Categories
мэдээ цаг-үе

Хадгаламжийн томьёо

Мөнгөө хадгалах тухай яриа өрнөхөөр хүмүүс ихэвчлэн “Мөнгө байхгүй юм чинь юуг нь хадгалах вэ дээ” гэдэг. Харин МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Л.Оюун мөнгө байгаа гэдгийг баталж, түүнийгээ хэрхэн хадгалах тухай зөвлөдөг. Эхлээд тэр “Хадгаламжийн томьёо” гээд баахан тоо харуулах вий. Түүнийг нь мэргэжлийн бус хүн харахад эрээн цоохор юм үзэгдэнэ. Харин Л.Оюун багш мөнөөх томьёогоо ийнхүү “орчуулна”. “Манайхан орлого орж ирэхэд зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Энэ буруу. Орлого орж ирэхээр тодорхой хэсгийг нь хадгаламжиндаа хийгээд, үлдсэнийг нь би жаргалтайгаар үрдэг юм. Цалин гэх мэт тогтмол орлогын 15 хувийг хадгаламжиндаа хийж, харин нэмэгдэл орлогын 50-60 хувийг цааш нь хийдэг” хэмээн туршлага хуваалцсан.

Хадгаламжийн алтан дүрэм: Аль болох эрт, аль болох ихийг, аль болох өндөр хүүтэй хадгаламжинд хадгалах гэнэ шүү. Орлого орж ирсэн өдрөө хадгална. “Маргааш банк орно” гэвэл мөнгө хаашаа ч юм алга болчихдог. Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ? Харин үүний оронд орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэх зарчмыг хэвшүүлье. Энэ бол хадгаламжийн зөв томьёо. Орлого олонгуутаа юу авах вэ гэж бодох хэрэггүй. Олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг нь хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно гэсэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *