Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтбаатар: Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг дэлхийн өвд бүртгүүлэхээр хөөцөлдөж байна

“ЗСБНХУ-ын ШУА, Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр “Пума империал” зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд ОХУ, Монголын палеонтологичдоос гадна Америк, Япон, Солонгос, Канадын эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавьсан юм. Хурлын үеэр ШУА-ийн палеонтологи геологийн хүрээлэнгийн захирал, доктор, үлэг гүрвэл судлаач Х.Цогтбаатартай ярилцлаа.

-Дэлхийн хүмүүс үлэг гүрвэлийн тухай сонирхох юм. Үлэг гүрвэлийн олдворууд хүмүүст юу хэлж чадах вэ. Тухайлбал, палеонтологичид үлэг гүрвэлүүдийн чулуужсан яс, мөрнөөс юу олж хардаг бол?

-Энэ тухай ярихад нэлээд холоос эхлэх хэрэгтэй болно. Палеонтологи гэдэг шинжлэх ухаан бидний мөрөө гаргаж байгаа дэлхий дээр хүн үүсэхээс өмнө ямар байгаль орчин, шим ертөнц байсныг судалдаг шинжлэх ухаан. Хүн өөрийнхөө амьдарч байгаа цаг үеийг судалж болж байна шүү дээ. Палеонтологийн онцлог бол газрын чулуулаг үе давхаргад хадгалагдсан эртний амьтны чулуужсан олдворт үндэслэж тухайн цаг үеийн шим ертөнцийн түүхийг бодит баримтад тулгуурлаж ийм байжээ гэдгийг тогтоодог. Ургамал, амьтны олон чиглэлээс палеонтологийн шинжлэх ухаан бүрддэг. Гэхдээ одоо энэ хурал дээр ч үлэг гүрвэлийн тухай онцгойлж яриад байгаа биз. Яагаад гэхээр, сээр нуруутан амьтны хөгжлийн түүхэнд (сээр нуруутан амьтанд хүн ч ордог) үлэг гүрвэл хамгийн урт хугацаагаар энэ дэлхий дээр ноёлогч бүлэг болж амьдарсан. Одоогоос 220 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. 65 сая жилийн өмнө бүрмөсөн сөнөсөн. Даруй 150-160 сая жилийн турш ноёлогч анги бүлэг болж амьдарсан амьтан шүү дээ. Хоёрдугаарт, сээр нуруутан амьтанд тохиолдож болох физиологи, генетикийн олон шалгуурыг үлэг гүрвэл дээр байгаль өөрөө туршсан байж болзошгүй үр дүнгүүд харагддаг юм. Хоёр хөл дээрээ явах нь сээр нуруутан амьтны хөдөлгөөний хамгийн дэвшилтэт хэлбэр. Хүн, сармагчин дэвшилтэт хэлбэр рүү ороод хоёр хөл дээрээ явж байгаа шүү дээ. Энэ нь үлэг гүрвэл дээр ч туршигдсан. Үлэг гүрвэл, одоогийн жигүүртэн шувуу хоёрын өвөг удмын холбоо ойрхон байсан гэдэг нь палеонтологийн шинжлэх ухаанаар тогтоогдож байгаа юм. Тийм учраас үлэг гүрвэлийн тухай тив дэлхийн эрдэмтэн судлаачид махран сонирхож судалж байдаг.

-Оросын эрдэмтэд 70 жилийн өмнө Нэмэгтийн хөндийд үлэг гүрвэлийн баялаг олдвор олсон гэдэг. Гэтэл хэдэн сая жилийн өмнө Нэмэгтийн хөндий гэдэг газар ямар амьдрал буцалж байсан бол. Та манай уншигчдад дүрсэлж хэлж өгөөч?

-Палеонтологийн судалгаагаар зөвхөн олдвор олоод тэр нь тийм амьтан байж, энэ нь ийм амьтан байж, тийм ургамал ургаж байж гэж ярих үе хойно хоцорлоо. Одоо бол иж бүрнээр нь судлаад өөрийн чинь хэлдгээр ямар цаг үе, орчин байв гэдгийг тодорхойлохын тулд олон талаас нь судалж байна л даа. Бидний ярьж байгаа Нэмэгтийн хөндийд илэрсэн эртний хурдас (чулуужсан олдворыг хадгалж байгаа үе давхарга, элс шороо) хуримтлагдах явцдаа тухайн үеийн амьтныхаа ясан бие, мах шөлний үлдэгдлийг булж дараад, хэдэн сая жил хадгалагдах явцдаа чулуужиж үлдэн, дараа нь элэгдэх явцад нь палеонтологич бид хайж олж сэргээн гаргаж ирж байгаа юм. Тийм цаг үеийг нь тооцвол Нэмэгтийн хөндийн одоогоос 70 сая жилийн өмнөх үеийн тухай ярьж байна. Ухаант хүн үүсэхээс даруй 50-60 сая жилийн өмнө амьдарч байсан амьтныг бид өнөөдөр зураг хөргөөр үзүүлнэ гэдэг палеонтологийн судалгааны үр дүн. Монголоос олдсон үлэг гүрвэлийн цаг үед их өөр байгаль цаг ууртай байсан нь тогтоогдсон. Нэмэгтэд чийглэг дулаан уур амьсгалтай, маш их цэнгэг устай гол мөрөн, нуур ихтэй, халуун орны бүсэд ургадаг ургамалтай үед үлэг гүрвэлүүд амьдарч байжээ. Үүнийг тааж байгаа юм биш. Шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Ургамал судлаачдын том баг манай хүрээлэнд бий. Тэр улсууд маань тухайн цаг үед ямар ургамал ургаж байсныг судалдаг.

