ХААН банкны салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Ганбатттай ярилцлаа.
-ХААН банкны Экспресс болон Цахим банкны үйлчилгээнд хүмүүс таатай хандаж байна. 2017 онд танай хамт олон ажлын амжилт дүүрэн байв уу?
-2017 онд ХААН банк хэд хэдэн том зорилт тавьж ажиллалаа. Үүний нэг нь харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хялбар аргаар авах боломжтой цахим банкны үйлчилгээгээ сайжруулах, шинэ үйлчилгээ гаргах, цахим банкны сүлжээгээ өргөжүүлэх зорилт байлаа. Энэ хүрээнд өнгөрсөн онд Монголд хамгийн олон буюу 1000 гаруй ATM, 130 гаруй өөртөө үйлчлэх экспресс банкуудыг орон даяар байршуулсан. Найман мянга гаруй карт уншигч машинтай болсон гээд Цахим банкны маш том сүлжээг ХААН банк байгуулж чадлаа. Энэ нь олон харилцагчийн цаг завыг нь хэмнэх, амьдралдаа их цаг гаргах боломжийг нээж өгсөн. Бидний Цахим банкны чиглэлээр хийсэн энэ олон ажлыг манай харилцагчид, иргэд таашаан хүлээн авч байгаа. Шинэ технологи, шинэ үйлчилгээнд манай хэрэглэгчид маш хурдан дасч сурдаг, хурдан хэрэглэдэг. Түүгээр ч зогсохгүй хэрхэн сайжруулах санал зөвлөмж хүртэл хэлж байгаа нь бидний үйлчилгээ харилцагчдадаа үр өгөөжөө өгч байгаагийн нэг илрэл юм.
-Харилцагчийн хамгийн их хэрэглэдэг шинэ бүтээгдэхүүнүүд гэвэл юуг нэрлэх вэ?
-Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч байна гэдэг бол ингэж хэлж, мэдээлээд орхичих биш түүнийгээ амьдралд бодитойгоор нэвтрүүлсэн байх ёстой. Бид 2017 онд шинээр QPay үйлчилгээ буюу QR кодоор төлбөр төлдөг үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж байлаа. Мөн ХААН PAY үйлчилгээ нь гар утасны дугаараар, фейсбүүкийн найзууд руугаа, байршлаар нь мөнгө шилжүүлэх боломж олгож байгаа юм.
ХААН банкны апплейкшн руу ороход хурууны хээгээр нэвтэрдэг боллоо. Харилцагчаа хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон тооны хөгжүүлэлтийг хийлээ. Тухайлбал АТМ-ээс мөнгө шилжүүлэхэд хүлээн авагчийн нэр гарч ирдэг, гүйлгээний утга бичдэг, бүх мэдээллээ шалгаад гүйлгээгээ хийдэг боломжийг нээж өглөө. Харилцагчид маань салбар дээр ирж, карт захиалаад заавал эргэж ирж авдаг байсан бол бид захиалсан картыг нь шуудангаар хүргэж өгдөг болсон. Энэ олон үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож, амьдралд нэвтрүүлснээр ХААН банк Цахим банкны үйлчилгээгээр улсдаа тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Үүнийг маань ч олон улсын байгууллагууд өндөр үнэлж, Монгол Улсын шилдэг дижитал банк шагналыг хоёр ч ОУ-ын байгууллагаас олголоо. Мөн Кредит картын үйлчилгээн дээр үсрэнгүй дэвшлийг авчирч чадсан гэж үзэж байгаа. Тухайлбал, эмэгтэйчүүдэд зориулан гоёмсог “Гламор” кредит карт гаргалаа. Платинум карт маань МИАТ-ийн нислэгийн миль тооцох боломжтой болсон. Энэ мэт бид үйлчилгээндээ өдөр тутамд хүмүүст хэрэгтэй үнэ цэнэтэй зүйлсийг нэмж байна.
-Цахим банк хүн бүрийн хэрэглээ болж, үйлчилгээ нь өргөжөөд ирэхээр амар хялбар болдог ч нөгөө талд эрсдлүүд дагалдаад гарч таарна. Энэ тал дээр хэрэглэгчээ хамгаалах ямар арга хэмжээ авдаг вэ?
-Цахим банкны хэрэглээ, хөгжил зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. Өдөр тутам л шинэ технологиуд нэвтэрч, хэрэглээнд ордог. Үүнийг дагаад үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын зүгээс болон хэрэглэгч талаасаа ч мэдлэг, мэдээлэл, болгоомж шаарддаг. Тухайлбал, карт эзэмшигч картын нууц дугаараа олон нийтийн газар хэн нэгэн хүнд хэлдэггүй байх хэрэгтэй. Төлбөр төлөх үеэр “Таны нууц дугаар хэд вэ” гэж асуух тохиолдол гардаг. Ингэж асуудаггүй байхыг үйлчилгээний байгууллагад хэлдэг. Карт эзэмшигчдэдээ ийм асуултад хариулдаггүй байх талаас нь сануулж, зөвлөдөг. Тийм учраас үйлчилгээний байгууллагад карт уншигч машиныг утаснаас нь салгаж, харилцагч өөрөө нууц үгээ хийх боломжтой байдлаар байрлуулах гэх мэт арга хэмжээг эртнээс нэвтрүүлээд явж байгаа.
Цахим банкин дээр нууц үг гэдэг ойлголт гардаг. Хүмүүсийн имэйл хаягийг хакердах, мэйл хаяг руу нэвтэрч банкны нууц үгийг нь мэдэх, ингэснээр цахим банкнаас нь мөнгө шилжүүлж авах зэрэг залилан, гэмт хэргийг олон улсад phishing буюу загасчлал гэж нэрлэдэг. Ийм хэрэг олон улсад төдийгүй манайд ч мэр сэр гардаг. Тийм учраас харилцагч маань хэрэглэгчийн дугаар, нууц үг, данс болон регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ бусдад хэлэхгүй байх, ямар нэг зүйл дээр бичиж орхихгүй байх, нууц үгээ гурван сар тутамд байнга сольж хэвших хэрэгтэй. Хэрэв нууц үгээ хэн нэгэн хүнд хэлэх, өөр хүн нууц үгийг маань мэдчихлээ гэж сэжиг төрвөл тэр даруй интернэт банк руугаа нэвтэрч орон нууц үгээ солих, бүр болохгүй бол банкныхаа лавлах төв рүү утасдан интернэт банкны эрхээ хаалгах ёстой. Картын нууц дугаарыг ч мөн адил хэрэглэгч өөрөө аль ч ATM дээр очоод солих боломжтой байдаг. Ийм мэдлэг, мэдээлэл, хариуцлагыг харилцагч иргэдээс давхар шаардах боллоо.
-Банк цахимжихын хэрээр олон улсад ч манайд ч шинэ төрлийн гэмт хэргүүд гарах болсон талаар та дурдлаа. Саявтархан гэхэд танай банкнаас хэрэглэгч гэх нэг эмэгтэй картнаасаа мөнгө алдсан талаар мэдээлэл гарсан. Үнэхээр тэр хүн мөнгөө алдав уу, ямар тохиолдол болов?
-Үнэхээр олон улсын хэмжээнд ийм хэргүүд гарах болж, цагдаагийн байгууллагууд ч, банкууд ч иргэдийнхээ сонор сэрэмж, мэдлэг мэдээлэлд анхаарах болсон. www.control.mn гэсэн сайтад манай нэг харилцагч яриа өгсөн байсан. Бидний зүгээс тухайн харилцагчийн нэр, хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж байгаа. Харилцагчийн маань тухайн вэб сайтад өгсөн яриагаар бол сэжиг бүхий линк дээр дарж, өөрийн хувийн мэдээллээ оруулна уу гэсний дагуу оруулсан гэжээ. Энэ нь магадгүй загасчлал буюу цахим гэмт хэрэгт өртсөн байх хандлагатай. Бид урьдчилсан байдлаар тэгж харж байгаа. Гэхдээ яг ямар гэмт хэрэгт өртсөн, хэн халдсан гэдгийг нь хуулийн байгууллага тогтооно. Харилцагчийн хувьд өөрийнх нь хийгээгүй гүйлгээ гэдгийг бидэнд хэлсэн. Манай харилцагчийн үйлчилгээний газар энэ гомдлыг хүлээж аваад хуулийн байгууллагын өгсөн зөвшөөрөл, хүсэлтийн дагуу өөрийнх нь дансны дугаараар ямар гүйлгээ хийсэн мэдээллийг гаргаж өгсөн. Одоо үүнийг шалган тогтоох ажил үргэлжилж байна. Уг харилцагчийн мөнгө өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр дансанд шилжиж орсон гэдгийг тогтоосны дараа хохиролгүй болгох бүх боломж бий. Үүнийг шалгахад мэдээж цаг хугацаа орно. Зөвхөн банк ч биш, хуулийн байгууллагатай хамтран ажилладаг. Тухайн үед харилцагч маань асуудлыг түргэн шийдэхгүй байна гэсэн бухимдалтай байсан учраас тэгж ярилцлага өгсөн гэсэн. Гэхдээ бид дахин уулзаж, харилцан ойлголцсон учраас хуулийн байгууллагатай хамтран ажиллах үйл явц үргэлжилж байна.
-Заавал хуулийн байгууллагын зөвшөөрөл хэрэгтэй болдог юм уу, банкнаас шалгаад гомдлыг шийдээд явж болдоггүй юм уу?
-Тийм боломжгүй. Данснаас нь өөрийн нь хийгээгүй гүйлгээ гарчихсан байна гэсэн гомдлыг гаргалаа гэхэд банкны ажилтан уг гүйлгээг аль данс руу орсон байна гэж мөрдөж шалгах боломжгүй. Харин тухайн иргэн банкинд мэдээлэхээс гадна хуулийн байгууллагад эхлээд хандаж, цагдаагаас тогтоол ирүүлсний дараагаас бид холбогдох мэдээллийг гаргаж өгдөг. Үүний дараагаас үргэлжлээд хуулийн байгууллагын шалгах үйл ажиллагаа эхэлж, банк үүнд нь бүхий л мэдээллийг гарган өгч хамтран ажилладаг. Нэг талаасаа түвэг чирэгдэл ихтэй мэт боловч нөгөө талаасаа олон мянган харилцагчдынхаа санхүүгийн мэдээллийг нууцалж, хамгаалж байгаа хэрэг гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй.
-Дээрх эмэгтэйн бичлэг цацагдсаны дараа цөөнгүй хүн “Би данснаасаа төдөн төгрөг алдсан, би ч бас алдсан” гэж сэтгэгдэл бичсэн байсан. Үнэхээр ийм олон хүн ХААН банкны данснаасаа мөнгөө алдсан хэрэг үү. Жүжигчин Сөрөлт хүртэл мөнгөө алдсан талаар бичсэн байсан. Тэр олон хүн танайд албан ёсоор хандсан уу, та нар шалгаж үзсэн үү?
-Тэр мэдээллийн дор сэтгэгдэл олон байсан ч бидэнд албан ёсоор хандагсад цөөн. Хэрэглэгч өөрөө хүсэлтээ гаргаагүй байхад бид дансны мэдээллийг нь шалгаж үзэх боломжгүй. Жүжигчин Сөрөлт өөрийн фэйсбүүк хаягаасаа “Миний данснаас 500 гаруй мянган төгрөг алдагдлаа” гэсэн утгатай мэдээллийг оруулсан байсан болохоор бид түүнтэй холбогдсон. Тэрээр гадаадад яваа учраас ирээд холбогдоё гэсэн. Сошиалд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн үнэн, худал гэж бид шалгаж мэдээлэх боломжгүй. Тухайн хэрэглэгч үнэхээр энэ гүйлгээг өөрөө хийгээгүй тохиолдолд банкиндаа мэдээлээд улмаар хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргах ёстой. Ийм хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас банкинд тухайн гүйлгээний тухай, хүлээн авагчийн тухай мэдээлэл авахаар манайд тогтоол ирүүлэх ёстой. Ийм процесс явагдах ёстой гэдгийг дахин хэлье. Өөрөөр хэлбэл хуульд заасан процедурын дагуу шалгах тогтоох ажил нь явагдах ёстой юм.
-Бага сага мөнгө үрэгдээд байна, алга болоод байна гэж байгаа хүмүүс хуулгаа аваад харахаар мартсан санасан гүйлгээ гарч ирж байгаа гэж дуулсан юм байна…
-Хүний хувийн данснаас тэр хүний зөвшөөрөлгүй ганц төгрөг ч алга болох учиргүй. Энэ бол банкны үндсэн үүрэг. Банк бол тэр олон харилцагчдын мөнгийг маш хариуцлагатайгаар хадгалах ёстой. Зээлүүлэхдээ хүртэл бид маш хянуур ханддаг. Маш нарийн шалгуур бүхий дүрэм журамтай. Үнэхээр хүмүүсийн хэлээд байгаа шиг данснаас нь мөнгө гарчихлаа гэж бодвол хамгийн түрүүнд дансны хуулгаа авч шалгаарай гэж хүсмээр байна. Ямар тохиолдолд ийм эргэлзээ төрж болох вэ гэхээр Ухаалаг банкны үйлчилгээ авсан хүмүүст 5000 төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд гар утсанд нь мессэж ирдэг. Төдий тооны төгрөг таны данснаас гарлаа, эсвэл орлого орлоо гэсэн мессэж. Таван мянган төгрөгөөс доош гүйлгээ хийхэд энэ мессеж ирдэггүй гэсэн үг. Заримдаа хүмүүс бага дүнтэй гүйлгээ хийснээ мартах тохиолдол гарна. Дараа нь 5000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийхэд мэдээлэл ирэхдээ өмнөх мөнгийг оролцуулаад илүү их мөнгө хасагдсан шиг ойлгогддог. Үүн дээр хүмүүс мөнгө алга болчихлоо гэж ойлгож бухимдаад байх талтай. Жишээлбэл, “Миний дансанд 80 мянган төгрөг байсан, 20 мянгаар юм авахад 24 мянган төгрөг хасагдсан мессэж ирлээ” гэдэг. Гэтэл өмнө 4000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь мэдээлэл ирээгүй болохоор мартчихсан байдаг. Өчигдөр л гэхэд манайд нэг харилцагч хандаад данснаас нь 4000 гаруй төгрөг дутлаа шалгаад өгөөч гэсэн. Манайхан тухайн дансны хуулгыг нь гаргаж өгсний дараа хажуугийн дэлгүүрээсээ ийм мөнгөн дүнгээр гүйлгээ хийснээ санаж байх жишээтэй.
Тийм болохоор дансны хуулгаа эхлээд сайн шалгаарай гэж бид зөвлөж байна. Үнэхээр таны хийгээгүй гүйлгээ байх юм бол бичиг баримттайгаа өөрт ойр ХААН Банкны салбар эсхүл манай Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 утсанд хандаж шалгуулахад нээлттэй. Энэ 1800-1917 гэсэн дугаар энгийн утасны тарифтай гэдгийг бас хэлье. Манай харилцагчийн мэдээллийн төв 24 цагийн турш ажилладаг. Мөн callcenter@khanbank.com хаягт зөрүүтэй гэж үзэж байгаа дансны гүйлгээний хуулгаа явуулахад бид шалгаад хариу өгөх боломжтой.
-Мэссэжээр мэдээлэл авахад 50 төгрөг унадаг. Олон 50 төгрөгийн нийлбэр бас бага сагаар алга болоод байгаа мэт ойлголт төрүүлж болох тал бий юу?
-Үйлчилгээ үзүүлсний шимтгэл хураамж аль ч банкинд байдаг. Ямар бүтээгдэхүүн, ямар үйлчилгээ авч байгаагаас шалтгаалаад төрөл бүрийн хураамж шимтгэл бий. Таны хэлж байгаа 50 төгрөгийн хураамж бол “Ухаалаг мэдээ” үйлчилгээний хураамж. Энэ үйлчилгээг авч болно, авахгүй байж болно. Ийм мессэж авахгүй гэвэл дансны мэдээлэл, гүйлгээний мэдээллээ шалгах олон боломжууд, арга зам бий. Чухамдаа хэрэглэгчийн сонголт. Гэхдээ маш олон хүн энэ үйлчилгээг сонгодгоос харвал дансны орлого зарлагаа бодит цагийн горимд хүлээн авдаг энэ үйлчилгээ ихэнх хүмүүст ач холбогдолтой байдаг байх нь. Хэрэв уг үйлчилгээг сонгосон бол 5000 төгрөгөөс дээш дүнтэй орлого, зарлагын гүйлгээ хийхэд мэдээлэл гар утсанд нь очдог. Гүйлгээний мэдээллийн хураамж бүх л банкинд байдгийг манайхан мэдэж байгаа байх. Энэ үйлчилгээний хураамж болон бусад хураамжийн мэдээлэл дансны хуулга дээр дэлгэрэнгүй гардаг учраас гомдол гаргахаасаа өмнө эхлээд хуулгаа авч хянаж хараарай гэдгийг дахин хэлье.
-ХААН банк нийт гүйлгээнийхээ 90 хол давсан хувийн гүйлгээг цахим болгосон. Ер нь танай банкны, ялангуяа цахим гүйлгээний хамгаалалт хэр найдвартай вэ?
-ХААН банк Монгол Улсын тэргүүлэгч банк. Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын топ-150 аж ахуйн нэгжийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Улсад төлж байгаа татвар, үйл ажиллагааны цар хүрээгээрээ улсдаа гуравдугаарт жагсдаг байгууллага. Банкны үйлчилгээ явуулахад ард нь цахим банк, картын гэх зэрэг маш том системүүд ажиллаж байдаг. Энэ бүх систем, сүлжээ олон улсын аль ч банкинд байдаг стандарт программын дагуу ажиллаж байна. ХААН банк одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсад анх удаа банкны салбарын мэдээллийн аюулгүй ажиллагааны стандартыг хангасан ISO 27001 сертификат авсан. ХААН банкны аюулгүй ажиллагаа, системийн хамгаалалтад эргэлзэх зүйл байхгүй. Бид ингээд зогсоогүй, маш олон шинэ зүйл нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Хэдэн жилийн өмнө салбар дээр ихэнх гүйлгээ хийдэг байсан бол одоо дийлэнх гүйлгээ цахимаар болон Экспресс банкаар хийгдэж хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх болсонд харилцагчид маань талархлаа илэрхийлж байдаг.
-ХААН банк цаашид улам илүү цахимжина гэж ойлгож болох уу?
-Дэлхийн банкны чиг хандлага, нийгмийн өөрчлөлт, хүмүүсийн амьдралын хэв маягаас үүдэн банкны үйлчилгээ улам цахимжиж байна. Бидний зорилго бол харилцагчдад ямар үйлчилгээ илүү хялбар, амар байна гэдгийг олж нэвтрүүлэхэд чиглэгддэг. Банкны үйлчилгээ цахимжихын хэрээр бид харилцагчдаа, иргэдээ сургах шаардлага гарч ирж байна. Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, нууц үгээ байнга сольж хэвшихээс эхлээд зөвлөж, сургалт хийх, мэдээлэл хүргэх ажлыг зогсолтгүй хийж байна. Цаашид ч энэ чиглэлээр түлхүү ажиллах, боломжит бүх сувгаар харилцагчдад хүргэхээр тодорхой ажлууд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Банкны олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна харилцагчдаа сургаж дадуулах, бүр аюулгүй байдалдаа хэрхэн анхаарахад нь сургана гэхээр…
-Бидэнд хамаагүй гээд хойшоо суух боломжгүй юм л даа. Харилцагч хэрэглэгчдэд маань хэрэгтэй шаардлагатай байна гэж үзвэл бид зогсолтгүй ажилласаар байх болно. Хамгийн энгийн жишээ хэлэхэд хүмүүс картаа өөр хүнд өгөөд АТМ-ээс мөнгө авахуулах, үйлчилгээний газруудаар худалдаа хийлгэх тохиолдол их байдаг. Үүн дээр харилцагчид маань болгоомжтой байж, ийм зүйл гаргахгүй байх цаашлаад үнэхээр зайлшгүй шалтгаанаар хувийн мэдээллээ хүнд хэлсэн бол дараа нь АТМ дээр нууц үгээ өөрчилж солих хэрэгтэй. Хэрэв та цахим банкны хэрэглэгч бол нэвтрэх нэр, нууц үгээ ч байнга сольж байх хэрэгтэй юм.
-Ер нь олон нийт банкны найдвартай байдлыг юугаар хэмжих ёстой байдаг вэ?
-Банкны найдвартай байдал, амжилттай сайн ажиллаж байгаа эсэхийг юуны түрүүн Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгаа эсэхээс харж болно. Эдгээр шалгууруудыг ХААН банк байнга давуулж хангадаг. 2017 онд гэхэд манай банк актив хөрөнгө нь долоон их наяд хүрсэн Монголын анхны банк болсон. Өөрөөр хэлбэл, ХААН банкинд маш олон харилцагч иргэд, байгууллага итгэж мөнгөө хадгалуулж байна гэсэн үг. Мөн олон улсын аудитын байгууллага манай үйл ажиллагааг тогтмол шалгаж, бид банкны тухай хуулийн дагуу улирал тутам санхүүгийн тайлангаа ил тодоор тайлагнадаг. Хэдхэн хоногийн өмнө олон улсын Moody`s байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэхэд ХААН банкны зэрэглэлийг ч мөн нэмсэн сайхан мэдээтэй байна.
-Энэ онд танай банкны хамт олон юунд илүү анхаарал хандуулах вэ?
– 2017 онд бид Цахим банкны чиглэлээр маш амжилттай ажилласан бол 2018 онд үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр томоохон зорилт тавин ажиллаж байна. Жишээ нь, бүтээгдэхүүн үйлчилгээг заавал салбарт ирэлгүйгээр авах сувгуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Салбар дээр ирсэн харилцагчдад тав тухтай үйлчлэх, асуудлыг хэрхэн шуурхай шийдэх гэх мэт үйлчилгээний чанарт анхаарсан олон ажлыг хийсний дүнд гарсан сайн үзүүлэлтүүдээ улам дээшлүүлэхийн төлөө ажиллана. Нэлээд хэдэн жилийн өмнө яригддаг байсан шиг тийм урт дараалалтай нэгж одоо байхгүй болсон байна. Хэрэглээний зээлийг найман цагт багтаан олгож байна. Картыг ямар хугацаанд харилцагчийн гар дээр тавих гэх мэт бүх бүтээгдэхүүн дээрээ цаг тавьж, хянаж байгаа.
-Банкны хувьд ямар харилцагч илүү үнэ цэнэтэй байдаг вэ?
-ХААН банктай харилцаж ирсэн бүх харилцагч маань бидэнд үнэ цэнэтэй. Бид харилцагч болгоныхоо хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс үйлчилгээнүүдээ төрөлжүүлэх ажлыг сүүлийн хоёр жил түлхүү хийж байна. Хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлага өөр. Энэ бүхэнд тааруулж төрөлжсөн үйлчилгээг санал болгож байна. Жишээ нь, 2017 онд бид Signature үйлчилгээг гаргасан. Энэ нь цаашид өсч дэвжих чадамжтай, зав багатай залуусаа дэмжих багц бүтээгдэхүүн бүхий үйлчилгээ юм. Заавал салбар дээр ирэхгүйгээр тусгай харилцааны менежертэйгээ харилцаад онлайнаар үйлчилгээгээ авах боломж олгодгоороо ажил хэрэгч залууст илүү тохиромжтой. Энэ үйлчилгээний харилцагч болсноор орон сууцны зээл, кредит карт авахаас эхлээд өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр, төрөл бүрийн сургалт зэрэг арга хэмжээнд оролцох боломжтой юм. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ХААН Бизнес үйлчилгээг мөн гаргасан байгаа. Цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Харилцагчдадаа хандан юу хэлэх вэ?
-ХААН Банк Монголын олон өрхүүд, аж ахуйн нэгжүүдэд банкны үйлчилгээг хүртээмжтэй найдвартай тогтвортой хүргэдэг. ХААН Банк өнөөдөр олон зүйлээрээ салбартаа манлайлагч төдийгүй Монгол улсын нийгэм эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг байгууллага болж өсөж хөгжиж байна. Өнөөдрийн ХААН Банкны санхүүгийн чадавхи, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, салбар нэгж болон цахим банкны хамгийн том сүлжээг байгуулж чадсан энэ бүх амжилтыг бүтээхэд бидэнд итгэл үзүүлдэг харилцагчдын маань хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хэлмээр байна. ХААН Банкыг улам сайжруулахын төлөө хэрэгцээ шаардлага, санал зөвлөмжөө байнга илэрхийлж байдагт бид талархан хүлээж авдаг. Ингээд ХААН Банкаар үйлчлүүлдэг нийт харилцагч хамтрагч түншүүддээ ирэх нохой жилдээ эрүүл энх, аз жаргалтай байхыг 5000 гаруй ажилтнуудынхаа өмнөөс дэвшүүлж байна.