Цас хаялсан өвлийн үдэш тэр хоёрын хайрын түүх эхэлжээ. Бүсгүй өөрийн гэсэн орлоготой болохын зэрэгцээ бизнес хийж үзэх залуу хүний эрч хүч дүүрэн тэмүүллээр нэгэн жижигхэн кафе ажиллуулаад удаагүй байв. Охин өнөөх кафег түрээсээр ажлуулж байгаа болохоор олон хүн зэрэг цалинжуулж чаддаггүй, тиймээс ганцаараа л зүтгэнэ. Аягаа угаагаад, орж ирсэн хүмүүсийг угтаж аваад, захиалгыг нь хүргэж өгөн завсар чөлөөгүй гүйж байсан жирийн л нэг өдөр ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ. Шинэхэн цасны жаварт бээрсэн залуу аяга халуун кофе уухаар кафед ортол зүүн хацар дээрээ содон мэнгэтэй, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан охин үйлчилж байх нь тэр. Цаанаа л нэг сэтгэлд дотно санагдах охиныг хараад суугаад л байж. Залуугийн ширээг тойрч гүйгээд байхаар нь “Халуун кофе уух гэж орж ирсэн юм” гээд аяархан хэлчихэв. Тэгсэн охин инээд алдан гүйж ирснээр залуу хос анх удаа харц тулгарчээ. Б.Тамир, С.Болормаа хоёрын танилцсан түүхийн эхний хуудас нэг иймэрхүү. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй байсан залуу хайртай бүсгүйгээ харж сэтгэл алдарсан цагаас хойш тэдний ажлаас салсангүй. Өглөө гэрээсээ гарахдаа түүндээ яаж сайхан харагдах вэ гээд аль ганган хувцсаа өмсөж гарна. Өдөр цайны цагаар ажлынхаа хамт олныг дагуулан очиж өдрийнхөө хоолыг иднэ. Байнгын үйлчлүүлэгч болсон хойноо С.Болормааг эргүүлж талтай гэдгээ илэрхийлсэн хойноо залуу орой ажлаа тараад кафед очдог болов. Зөөгч, бармен хийж ажилд нь тусалж байгаад оройд гэрт нь хүргэж өгнө. Сэтгэл гэгэлзүүлсэн хаврын орой ажлыг нь тарахыг хүлээж байгаад хотын төвөөр алхаж байхдаа үерхэх санал тавьж хосууд болцгоожээ. Нинжин сэтгэлтэй, тусч, үзэсгэлэнтэй түүнтэйгээ үерхэхийг гуйж байхдаа л сэтгэл дотроо “Чамайгаа насан туршдаа үүрд хайрлана” гэж шивнэж байсан гэдэг. Болороо ч ажилсаг, нөхөрсөг Тамирынхаа гуйлтыг баярлан догдолж хүлээж авчээ.
Б.Тамир хэвлэл мэдээллийн салбарын хүн. “ETV”, “Боловсрол” зэрэг телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа. Мэдээний албаны сэтгүүлчээс гараагаа эхэлсэн тэрээр өдгөө “6500 mile” нэртэй нэвтрүүлгийг АНУ-аас бэлтгэн үзэгч олондоо хүргэж байгаа. Сэтгүүлч мэргэжилтэй болохоор гэргийтэйгээ нийлээд “Хоёулаа өөрсдийн гэсэн телевизтэй болно” гэж ирээд л мөрөөднө. Мөрөөдлөө бүр биелчихсэн юм шиг хоорондоо ярилцана. Мэдээний хөтлөгч хэн байх вэ, программын албаны даргад хэн тохирох вэ гээд ярилцаж суух нь тэдний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг байлаа. Бас ээж шигээ хөөрхөн охинтой, аав шигээ халамжтай хүүтэй болох тухай ярилцаж байсан нь саяхан. Чемодантай хувцастайгаа айлын хажуу өрөө түрээслэн аз жаргалтай амьдарч байхдаа орой бүр мөрөөдлөө баяжуулан төлөвлөдөг байв. Удалгүй хосууд ажилдаа шамдан цалингаа нэмүүлээд өөрсдийн гэсэн унаатай боллоо. Өмнө нь цалин буусны дараахь хэд хоног таксидаж үлдсэн өдрүүдэд хөтлөлцөн алхдаг байсан тухайгаа тэд мартсангүй. Хааяа ажлаа тараад харих замд нь хүүхдээ тэвэрсэн юмуу, өндөр настай хүн гар өргөөд зогсож байвал очих ёстой газар руу нь дөхүүлээд өгнө. Мөнгө төгрөг гэж авахгүй бусдад бага ч болтугай тусалсандаа баярлаад буцдаг байв. Харин өөрсдийн гэсэн машинтай болчихоод “Өмчтэй боллоо” гэлцэн хүүхэд шиг баярлаж байжээ.
Нэгэнт хоёр биенээ олсон хосууд аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт олноо баярлуулан гэрлэлтээ батлуулан Б.Тамирынх гэж айлын өрхийг татсан нь 2013 оны зургадугаар сар. Хуримын ордонд гэрлэлтээ батлуулаад, талбай дээр очиж зургаа авахуулаад, Ганданд очиж ирээдүйгээ даатган сүслэн залбирсан тэр өдөр аз жаргалаар бялхаж байлаа. Бас хүндтэй зочдоо ресторанд урин найрлаж дуусчихаад “Одоо хаачих вэ” гэж өөдөө өөдөөсөө ширтэлцэн инээмсэглэж зогсож байсан үеэ Б.Тамир нандигнан хайрладаг. Тухайн үед өөрсдийн гэсэн гэр оронгүй байсан болохоор тэгж тээнэгэлзсэн хэрэг. Харин хурим хийснийхээ дараахан найман хувийн зээлд хамрагдаж хоёр өрөө байр худалдан авчээ. Бал сараа Америкт очиж тэмдэглэсэн дурлалт хос эх орондоо ирээд удаагүй байв. С.Болормаа уул уурхайн компанийн нарийн бичгээр ажиллана. Ажил ихтэй, заримдаа уртасгасан цагаар ажиллан өөрийгөө дайчилдаг байжээ. “Ажил ихтэй болохоор намайг тоохгүй юм” гэж хүүхэд адил хошуугаа цорвойлгон эрхлэх нөхөр рүүгээ яарах тэр нэгэн өдөр баруун хөл нь гэнэтхэн өвдсөн гэнэ. Ажил ихтэй байсан болохоор л ингэж өвдөж байгаа юм байх даа гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл нэг л биш ээ. Аль сайн гэсэн эмнэлэг болгонд очиж үзүүлэв. Онош нь тодрохгүй л байлаа. Эмч нар өвчин намдаах тариа хийж өгөхөөс өөрөөр тусалж чадсангүй. Гэвч баруун хөл нь тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ зүүн хөлнөөсөө зөрж нарийсаж эхэлжээ. Бүр өөрийн мэдэлгүй болж суга таягтай эмчилгээ хийлгэн явдаг боллоо. Эмч нар тийм өвчин байна, ингэвэл эдгэнэ гээд оношилж чадсангүй. Ямар ч байсан ясандаа л өвчин нь байна гэдгийг мэдээд Хавдар судлалын үндэсний төвийн Өвчин хөнгөвчлөх төвд яс хамгаалах тариа хийлгэж эхлэв. Эмч нар “Монголд оношлох боломжгүй байна. Эртхэн өндөр хөгжилтэй улсын эмнэлэг бараад” гэж зөвлөжээ. Ингээд Б.Тамир АНУ-д очиж эмч нартай уулзаад гэргийгээ нэн ховорт тооцогддог ясны хорт хавдартай болохыг мэдсэн байна. Хайр дурлалдаа умбан аз жаргалаар бялхаж байсан хосууд өдгөө АНУ-ын Лас Вегас хотод байгаа. Эмч нар С.Болормааг анх үзээд “Хэрэв одоо мэс засалд орвол суумгай болно. Тиймээс химийн эмчилгээнд оруулах нь зүйтэй” гэжээ. Хосууд химийн эмчилгээ хийлгэн аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэсэн итгэлтэй байгаа. Гэсэн хэдий ч зургаан сарын турш таван удаагийн курс эмчилгээнд ороод нааштай үр дүнд хүрээгүй л байна. Нэгэнт химийн эмчилгээ өвчнийг дийлэхгүй байгаа болохоор мэс засал хийлгэхээр болжээ. Төлбөр нь хэдэн ам.доллар болохыг урьдчилж хэлж мэдэхгүй гэсэн. Яагаад гэхээр ийм төрлийн хорт хавдар тун ховор болохоор мэс засал тогтмол хийдэггүй юм байна. Тэгэхээр төдөн ам.доллар болно гэсэн ханш байхгүй ажээ. Эмч нарын урьдчилан таамаглаж буйгаар хавдрыг аарцагны ястай хамт тайрч авахад 40-50 мянган ам.доллар болно гэнэ. Бас нэг боломж байгаа нь ясыг тайрч аваад металлаар орлуулбал хоёр хөл дээрээ зогсох боломжтой. Ийм төрлийн мэс засалд ойролцоогоор 80-100 мянган ам.доллар хэрэгтэй ажээ.
Одоогоор бүх химийн эмчилгээг зогсоож зөвхөн өвчин намдаах тариа хэрэглэж байгаа юм байна. Хавдар маш хурдацтай томрохын зэрэгцээ уушги руу нь үсэрхийлчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр эмч нар яаралтай мэс засалд орохыг зөвлөж байгаа ажээ. Харин уушгинд үсэрхийлснийг химийн эмчилгээгээр тогтоох боломжтой гэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл холын Америкт эмчлүүлэх зардлыг ар гэрийнхэн нь чадах чинээгээрээ бүрдүүлж байгаа. Бас хосууд гал голомтоо бадраасан хоёр өрөө орон сууцаа барьцаалан зээл аваад явжээ. Одоо харин мэс заслын төлбөр дээр тун аргагүйдэж байгаа юм байна. Тиймээс С.Болормаа, Б.Тамир нарын найзууд нийлэн хандивын тоглолт зохион байгуулж залуу хосод сэтгэлийн дэм өгөхөөр болсон. Тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа С.Болормаагийн ангийнхантай уулзахад “Яаж ийж байгаад хэдэн төгрөг цуглуулаад туслах юмсан гээд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна” гэж байлаа. С.Болормаа 2009 онд “Зохиомж” дээд сургуулийн Гаалийн удирдлагын 505.1 ангийг төгсчээ. Оюутан байхаасаа л бусдадаа тус болохыг хичээдэг байсан болохоор хүнд өвчтэй үед ангийнхан нь зүгээр өнгөрөхийг тэвчээгүй гэсэн. Тиймээс хамтлаг, дуучдыг нэгтгэн “Хайрын хүч” нэртэй хандивын тоглолт зохион байгуулж буй ажээ. Тоглолт энэ сарын 20-ны өдөр “UB Palace”-ын концертийн их танхимд 19.00 цагаас болно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Уг тоглолтыг үзсэнээр хүнд өвчнөөр шаналж байгаа С.Болормаад бүсгүйд туслах юм. Бас ХААН банкин дахь түүний 5116016163 дансанд хандив өргөж болох юм байна. Тэрээр энэ сарын 22-нд мэс засалд орохоор төлөвлөжээ.
С.АЛТАНЦЭЦЭГ