UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан маргааш Лас-Вегаст болно. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй тулааны өмнөх хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. Конор Макгрегор хэвлэлийн бага хурлаас 25 минут хоцорч ирсэн тул Хабиб хэлэх үгээ хэлчихээд хүлээлгүй гараад явчихсан байв.
“Конор сайн тулаанч болохоор би болгоомжтой байх болно. Тэр бокс сайн тоглодог. Гэхдээ би барилдаандаа түүнээс илүү, бяраар ч давуу. Ер нь намайг зогсоохын тулд алах л хэрэгтэй. Тэрнээс нааш би зогсохгүй шүү, Конор. Түүнийг босч чадахгүй болтол нь балбах төлөвлөгөөтэй.
Магадгүй шүүгчийн шийдвэрээр ялагч тодорч ч мэднэ. Эсвэл би цаг дуусахаас өмнө нам цохичих биз. Ямартай ч түүнийг ялахдаа л ялна. Тэр Диаст ялагдсан бас Мейветерт ялагдсан. Одоо надад ялагдана” хэмээн Хабиб Нурмагомедов өгүүлсэн байна.
Ингээд Хабиб гарч яваад 10 минут өнгөрсөний дараагаар Конор Макгрегор гэрийнхээ таавчигтай танхимд орж ирсэн юм.
“Хүлээж чадалгүй хулчийгаад гараад явчихсан уу? Хабиб маш олон сул талтай. Тэр Дагестаных болохоор зөвхөн барилдаж л чаддаг. Тэр багадаа баавгайтай ноцолдож өссөн байж болно. Тэр сайн бөх. Үнэхээр сайн. Гэхдээ тулаан бол бөхийн барилдаан биш. Би түүнийг дөнгөх болно. Тэр баавгайтай ноцолдож үзсэн ч ирланд гориллтой бол тэмцэлдэж чадах ч үгүй” хэмээн Конор Макгрегор өгүүлжээ.