Categories
мэдээ нийгэм

“Хаан гэр” рестораны I давхар галд өртөөгүй гэв

Нийслэлийн төв хэсэгт буюу Хүүхдийн урлах бүтээх төвийн замын зэргэлдээ орших “Хаан гэр” ресторан болон шар айрагны үйлдвэрт өчигдөр 15.33 цагийн орчимд гал гарсан талаар бид мэдээлсэн.

Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ын 70 алба хаагч 20 автомашинтайгаар ажиллаж, галыг өчигдөр 20.30 цагт намжаан, 01.49 цагт бүрэн унтраасан байна. Энэхүү галыг олон цагийн турш унтраах боломжгүй байсан шалтгаан нөхцөл хүндрэлүүдийн талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар өнөөдөр өглөө мэдээлэл хийлээ.

Тэрээр “Гал гарсан барилга нь 1957 онд баригдсан хуучны барилга учраас барилгын зураг хийц, бүтэц нь тодорхойгүй байсан. Мөн тавын банзаар доторлон, хөөсөнцрөөр дулаалж, дахин тавын банз хадаж, шилэн хөвөнгөөр доторлосон байсан нь гал тархах гол шалтгаан болсон. Барилга шувуун дээвэртэй байсан учраас дээр гарч ажиллахад бэрхшээлтэй тал байлаа. Гэхдээ манай алба хаагчид бүх нөөц бололцоогоо дайчилж ажилласны хүчинд барилгын нэгдүгээр давхар руу гал орохоос бүрэн хамгаалж чадсан. Техник, тоног төхөөрөмжөөр дутагдсан асуудал байхгүй. Манай автомашинууд болон гал сөнөөгчид 2013 оны техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон” гэлээ.

Одоогийн байдлаар гал гарсан объектыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад аваад байгаа бөгөөд гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч, шинжээчид газар дээр нь ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *