Уул уурхайн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм.
3.3 тонн нүүрс экспортложээ
2016 оны эхний гурван сарын байдлаар нүүрс 5.2 сая тонн, алт 1.8 тн, газрын тос 305.2 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 37.3 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 379.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 133.9 мянган тонн, цайрын баяжмал 21.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Харин 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдрийн, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс, 303.0 мянган тонн газрын тос тус тус экспортложээ.
Уул уурхайн салбараас 34 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн
Ашигт малтмалын газар оны эхний гурван сард 7.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин Газрын тосны газар нийт 27.0 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Уул уурхайн сайдын багцын орлогоор 34.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн аж.
Хайгуулын 1164 тусгай зөвшөөрөл олгосон
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 3915 дугаар олгосон байна. Өргөдлийн дугаар авсан аж ахуйн нэгжүүдээс 1580 нь хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.
Үүнээс:
Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн- 1164
Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн- 481
Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан- 652
-Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 38 өргөдөл байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогсжээ. Гэхдээ ойрын хугацаанд олгох үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ АМГ-ын дарга мэдэгдлээ. Эрдсийн хуримтлал бүхий 63 талбайд долоон удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай явуулж 27 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Цаашид энэ хэлбэрийн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх аж.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явцад өөрчлөлт оруулна
Эрдэс баялгийн бодлогын зөвлөл энэ сарын 14-ний өдөр хуралдаж “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц”-ын талаар хэлэлцжээ. Дээрх хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох явцад аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлагуудад тулгардаг хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгах зорилгоор зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Үүнд: Төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл авахаас өмнө орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэгдсэн байдлаар санал авах, тэдний судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс санал авах хугацааг уртасгах, дэмжсэн санал өгөгдсөн тохиолдолд хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг шууд олгох, өргөдөлд дурдсан талбай нь өөр талбайтай хэсэгчлэн давхцвал аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн түүнчлэн уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг батлах, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.