Өнгөрсөн долоо хоногт Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат мэдээлэл хийж Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг байсан хэмээн мэдээлсэн билээ. Тэрбээр “2017 оны 5 дугаар сарын 11-нд Эх орноосоо урвах зүйл ангийг шинэчилсэн найруулгаар үгүй хийсэн байхад нь манай байгууллагын зүгээс тухайн үеийн Их хурал болон шинэ Их хуралд асуудал тавьсан.
Өнөөдрийн байдлаар өгч байгаа эрх бүхий хүмүүс болон Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нарын тайлбараар Эх орноос урвах заалт байгаа гэж хэлээд байгаа юм. Мөн чанартаа байгаа мэт боловч бодит байдалдаа үгүй хийчихсэн.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дээр зөвхөн дайн болон дайн бүхий байдал зэвсэгт мөргөлдөөний үед дайсны талд шилжсэн урвасан бол эх орноосоо урвасан гэж үзнэ хэмээн заасан байгаа юм. Монгол Улсад харьцангуй тайван байгаа. Гэтэл энх тайван цагт эх орноосоо урвах зүйл гарсан. Хэн дуртай нь нь төрийн нууцыг гадныханд өгөх юм бол 5-8-хан жилийн ялтай болчихсон. Үндсэндээ ял завшиж эрүүгийн хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Эх орноосоо урвасан зүйл ангиар ял эдэлж байгаа нэлээн хэдэн хүн бий. Тухайлбал Элчин сайдаар олон жил ажилласан ахмад дипломатч Цахилгаан гуайн хүү, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа. Энэ хүмүүс долдугаар сарын 1-нээс мөрдөх энэ хуулиар ял завшина.
Эх орноосоо урвах зүйл заалт Улс орны аюулгүй байдалтай холбоотой. Их хурлын гишүүн асан Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулж байсан гэдгийг гадаадын эх сурвалж илчилсэн. Тиймээс тавдугаар сарын 30-нд тодорхой арга хэмжээ авахгүй бол бид хуулийн хүрээнд Их хурлыг тараана” гэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин энэ асуудлыг шалгуулахаар болжээ. Тэрбээр Тагнуулын Ерөнхий газарт хандсан байна.