Жил бүрийн 4 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг.
Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Хамгийн хортой хачигт ойн хачиг ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг 7 аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна.
Иймд, хачигт халдвараас урьдчилан сэргийлж, хазуулахгүй байхын тулд биедээ хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас өмсөх, малгай, алчуур зүүх, түрийтэй гутал өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Агаар салхинд явахдаа өөртөө болон хүүхдүүдийн биет үзлэг хийх, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях зэргээр анхааралтай байхыг зөвлөж байна.
Байнгын хөдөө орон нутагт ажилладаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг вакциныг урьдчилан хийлгэх боломжтой бөгөөд тус вакциныг “Зоонозын өвчин судлалын төв”-д хийлгэж болно.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР