Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайраар баян “Өнөр бүл”-ийнхэн DNN.mn

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл төв”-ийнхөн уригдлаа. Бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, Улаанхуарангийн эцэст байрлах “Өнөр бүл төв-1″-ийг зорьсон юм. Өнөр бүл төв “Төв байр” болон “Цэцэрлэг” гэсэн хоёр салбартай. Бид төв замын ойролцоо бууж өгсүүр шороон замаар алхтал тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир тосч ирээд “Өнөр бүл хэмээх их айлд тавтай морил. Манайхан зундаа бэлтгээд хашаагаа будаж байна” гэв. Өглөө бид холбогдож төв рүү нэвтрэх зөвшөөрөл аван, товлосон цагтаа уулзаж байгаа нь энэ. Багш, ажилчид “Ажлын” хувцсаа өмсөн төмөр хашаагаа өнгө алаглуулан будаж байгаа харагдав.

Бид төв рүү орон “Ажилчдын гал тогоо” хэсэгт тухлан яриа хөөрөө дэлгэлээ. Тэрээр “Манайх 2017 оноос гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэхийн төлөө хүүхдүүд өрөөндөө хоолоо хийж иддэг, хувцсаа угаадаг, цэвэрлэгээ хийдэг болсон” хэмээн төвийнхөө талаар хуучлав.

Төвийн байр гурван давхар, нэгдүгээр давхарт захиргааны хэсэг, хоёрдугаар давхарт охид, гуравдугаар давхарт хөвгүүд амьдардаг. Одоогоор “Өнөр бүл төв”-ийн хоёр салбарт нийт 177 хүүхэд амьдарч байна.

Хоёрдугаар давхарт гармагц урт ягаан коридор, олон шар хаалга угтлаа. Хаалга бүрийн цаана бүтэн эсвэл хагас өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хасагдсан гэр бүлийн охид торниж байгаа. Эхний өрөө рүү тэднийхээр “Лхагва-Очир багш” ортол дөрвөн охин “Сайн байна уу, өдрийн мэнд” хэмээн мэндлэв. 10 орчим насны охин хичээлээ хийн сууж байв. Харин нэг нь орон дээрээ ном уншиж, хоёр нь цэвэрлэгээ хийж “Багш аа юнивишний эрх хаагдчихсан” хэмээн хэлж байлаа. Д.Лхагва-Очир багш “Миний охин хичээлээ хийж байгаа юм уу, танай гэр хүнстэй юү” гээд хөргөгчийг нь сөхлөө. Дээр дурдсанчлан 2017 оноос гэр бүлийн орчин бүрдүүлэхээр айл бүр хөргөгч, тусдаа унтлагын болон зочны өрөө, гал тогоотой болжээ. Хөргөгчинд нэг сагс өндөг, масло, зөөхий, элгэний нухаш, хөлдөөгчинд бага багаар ууталсан мах харагдав. Хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг тооцож, долоо хоногийн хоолны цэс гарган мягмар гариг бүр хүнсний материалыг өгдөг гэнэ. Нэг айл 8-10 гишүүнтэй, хоёр өрөө нийлээд нэг айл. Хоёрдугаар давхарт 10 өрөө, таван багштай, таван айл амьдардаг. Айлуудын цаад талд охидын ариун цэврийн өрөө, шүршүүр, наад талд угаалгын өрөө, амрах хэсэг тухлаг буйдан, тэдэнд зориулж багш нарынх нь зурсан “Гүнж”-үүд нүдэнд тусна. Охид өдөр өдрөөр ээлжлэн угаалга, хоолоо хийдэг. Охидын давхарт таван айлаас гадна номын сан, “Охидын шивнээ”, мэдээлэл зүй, уламжлалт бариа засал, эмч нарын өрөө байв. Тус төв хоёр их эмч, нэг сувилагч, эрүүл ахуйчтай гэнэ.

Ягаан өнгөөр дагнан тохижуулсан “Охидын шивнээ” өрөөнд зөвхөн охид найзууд, багштайгаа ярилцах, сэтгэл зүйн зөвлөгөө авах зэргээр ордог байна. Тус төвийн хүүхдүүд Нийслэлийн 53, 55, 69, 68, 44 дүгээр сургууль болон Насан туршийн боловсролын төвд суралцдаг. “Хүүхдийн автобустай, хүүхдүүдээ өглөө автобусаар хүргэж өгөөд, тарахад нь авчихдаг” гэж охидын дөрөвдүгээр айлын багш тайлбарлалаа.

12 настай Н “Манай хичээл орой 19:00 цагаас тардаг. Өнөөдөр өндөгтэй хуурга хийж идсэн, найзуудтайгаа гоё байна. Хоол хийж сурсан. Мэдээлэл зүй, зургийн дугуйланд явдаг. Зураг зураад л байх гоё, тайвширдаг. Би өчигдөр аавтайгаа ярьсан, багш нартайгаа маш дотно байдаг” хэмээв.

Гуравдугаар давхарт хөвгүүд бужигнасан, цэнхэрээр тохижуулсан коридор, өрөөнүүд байлаа. Эл давхарт 11-16 насны 42 хөвгүүнтэй таван айл амьдардаг. Хөвгүүдийн бүлгийн багш Э.Энхжин “Би энд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Бичиг хэрэг хариуцсан ажилтан байсан, жил гаруйн өмнөөс багшаар ажиллах болсон” гэв. “Багшийн нэг өдөр хэрхэн өнгөрч байна” гэж лавлавал “Маш их ачаалалтай, би өөрөө ээж болоогүй, гэхдээ есөн хүүтэй. Өглөө 8:30 цагаас ажилдаа ирдэг. Өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч байна гэсэн үг. Хөвгүүдтэйгээ тулж харилцах шаардлагатай учир цаг их зарцуулдаг. Манай хүүхдүүд биеийн тамир, гар урлал, зураг гэх мэт олон дугуйланд явдаг. Төв дотроо олон дугуйлантай, нэг хүүхэд 2-3 дугуйланд суралцдаг. Хүүхдүүд ч бас маш завгүй байдаг” гэж яриад “Миний хүү даалгавраа хийж бай” гэсээр цааш эргэв. Орой 17 цаг хүртэл өдрийн ээлжийн багш нар ажиллаж, оройн ээлжийн багш нар тэднийг харж хонодог байна. Хүүхдүүдийн нэг өдөр ихэвчлэн өглөө босч цайгаа уугаад, гэрээ цэвэрлэчихээд дугуйлан, хичээлдээ явж, даалгавраа хийж, хоолоо хийсээр өнгөрдөг тухай хөвгүүд ярив.

Э.Энхжин багшаас “Хүүхдүүд 18 нас хүрээд хаачдаг юм бэ” гэхэд “Хүүхдээ авна гэсэн гэр бүлүүдэд нийгмийн ажилтан нөхцөл байдлын судалгаа хийгээд гэр бүлд нь эргэн нэгтгэх үгүйг шийддэг. Хүүхэд гэр бүлд эргэн нэгдсэнээс хойш гурван жил анхаарч явах ёстой. Гэр бүлгүй, гэр бүл нь авахгүй хүүхдүүд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 21 нас хүртэл амьдарч болдог. Зарим хүүхдүүдийг тийш нь шилжүүлдэг. Хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамжийн мөнгө нь 18 нас хүртэл хадгаламжинд хуримтлагдаж байдаг. Спорт заал, шүдний кабинет, саунтай. Хүүхдүүд амьдрахад таатай орчныг бүхий л талаар бүрдүүлэхийг зорьдог” гэв.

Долдугаар ангийн сурагч А “Би 53 дугаар сургуульд сурдаг. Би чөлөөт бөхийн дугуйланд явдаг. Чөлөөт бөхөөр хичээллэх найзуудтайгаа өрсөлдөөд гоё байдаг. Өглөө босоод цайгаа ууж, гэрээ цэвэрлээд, чөлөөт бөхийн дугуйландаа явдаг. Орой хоолоо хийж идчихээд, гэрээ цэвэрлээд багш биднийг 21 цагт унтуулдаг. Энэ гэртээ дуртай, би саяхан чөлөөт бөхийн тэмцээнд орсон. Амралтын өдрөөр гадаа тоглодог” гэж ярив.

Есдүгээр ангийн сурагч А “Гар урлалын дугуйландаа дуртай, хамгийн сүүлд ваар хийсэн. Би онц сурсан чинь ангидаа олон найзтай болсон. Ах, дүү хоёртойгоо хамт жаахан байхдаа энд ирсэн. Ирээдүйд эмч мэргэжилтэй болно. Ээжтэйгээ уулзахыг мөрөөддөг”, 10 настай Б “Ээлж ээлжээр хоолоо хийдэг. Би даваа гаригт хийдэг, гоймонтой хуурга хийсэн. Багш нар маань гоё ааштай, би гурван дугуйланд явдаг. Энд дөрвөн настайдаа ирсэн, аав ээж маань нас барсан. Хүүхдүүдээ аав, ээждээ хайртай байгаарай” гээд нулимсаа арчив.

Цааш сэтгэл зүйн кабинеттай танилцлаа. Битүү дэвсгэртэй тохилог гурван өрөө, уртавтар коридор угтав. Эхний өрөөнд бүлгээрээ, хоёр дахь өрөөнд ганцаарчлан сэтгэл зүйн зөвлөгөө авдаг юм байна. Дараагийн өрөөнд сэтгэл зүйчид суудаг.

Сэтгэл зүйч Д.Хажидмаа “Сэтгэл зүйн үйлчилгээг бүлгийн болон ганцаарчилсан хоёр төрлөөр явуулдаг. Манай төв дөрвөн сэтгэл зүйч, нэг сэтгэл засалчтай” гэв. “Хүүхдүүд өөрсдөө сэтгэл зүйчид ханддаг уу, тогтмол уулзалт хийдэг үү” гэтэл “Надад ямар нэг асуудал тулгараад байна, туслаач гэж өөрөө сэтгэл зүйчид ханддаг хүүхдүүд байдаг. Харин ихэнх тохиолдолд бүлгийн багш нар хүүхдүүдээ анзаарч, зуучилдаг. Бүх хүүхдийг сэтгэл зүйн асуудлаар нь гурван төрөлд ангилсан. Эмгэг сэтгэцтэй хүүхэдтэй сэтгэцийн эмч, сэтгэл засалч нар ажилладаг. Тулгамдсан асуудалтай хүүхэдтэй сэтгэл зүйч нар ажиллаж, эрүүл сэтгэцтэй болгохыг зорьдог. Хүүхдийнхээ асуудлаас шалтгаалан урт хугацааны уулзалтуудыг ч товлоно. Миний хувьд 10-16 насны хөвгүүдийг хариуцдаг. Манай төвд хайр энэрэл үзээгүй, үл хайхрах, бие махбод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг. Тэдэнд хамгийн түрүүнд хайр хэрэгтэй. Тэд аав, ээжийгээ санаж л байдаг” хэмээв. Тус сэтгэл зүйн кабинетыг төвийн сэтгэл зүйч М.Энхцэцэг хувийнхаа 30 гаруй сая төгрөгөөр тохижуулжээ.

Хөгжмийн багш Г.Ганбаатар “Урлаг хүүхдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, эерэг хандлага бий болгодог. Би энд 10 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх ажилд ороход урлагийн ганц, хоёр номертой урлаг сонирхдог, дуулж бүжиглэдэг хүүхэд цөөн байсан. Гэтэл одоо хөгжмийн дугуйланд бараг бүх хүүхэд хамрагддаг. “Би эстратын дуучин” гэдэг тэмцээн зохиоход манай 60 хүүхдээс 30 гаруй нь оролцсон. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь урлагт дуртай, урлагаар хичээллэж байна” гэлээ.

Тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир “Манайх нийт 103 ажилтантай, ажилтан хүрэлцдэггүй. Нэг ажилтаны ачаалал маш өндөр байдаг. Жишээлбэл, гурван хүүхэдтэй айл ямар байдаг билээ, гэтэл нэг багш есөн хүүхэд хариуцаж ажиллаж байна шүү дээ. Манай хүүхдүүд зундаа очиж амардаг хоёр зуслантай. Арай том хүүхдүүдээ “Бөхөг” зуслан руу гаргадаг. Багууд нь Хандгайт руу очдог. Хандгайтын зуслан 1974 онд ашиглалтад орсон, модон байшин бий. Дээврээс ус гоожно, шал нь муудаж хүүхэд амьдрах нөхцөл, стандарт хэцүү болсон. Бид жил бүр дээврийг нь хаддаг, цахилгааны масс ихтэй. Холбогдох байгууллагад зуслангийн байранд анхаарал хандуулахыг хүссэн. Монголын төр хоёр зуслангийн асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулаад өгвөл манай хүүхдүүд маш их баярлана. Хөгжилтэй орнуудын уул уурхайн компаниуд жилийн ашгийнхаа нэг хувийг өнчин хүүхдүүдэд зориулдаг жишиг бий. “Адууны алагаас аяганы алаг нь муухай” гэж ярьдаг даа. Бид ижилхэн л үр хүүхэдтэй хүмүүс. Энд хүмүүжиж байгаа хүүхэд ирээдүйд таны охинтой, хүүтэй гэр бүл болохыг үгүйсгэхгүй, бүгд нэг л нийгэмд амьдарна гэдгийг бодож ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм.

Эх үрсийн баярыг тохиолдуулан төвийнхөн маргааш Тэрэлжид хүүхдүүдээ амраана, зургадугаар сарын нэгэнд гэртээ амарцгаана. Бүхий л баяраар хүүхдүүдтэйгээ бужигнаж байгаад л таардаг тухай ч хуучиллаа.

Өнөр бүл хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг “Манай төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 700 гаруй хүүхэд “Өнөр бүл төв”-өөр овоглон хүмүүжиж, амьдралд хөл тавьсан түүхтэй. Өнөөдөр манай байгууллагад 177 хүүхэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэх зорилго тавьж төлөвлөсөн ажлынхаа 80 гаруй хувийг хийсэн. Дугуйлангуудаар дамжуулан хүүхдүүд маш сайн нийгэмшдэг. Хуучин сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан бол одоо мэргэжлийн сэтгэл засалчтай болсон. 2-11 насны 70, 11-18 насны 107 хүүхэд байна. Нийт хүүхдийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг” гэв.

Ингээд бид Сансарын тойрог дахь “Өнөр бүл төв-2”-ыг зорилоо. “Өнөр бүл төв-2”-т 17-18 хүүхэдтэй таван бүлэг, нийт 70 хүүхэд амьдарч байна. Бүлгийн багш тус бүр 17 хүүхдийн “Аав, ээж” нь болж, хүүхдүүдийнхээ хувцсыг угааж, даалгаврыг хийлгэж, хооллож, унтуулдаг аж. Энэхүү төв “Өнөр бүл төв-1”-тэй харьцуулахад бага насны хүүхдүүдтэй учир багшийн ажил илүү их. Биднийг орох үед хүүхдүүд “Сайн байна уу, оройн мэнд” хэмээн гүйлдэж ирэв. Төвд хамгийн багадаа хоёр настай хүүхэд авдаг, ах дүү гурвуулаа, хоёр ихрээрээ ирсэн ч хүүхдүүд байв. Анги бүрт 2-3 тусгай асаргаатай хүүхэд байлаа. 70 хүүхдийн 40 гаруй нь хөвгүүд байсан юм. Гэр бүлтэй дүйцэхүйц орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд гурван ангийг тохижуулж, хоёр анги нь төсвөөс шалтгаалан хараахан тохижоогүй байв.

Бүлгийн багш Д.Номин “Охин”-тойгоо оймсыг нь угаах зуураа “Энэ төвд таван жил ажиллаж байна. Хүүхдүүд маш сайхан энергитэй, ээлжээр хүүхдүүдээ хичээлд нь явуулж, өөрсдөө амьдрах ухааны чадварт сургадаг” гэв. Хамгийн бага буюу “Дэгдээхэй” бүлгийнхэн биднийг хаалгаар цухуймагц л нүд нь гялтганаад гүйлдэж ирсэн юм. Бидний камер, дуу хураагчийг барьж үзэхийг оролдож “Энэ юу юм бэ”, “Та намайг чик гэж болох уу”, “Энэ яаж байгаа юм бэ”, “Та энд удах юм уу”, “Аниа, аниа намайг Х гэдэг”, “Сайн уу”, “Хөөх…” гэх мэтээр хөөрхөн үрс шулганалдана. Дуу шуу болон угтсан хайр татам “Дэгдээхэй” бүлгийнхэн хүүхдийн баярт гангарах хувцсаа өмсөж үзэцгээн “Баяртай, дахиад ирээрэй” хэмээн гараа даалласаар үдсэн юм.

Бага насны хүүхдийн асрамж халамж, үйлчилгээ хариуцсан эрхлэгч Ц.Цэрэнбалжир төвийн үйл ажиллагааг танилцууаад “Өнөр бүл төв-1”-ийн байрны эргэн тойрны гаражийг буулгасан учир тус төв дөрвөн талаасаа задгайрсан тухай тайлбарласан юм. Задгай талбайд хүүхдүүдээ салхилуулах маш эрсдэлтэй байдаг. Иймд төвийг тойрсон 209м.кв хэмжээтэй хашаа нэн шаардлагатай байгааг учирлаж байлаа.

Аав, ээжийгээ хэзээ ч хараагүй, бурхан болсон тэднийгээ сэтгэлдээ тээж яваа, эсвэл хэзээ нэг л өдөр хүрээд ирнэ ээ гэж горьдлого тээсэн ижилхэн зовлонтой Монголын 177 бяцхан зүрх нэг гэр бүл болон, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн “Өнөр бүл төв”-д торниж байна. Тэд уух ус, идэх хоол, унтах ор, өмсөх хувцсаар дутаагүй ч ганцхан л зүйлээр дутаж яваа. Тэр нь “Эцэг, эхийн хайр”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *