Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаалтын гэрээ хийлгэхгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилсон Ц.Оюунбаатар гишүүн өөрөө хаалтын гэрээ хийлээ

Сонин, телевиз, сайтуудыг хаалтын гэрээ хийлгэхгүй гэж анх дуугарсан улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар.  Хэвлэлд нэг ч төгрөг өгөхгүйгээр төр ажлаа сурталчлуулах ёстой гэж идэвхийлэн ярьж УИХ-аар шийдвэр гаргуулсан  энэ эрхэм саяхан казиногийн хуулийн төслийг зохион байгуулалттайгаар сурталчлав. УИХ-аар мундагдуулж байж өчнөөн сэтгүүлч өрөөндөө дуудаж байгаад  санаачилсан хуулиа ил тодоор рекламдав. Энэ бол Ц.Оюунбаатар гишүүний яриад байгаа хаалтын гэрээ гэх зүйлийн нэг хэлбэр яах аргагүй мөн. Бүх хэвлэл, сайтын сэтгүүлчийг өрөөндөө дуудаж авчраад казиногийн хуулийн төслөө баахан магтсаны цаана энэ төслийн талаар муу мэдээлэл гаргуулахгүй гэсэн далд санаа байгааг ямар ч уншигч гадарлана. Тэгэхээр эрхэм гишүүн өөрийнхөө санаанаасаа зохиож гаргаж ирсэн хаалтын гэрээ гэх зүйлээ өөрөө амьдрал дээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлчихэж байгаа юм биш үү. Түүнийг News агентлаг саяхан “хэвлэлийн дайсан”-аар өргөмжилсөн. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч үүнтэй санал нэг байгаа. 

Гэхдээ сонин бүр дээр Ц.Оюунбаатарын ярилцлага гарсан нь яах аргагүй эмзэглэж харахаар өнцөг.  Монголын сэтгүүл зүй эрх баригчдын далласан газар нь ил гарч, далайсан газар нь дальдирдагийн баталгаа бол энэ.  Хонийг муулахаар дээшээ харуулахад хонь “Ашгүй дээ, эзэн маань намайг тэнгэр харуулах нь” гэж сүсэглэн боддог гэсэн үлгэр бий. Эрх баригчдын  хэлсэн болгоныг дагаж жиргэх хэвлэл мэдээллийн хэрэгслийг харахаар хөөрхийлөлтэй гэнэн хонины үлгэр лугаа санагдах юм даа. 

М.МӨНХ