-Юрийн галавын цэцэрлэг гэдэг шиг Нэмэгтийн хөндийн үлэг гүрвэлүүдийн амьдрал ийм байсан гээд харуулах боломжтой юу?

-Бид шинэ юм бодох ёстой. Тэнд хийчихсэн Юрийн галавыг бид энд Нэмэгтийн хөндийд авчраад хэрэггүй. Ер нь бол тэрнээс илүү содон юмс Монголын судалгааны үр дүнд гарч байгаа. Бидний эцсийн зорилго дэлхий дээрх уур амьсгалын өөрчлөлт, байгаль хэрхэн хувирч, ямар амьтан ургамалтай байсан гэдгийг судлах л асуудал. Шим ертөнц, эртний ургамал, амьтны түүхийг мэдэхгүй бол бид ирээдүйн тухай ойлгоход хэцүү болно. Өнөөдөр монголчууд жижигхэн юманд итгэж байна. Дэлхий сөнөнө гэхэд л олон хүн хотоос зугтаж, зусландаа очиж байна гэдэг чинь бид шинжлэх ухаанаасаа дэндүү холдсоны шинж шүү дээ.

-Зөвлөлтийн палеонтологийн экспедицээс ч өмнө 192О-иод оны эхээр Америкийн Байгалийн түүхийн музейгээс Монголд анх экспедиц зохион байгуулжээ. Америкийн судлаач, эрдэмтэн Рой Чапман Эндрюсын ахалсан баг үлэг гүрвэлийн яс, өндөг олсон. Засгийн газартай гэрээ байгуулсан гээд домог мэт түүх яригддаг?

-Манайхан юмыг хар талаас нь ярих гээд байдаг юм. Олон тэмээ ачаа аваад явчихсан гэцгээдэг. Ер нь юмыг гэгээтэй талаас нь харах хэрэгтэй. Ямар гэрээ хийгдэж байсныг би сайн мэдэхгүй. Яригддаг юмнууд бий л дээ. Одоо ч харилцан ашигтай байна гэсэн утгатай гэрээнүүд хийгддэг шүү дээ. Тэр үед Монголд палеонтологийн байгууллага гэж байсан биш. Тухайн үед Богд хаант Засгийн газартай гэрээ хийсэн байдаг. Тэр үеэр нь засаг төр өөрчлөгдөөд 1924 онд Судар бичгийн хүрээлэнтэй хийсэн гэрээ байдаг гэсэн. Ямартай ч тухайн үед Рой Чапман Эндрюсын ахалсан экспедиц Монголд судалгаа явуулахаар гэрээ хийсэн. Анх үлэг гүрвэл гэж яриагүй. Эртний хүний олдвор олох зорилготой экспедиц байж. Эртний хүний олдвор олж чадаагүй. Ер нь шинжлэх ухааны судлаачид эхлээд таамаглал дэвшүүлээд, түүнийгээ баталдаг учиртай. Эцэст нь үлэг гүрвэлийн олдвор олсон. Түүнийгээ үргэлжлүүлж судалсан юм билээ. 1925 онд маш том хүчээр үргэлжлүүлж судлах гэсэн ч хувьсгал гарсан учраас бараг л тагнуул гээд барьж авах шахсан шиг байдаг. Монголын нутгаас гарч, Хятадын нутагт 1930 он хүртэл ажилласан юм билээ. Олсон олдворынхоо тодорхой хэсгийг Монголд үлдээх тухай гэрээндээ тусгасан байдаг. Ер нь дэлхий нийтийн одоогийн жишгээр бол олдвор тухайн орны өмч гэж үздэг. Энд байхгүй зүйлийг тэнд очиж судлах гэх мэтээр түр хугацаагаар гаргадаг дүрэм журам бий л дээ. Сая илтгэл тавьсан Японы эрдэмтний яриаг сонссон байлгүй. Монголоос авч явж судалсан бүх зүйлээ ширхэг ч үлдээлгүйгээр буцааж тушаасан гэж ярьсан шүү дээ.

-Өмнөговийн Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг мөшгөж сонирхолтой дүгнэлт хийж байна лээ. Үлэг гүрвэлийн мөр олдсон газар нутгийг хамгаалалтад авсан гэсэн. Үлэг гүрвэлийн мөрний тухай илтгэл тавьсан япон судлаачийн багт та бас багтжээ?

-Үлэг гүрвэлийн яснаас олж авч чадаагүй мэдээллийг мөрнөөс нь олж мэдэх боломжтой. Чулуужсан яснаас нь үлэг гүрвэл хэр хурдан гүйдэг байсныг тогтооход хэцүү шүү дээ. Мөрнөөс нь жин, ааш араншин тэр бүгдийг тогтоож болдог юм байна. Бусад оронд байдаг мөрнүүдээс ялгаатай нь бидний хамгаалалтад аваад байгаа Шар цавын олдворт газарт нэг дор олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн байгаа юм. Түүгээрээ дэлхийд ховор. Манай мөрнүүд яг нэг цаг үеийнх, нэг үе давхаргаас мөр нь ясан биеийнх нь чулуужсан олдвортой цуг олддог. Үүгээрээ бусад үлэг гүрвэлийн мөрт газраас онцлогтой. Энэ онцлогоос хамаарч хамгаалах ёстой газар гэж үзэж байгаа юм. Бид энэ олдворыг хамгаалах үүрэгтэй. Энэ чинь зөвхөн Монголын өмч биш, дэлхийн өв. Дэлхийн бүх хүн үүний үр шимийг хүртэх ёстой. Тийм учраас Дэлхийн өвд бүртгүүлэх гэж бид хөөцөлдөж байна. Ингэхийн тулд өөрсдөө бид юм хийсэн байх ёстой. Төр засаг нь хамгаалж, мөнгө төгрөг, бодлого гаргасан байх учиртай. Манайхан зүгээр л харамлаад суудаг болохоос биш өөрсдөө хөдөлдөггүй. Төр засаг нь хэрэггүй юманд мөнгөө зардаг байдал олон жил үргэлжиллээ.

-Монголоос хамгийн баялаг үлэг гүрвэлийн олдвор олддог. Энэ олдворуудаараа Үлэг гүрвэлийн музей байгуулах боломж байгаа юу?

-Байлгүй яах вэ. Бид олон жил музей байгуулах гэж хичээж байна. Түүнийг нь улстөржүүлээд, самарч хаячихаад байх юм. Музей байгуулах тухай яриа хэлэлцээр явагдаж байсан ч хэн ч дэмжээгүй. Цахилгаан станц зогсох гэж байхад юун музей яриад байгаа юм гэх маягаар хойшлуулж байсан. Бид энэ тухай олон жил ярьж байгаа юм. Дийлдэггүй юм. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж өчнөөн жил ярилаа. Хэдэн гэр кэмпээс өөр үзүүлж харуулах юм хийсэнгүй.

-Манай палеонтологчид дэлхийн хүмүүст шинээр юу санал болгож чадах вэ, энэ чиглэлийн судалгаа ямар түвшинд хүрээд байна?

-Монголын судлаачдын судалгааны бүтээлүүдийг гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хүлээж зөвшөөрч хэвлэж байна гэдэг чинь л дэлхийд оруулж байгаа бидний хувь нэмэр гэж үзнэ. Палеонтологийн шинжлэх ухаанд нэг олдворыг олоод судалгаа хийгээд, дэлхийн хэмжээнд танигдсан тухайн амьтны талаарх бүх судалгааны үр дүнг үүндээ оруулж, түүнтэйгээ харьцуулж дүгнэлт гаргаагүй бол хүлээн зөвшөөрч хэвлэхээ байсан. Дэлхийд байхгүй шинэ юм гэж Монголдоо хичнээн ярьсан ч дэлхий хүлээн зөвшөөрөөгүй бол худлаа болдог юм. Тэр утгаараа Монгол байр сууриа эзэлсэн.

-Өндгөө дарсан үлэг гүрвэлийн олдвор шуугиан дэгдээж байсан. Үлэг гүрвэл бүлээн цустай юу, эх амьтны зөн совин, мэдрэмж байсан уу гээд л?

-Үлэг гүрвэлийн судалгаа 1840-өөд оноос дэлхийд үүссэн гэж үздэг. Бусад салбартай харьцуулбал шинэлэг. Хоёр зууны турш хөгжөөд явсан. Эхэн үедээ ямар том амьтан бэ гэж судлаачид ч гайхдаг байсан. Бусад хүн ч гайхдаг байсан цаг үе бий. Одоо бол энэ бүхэн өөрчлөгдөж, шинэ технологийг судалгааны арга барилдаа хэрэглэж эхэлсэн. Ийм цаг үед үлэг гүрвэлийн эртний биологийн судалгаа чухал болсон. Тэгэхээр заримдаа ясыг нь олонгуутаа таамаглаад дүрсэлчихэж болно. Гэхдээ энэ амьтан яаж үржиж хөгжиж, юу иддэг, өөр хоорондоо хэрхэн харьцдаг байсныг хүмүүс мэдэхийг хүсч байгаа. Тийм учраас судлаачид тэрэн рүү орохоос өөр замгүй. Монголоос олдож байгаа олдворууд сайн хадгалагдсан байдаг. Маргаантай, нууцлаг, учир нь олдоогүй зүйлүүдийн учгийг тайлахад сайн хадгалагдсан материал дээр судалгаа хийх нь үнэнд ойртдог талтай. Хамгийн товчхон хэлэхэд, Монголын үлэг гүрвэлийн судалгааг өөрийнхөө судалгаанд оруулаагүй дэлхийн үлэг гүрвэлийн ямар ч судлаачийг хүлээн зөвшөөрөхгүй болсон. Хүмүүс бодохдоо нэг үлэг гүрвэлийг олоод судалгаа нь дуусчихсан гэж боддог. Тийм биш. Бидний дүгнэлт үнэн эсэхийг дараагийн улсууд шалгаад явна. Дуусашгүй судалгаа. Шинэ технологи, арга барилууд нэвтэрч байна шүү дээ. Тэр арга барилаар дахиад судалдаг.

-Палеонтологи биологич, геологич хоёрын завсрын мэргэжил гэсэн. Энэ хурал гэхэд л англи хэл дээр явж байна. Орос, япон, америк, канад, солонгос судлаачидтай хэл нэвтрэлцэх хэрэгтэй болно. Та өнөөдрийн түвшинд хүртлээ хэр урт зам туулсан бэ?

-Хэлэхэд хэцүү. Хүн бүр өөр байх л даа. Миний хувьд их урт зам туулсан. Би 1981 онд МУИС-ийн биологийн ангийг төгсөөд ШУА-д орсон. Эхний хэдэн жил музейтэй холбоотой тайлбарлах ажлыг хийдэг байлаа. Үлэг гүрвэлтэй хэсэг нь Байгалийн түүхийн музейд харьяалагддаггүй. ШУА-ийн Геологийн хүрээлэнд харьяалагддаг байлаа. Дөнгөж төгссөн хүүхэд музейд очоод үзмэрээ тайлбарлана гэдэг амаргүй. Их уншиж судалж байж хүнд юм ярих хэрэгтэй болно. Эхлээд энэ бол тэр гээд явдаг байсан. Дараа нь юм уншихгүй бол болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон л доо. Нэг мэдсэн үүнийг судлахгүй бол болохгүй гэдэг зам дээр очсон. Угаасаа палеонтологич хэлгүй бол явахгүй. Би ч шалихгүй дээ. Хагас дутуу ярьдаг хэдэн хэл байгаа. Палеонтологийн үндсэн хэл англи. Япон, хятадууд ч олон улсын хэмжээнд судалгаа хийе гэвэл англиар эрдмийн ажлаа хийнэ.

-Таны төвлөрч байгаа судалгаа юу вэ?

-Палеонтологич хүн нэг чиглэлээ бариад насан туршдаа ажиллах хэрэгтэй болдог. Орнитопод гэж бий. Өвсөн идэшт үлэг гүрвэлийн нэг том бүлэг л дээ. Тэр дундаа “Хөгжлийн бүдүүлэг хэлбэрийн нугасан хошуут үлэг гүрвэлийн хувьсал хөгжил” гэсэн сэдвээр доктор хамгаалсан юм. Энэ бол дуусашгүй судалгаа. Түүнээс гадна хэд хэдэн төрөл зүйл олж тогтоосон юм. Монголчууд даруухан ярьдаг. Гадаад оронд нээлт гэж үздэг юмыг бид олсон, шинээр тогтоосон гэх маягаар ярьдаг л даа. Тиймэрхүү маягтай явж байна. Энэ бүхнээ шинэ олдворуудаар баяжуулж батжуулна.

-Та үлэг гүрвэл судлаач хүн. Орчин үеийн амьтадтай хэр ойр байдаг вэ. Тухайлбал, та нохой, муур тэжээдэг үү?

-Миний мэргэжил биологич. Одоо бол эртний амьтантай олон жил ноцолдоод, орчин цагийн амьтадтай ойр дотно байхад хэцүү болчихлоо л доо. Амьтны хамраас цус гаргахгүй гэсэн зарчимтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *