Categories
мэдээ цаг-үе

Х.Ундрам: Дуртай зүйлээ хийж үзэгчдэд гоо зүйн таашаал өгч байгаадаа баярладаг

Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Цомын аварга шалгаруулах тэмцээнд Казахстан, БНСУ зэрэг есөн орны 100 орчим тамирчид “Буянт-Ухаа” спортын ордонд өрсөлдсөн юм. Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан ангилалд Х.Ундрам, Г.Номин-Эрдэнэ, өсвөр үеийн ангилалд С.Энхжин нар өрсөлдсөн.

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд Казахстаны тамирчин алтан медаль зүүсэн бол Тайванийн тамирчин мөнгөн медаль зүүжээ. Харин Монгол Улсын тамирчин Х.Ундрам хүрэл медаль зүүсэн юм. Мөн багаараа бөмбөг, олстой дасгалд дэд байр эзэлжээ. Өсвөрийн ганцаарчилсан төрлийн бөмбөгтэй дасгалд С.Энхжин хүрэл медаль хүртжээ.

Бид энэ үеэр насанд хүрэгчдийн ангилалд дасгалаас гурван хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль зүүсэн олон улсын хэмжээний мастер Х.Ундрамтай ярилцлаа.


-Манай уншигчдад уран сайхны гимнастикийн спортын талаар танилцуулахгүй юу?

-Уран сайхны гимнастикаар зөвхөн эмэгтэйчүүд хичээллэдэг гэж манайхан мэддэг болсон байх. Гимнастикийн тэмцээнд ганцаарчилсан төрлөөр оролцож буй тамирчин цагирагтай, бөмбөгтэй, туузтай, олстой дөрвөн дасгалд өрсөлддөг. Энэ нь олимпийн цикильд солигдоод явдаг. Томоохон тэмцээнүүдэд энэ дөрвөн төрөлд тус бүрт нь медаль гардуулна. Мөн нийлбэрээр медаль гардуулна. Өөрөөр хэлбэл нэг тамирчин ганцаарчилсан төрлийн тэмцээнээс таван медаль зүүх боломжтой гэсэн үг.

-Та уран сайхны гимнастикаар хэдэн жил хичээллэж байна вэ?

-Арван жил тасралтгүй хичээллэж байна. Анх долоон настай байхдаа “Бэлтгэл дуусах болоогүй” гэж баримтат кино үзээд л энэ спортод татагдаж гимнастикийн зааланд очиж байсан. Гэхдээ гадаад сувгуудаар уран сайхны гимнастикийн тэмцээн хааяа үздэг байсан нь эргэлт буцалгүй ороход нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Анх зэрэг ахиулах тэмцээнүүдэд оролцож хүрэл медаль зүүж байсан минь санаанаас гардаггүй юм. Гаргасан амжилтдаа урамшиж бэлтгэлдээ илүү цаг гаргаж эхэлсэн дээ.

-Гар, хөлийн хөдөлгөөн зэрэг гимнастикийн нарийн элементүүдийг суралцахад хүүхдээс их тэвчээр шаардах байх?

-Олон жилийн хугацаанд тууштай бэлтгэл хийж л амжилт ирдэг. Зарим нэг спортын төрлүүдэд хувь хүнээс шалтгаалаад гурван жилийн хугацаанд сурах элементийг жилийн хугацаанд сурах боломж байдаг бол гимнастикт тийм биш. Гар, хөлийн хөдөлгөөн, өлмий жийлт зэргийг хүүхэд байхдаа л зөв техниктэй суралцахгүй бол том болоод засч өөрчлөх боломжгүй. Хүүхэд байхаасаа л урт хугацааны туршид тууштай бэлтгэл сургуулилт хийж л тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой. Их тэвчээр шаардана даа.

-Гимнастикаар хичээллэж буй хүүхэд чихэр, шоколаднаас авахуулаад дуртай амттанаасаа татгалзах хэрэг гардаг байх?

-Гоо сайхны спорт гэдэг утгаараа гимнастикчид биеэ зөв галбиртай харагдуулах ёстой. Мэдээж тэмцээний үеэр хоолны дэглэм барих шаардлагатай. Дуртай хоолноосоо татгалзаж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр талаар өнгөрнө гэсэн үг л дээ. Гэхдээ хоолны дэглэм барилаа гээд жин хасч, хоолоо сойно гэсэн үг биш. Эрүүл хооллох шаардлагатай.

-Та өнгөрсөн зун Азийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ тэмцээний талаар?

-Азийн наадмын өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнд хангалтгүй оролцоод байсан л даа. Тэмцээндээ огт төвлөрч чадаагүй. Бэлтгэл дээр амархан гүйцэтгэж байсан дасгалууддаа алдаа гаргасан юм. Дараа нь сэтгэлээр унаад бэлтгэл сургуулилтаа ч хийхэд хүнд байсан шүү. Спортод биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл асар их ач холбогдолтой болохыг тэр үед ухаарсан. Ур чадвартай байлаа ч сэтгэл зүйгээ бэлдэж чадаагүй бол амжилт гаргаж чадахгүй юм билээ. Эхний ээлжинд элементүүдийг эзэмшээд, тэмцээн дээр чадвараа илэрхийлнэ гэдэг том даваа.

Улмаар спортын сэтгэл судлаач Б.Золзаяа эгч дээр очиж хамтарч ажилласан. Үр дүнд нь тэмцээний үеийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, элдэв бодол айдсаа хэрхэн даван туулах мэдэгдэхүүнтэй болсон. Сэтгэл зүйгээ бэлтгэж тэмцээндээ төвлөрч сураад Азийн наадамд оролцож шигшээд шалгарсан. Надад том туршлага болж үлдсэн дээ.

-Тивийн олимпт шигшээд шалгарсан тамирчин Азийн цомын тэмцээнд өрсөлдөхдөө өөртөө итгэлтэй байсан байх?

-Азийн наадамд оролцож тивийн хэмжээнд өрсөлдөх тамирчид ямар, ямар элемент гүйцэтгэх чадвар эзэмшсэн байх талаар ойлголттой болсон байсан л даа. Энэ утгаараа Азийн наадмын тэмцээн анхдугаар цомын төлөөх тэмцээнд өрсөлдөх том туршлага болж өгсөн. Санасан амжилтаа үзүүлж чадсан гэж бодож байна. Анхдугаар цомын тэмцээн Монголд зохион байгуулагдах болсныг дуулаад л медаль авахыг зорьж байсан. Зорилгодоо хүрчихээд л тайван амьсгаа авсан шүү. Уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлснээс хойш тийм сайхан мэдрэмж авч байгаагүй. Нуруунаас ачаа авчихсан юм шиг мэдрэмж төрсөн.

-Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайд гарах нэг талаар давуу тал болдог ч нөгөө талаараа дарамттай байдаг байх?

-Давуу тал болдог ч том хариуцлага нуруун дээр буудаг юм билээ. Үзүүлбэрээ гүйцэтгэхийн өмнө алдаж болохгүй шүү гэж хэтэрхий их бодсоноос бага зэргийн алдаа гаргасан тал байгаа.

-Ундрам оюутан уу. Ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би ШУТИС-ийн ахлах сургуулийг төгссөн. Улмаар “Сэргээгдэх эрчим хүч”-ний инженерийн ангид элсч суралцаж байна. Сүүлд гаргасан үзүүлэлтээр хам-гийн ирээдүйтэй мэргэжлийн жагсаалтад орсон байсан болохоор л сонгож суралцахаар сэтгэл шулуудсан.

-Цаашид уран сайхны гимнастик, мэргэжил хоёрынхоо алийг нь сонгох вэ?

-Аль, аль нь миний амьдралд чухал. Спорт залуу насны ажил. Цаашид мэргэжлээрээ ажиллаж амьдрах учраас өөрийгөө хөгжүүлэх нь шаардлагатай. Хүн хэдэн ч салбарт хөрвөж ажиллах чадвартай байх хэрэгтэй гэж ойлгодог юм.

-Гимнастик хүүхдийн төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Спорт хүнд хүмүүжил олгодог. Мөн тулгарсан асуудлыг бие даагаад зөв шийдвэрлэх чадвар суулгадаг гэж бид ойлгодог юм. Дээрээс нь олон цагийн бэлтгэж хийж тэвчээртэй болно.

-Гимнастикийн спортын гоё сайхан нь юунд оршдог юм бэ?

-Гоо зүйн өндөр мэдрэмж авна. Миний хувьд дуртай зүйлээ хийж үзэгчдэд гоо зүйн таашаал өгч байгаадаа баярладаг юм. Уран сайхны гимнастикийн үзүүлбэр үзүүлж байхдаа үүнийгээ би мэдэрдэг. Энэ миний аз жаргал юм даа.

-Таны ирээдүйн зорилго?

-Би хаана хүртэл явж чадахаа л хармаар байна.

-Уран сайхны гимнастикийн спорт манайд төдийлөн хөгжөөгүй шүү дээ. Гэр бүлийнхэн чинь таныг хэр дэмждэг вэ?

-Хамгийн их дэмжиж, намайг ойлгож хүнд үед дэргэд байдаг улс. Хэрэв намайг дэмждэггүй бол хичнээн дур сонирхолтой, авьяастай байсан ч амжилт гаргаж чадахгүй. Энэ спортыг хөгжүүлж олон хүнд хүргэхийн тулд л хөдөлмөрлөөд явж байна. Өнөөдөр манайд 300 орчим охид энэ спортоор хичээллэж байгаа.

-Багшийнхаа талаар?

-Спортын мастер Булган гэж багшийн удирдлагад 10 жил бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Багш бид хоёр өдөр бүр уулзаж, зарим өдөр нь хоёр ч удаа бэлтгэл хийж байгаа болохоор нэг хүн шиг л болчихсон. Аав, ээжтэйгээ хамт байх хугацаанаасаа ч илүү цагийг багштайгаа хамт өнгөрүүлдэг. Багш минь ямар бэлтгэл сургуулилт хийхэд ямар үр дүнд хүрэхийг мэддэг болчихсон.

-Та өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Тэмцээний үед өдөрт найман цагийн бэлтгэл хийдэг. Биеэ халааж, сунгалт хийхэд хүртэл их хугацаа зарцуулдаг. Энэ их хөдөлмөрийн үр шимийг нэг минут 30 секундэд багтааж дүгнүүлдэг учраас хувь хүнээс дээд зэргийн төвлөрөл шаарддаг. Арван хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим энэхүү богинохон хугацаанд яригдана шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *