Монгол Улс Халамжийн Бүгд Найрамдах Улс гэж дуудуулах л үлдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *