Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Манайх иргэнийхээ эрхийг орхигдуулж төрөө бөөцийлсөн хуулийн философитой

Монголын эдийн засгийн клубийн энэ сарын зочин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байлаа. Тэрээр сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн хууль зүйн шинэчлэл хэр үр дүнд хүрсэн, ямар саад гацаа байсан талаар ярьсан юм. Илтгэлийг нь товчлон хүргэе.


Монголчуудын хуулийн тухай ойлголт нэг талаараа явцуу, нөгөө талаараа өрөөсгөл. Хуулиас хол явсан нь дээр дээ гэсэн социализмын үеийн хандлага одоо хүртэл өөрчлөгдөөгүй. Тийм хүмүүс шийдвэр гаргагчдын, нийгмийг авч явагчдын байр суурин дээр маш олуулаа байгаа нь түгээмэл харагддаг. Хуулийн салбарт шинэчлэл хийхэд тулгарч байсан нэг том бэрхшээл бий. Хуулийн нэрээр амьдардаг, хуулийн сүр хүчээр хувийн ажлаа амжуулдаг хүмүүсийн хандлагыг өөрчлөх нь хамгийн том сорилт байсан. Миний хувьд хуулийн салбарын шинэтгэлтэй холбоотой судалгаа, үйл явцад 2000 оноос хойш оролцсон. 2002 оны Эрүүгийн болон Иргэний хууль тогтоомжуудын өөрчлөлтөд судлаачаар оролцож байлаа. Бодлогын судалгаа хийдэг хүн тэр үед бараг байгаагүй. Академик түвшний юм яривал ярина. Академик гэдэг нь шинжлэх ухааны арга барилтай гэхээс илүү профессор, доктор гэх мэт том хэргэм цолтой хүмүүсийн хууль зохиол болоод хувирчихсан. Би хуулийг ингэж харж байна гэсэн хувийнхаа бодлыг нийгэм рүү тулгадаг. Одоо ч гэсэн манай академич, доктор гэгдээд буй хуулийн салбарын том эрдэмтэд хувийнхаа бодлыг л ярьдаг. Судалгаа тооцоотой юм бараг дуугардаггүй.

Гадаадад суралцсан, гадаадын судалгаанд оролцсон хэсэг нь л арай эрүүл саруул юм ярьдаг. Эрүүл саруул ярьдаг залуус олонх болж байгаа ч яг нийгмийн байр суурин дээр Ж.Амарсанаа, С.Нарангэрэл хоёртой зэрэгцээд ярихад олон нийт ахмадыг нь л мундаг гэнэ. Ярьж байгаа үндэслэлийнх нь утга учрыг ухаж хардаггүй. Ийм учир шалтгаанаар хуулийн салбарт хийхээр зориглосон шинэтгэл маань маш их бэрхшээлтэй тулсан.

ХУУЛИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС НЬ ЭРДЭМТЭД

Эрдэм шинжилгээ, судалгааны ололтууд нь шинэчлэл хийж байгаа бодлогуудаа дэмжих ямар ч боломжгүй байсан. Хуулийн салбарт ийм өөрчлөлт хийж, тийм бодлого хэрэгжүүлнэ гэхэд хамгийн түрүүнд эрдэмтэд эсэргүүцдэг. Хуучин академич, профессор, их сургуулиудад байгаа хуучинсаг эрдэмтэд нь хамгийн түрүүнд эсэргүүцсэн. Маш прагматик ганц эрдэмтэн гарч ирсэн нь Суурийн Жанцан гэж хүн. Цагдаагийн академид ажиллаж байсан доктор. Эрүүгийн эрх зүйн шинэчлэлтэй холбоотой танилцуулга хийгээд сууж байтал “Номнуудаа маш хурдан зарах ёстойгоо ойлголоо. Та нарын ярьж байгаатай холбоотойгоор цаг алдалгүй гарын авлагууд бичих хэрэгтэй юм байна” гэсэн. Хууль бүхэлдээ өөрчлөгдөхөөр ном нь, мэдлэг нь ямар ч үнэ цэнэгүй болох юм байна гэдгийг олоод харчихсан хэрэг. Бусад нь ойлгоогүй. Өөрсдийнх нь гуч, дөчин жил бүтээсэн зүйл зах зээлээс шахагдахыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Шууд эсэргүүцсэн. Эрүүгийн хууль тогтоомж ингэж өөрчлөгдөж болохгүй гэчихэж байгаа юм.

Хуулийн салбарт шинэчлэл хийхэд хамгийн хялбар байсан зүйл бол парламент дахь кноп дардаг улстөрчдийн талыг эргүүлэх байсан. Тэд үндсэндээ юу ч ойлгохгүй байсан л даа. “Зөв биз дээ дарах уу” гэдэг л үгтэй. Шийдвэр гаргагчдын хувьд юу зөв буруу талаар хувийн туршлага гэж байхгүй. Хуулийн тухай бүрэн цогц мэдлэггүй. Ийм хүмүүсийн хувьд зөв гэсэн өнгөтэй чигтэй салхи байвал дагаад кноп дарах боломжтой байдаг юм билээ. Эхний жил хагасын хугацаанд хуулийн төсөл, концепцууд ямар ч саадгүй явсан. Тахарын албыг байгуулах ёстой юм байна, Эрүүгийн, Цагдаагийн албаны хууль өөрчлөгдөхөөс аргагүй болж гэх мэтчилэнгээр кнопоо дарж эхэлж байтал зохион байгуулалт, бүтэцтэй холбоотой зүйл гараад ирэнгүүт байдал бишэдсэн л дээ. Дарга цэрэг нь хэн байх, албан тушаал яаж өөрчлөгдөх, бодит эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөө хэрхэн хумигдах вэ гэх мэт асуудал гараад ирэнгүүт улстөрчдийн гар татагдаж эхэлсэн. Наад шинэчлэл чинь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж эхэлж байгаа юм байна. Цагдаагийн даргын эрх мэдэл багасах нь, АТГ, Тагнуул хоёрын эрх мэдлээр оролдож эхлэх гэж байна шүү дээ, ингэхээр ажил хийхэд түвэгтэй болох юм биш үү гэсэн асуултууд тавьцгаасан. 2016 оны хавар процессын хуулиудыг батлахаар алх тогших гэж байхад АТГ, Цагдаа, Тагнуулын гурван дарга сонинуудаар эсэргүүцэл зарлаж, Ерөнхий сайд дээр орж “Энэ хуулиудаа татахгүй бол” гэсэн заналхийллийг бий болгосон.

Тэгсэн гол шалтгаан нь гуравхан заалт. Нэгдүгээрт, цагдан хорих 461 дүгээр ангид гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэчихсэн юм. Хүнийг барьж хорьчихоод гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар хэрэг илрүүлэх нь олон улсын жишгээр эрүүдэн шүүх үйл ажиллагаа гэж харж, өөрчлөх гэж байсан. Хоёр дахь өөрчлөлтийн хувьд прокурорын зөвшөөрөлгүйгээр өмнө нь явдаг байсан тодруулах, эрэн сурвалжлах бүх ажиллагаа хууль ёсны болж стандартчилагдах байлаа. Хэн нэгнийг дураараа чагнадаг, мөрддөг, араас нь хувийн мэдээллийг нь цуглуулах байдлаар явдгийг зогсооно гэсэн л дээ. Эрүүгийн хэргийг хянан шийтгэх хуульд хүнтэй холбоотой ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа, далд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан бол нэг бол шүүх рүү явна. Шүүх рүү явахгүй бол тухайн хүнд эргэж хандаад “Тантай холбоотой ийм мэдээлэл цуглуулсан, устгах уу үгүй юу” гэж асуух ёстой. Өөртэй нь холбоотой мэдээллүүд хуулийн байгууллага цуглуулсан бол хууль ёсны байсан эсэхийг шалгуулах эрх тухайн иргэнд нээгдэж байх учиртай. Тэгэхгүйгээр хэн нэгэн даргын сейфэнд хадгалагдаад шантаажны хэрэгсэл хэлбэрээр ашиглагдаж болохгүй. Ийм системтэй байж гэмээ нь эх захаа алдсан мөрдөн шалгах ажиллагаа дэгэнд орно. Энэ өөрчлөлтийг бүгд эсэргүүцэж босч ирсэн. Гурав дахь гүйцэтгэх ажилтай холбоотой. Гүйцэтгэх ажилтай холбоотой зөвшөөрлийн систем шүүхэд хянагдана. Шүүхэд хянагдах системтэйгээр та нарын ажиллагаа дараа нь нотлох баримт болох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэчихсэн юм. Хуучин ногоон малгайтнууд гэдэг шиг НАХ яамын арга барилаар ажилладаг байсан бүх байгууллагын гол зүрх рүү нь хатгасан өөрчлөлт л дөө. Тийм учраас бүгд эсэргүүцсэн.

Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Д.Дорлигжав Хууль зүйн сайд байсан юм. Үндсэндээ найман багц хууль байсан. Энэ бүх хуулиудын эцсийн хэлэлцүүлэг болох өглөөнийх нь есөн цагт төслүүдийг татах бичгийг Засгийн газраас УИХ-д өгчихсөн. Ч.Сайханбилэгийн өрөөнд орж “Үүнтэй холбоотой асуудал үүсвэл танай Засгийн газартай ярина” гэсэн тулгалт хийж байж татлаа гэдэг бичгийг нь болиулсан л даа. Ийм түүхтэйгээр тэр хуулиудыг арай гэж батлуулсан. Гэсэн хэдий ч 2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд тэр хуулиудыг ёсчлоогүй учраас гэсэн шалтгаанаар хүчингүй болгож буцаасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр мөрдөгдөж буй бүх хууль 2000 онд Ц.Нямдоржийн үед ямар байсан, яг тэр чигээрээ үйлчилж байна. Хуулийн байгууллагуудын амбицыг давж хүний эрхийн болон эрүүл саруул оюун ухаанаар тооцсон хэм хэмжээг батална гэдэг Монголын хувьд зовлонтой. Тэрийг даах дийлэх хэмжээний улс төрийн эр зориг, улс төрийн нэгдэл үүсгэнэ гэдэг хэцүү гэдгийг яс махандаа тултал ойлгосон.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АТГАНД БАЙДАГ

УИХ гишүүдийн дийлэнх ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагуудын атганд байдаг. Тэр байгууллагуудын атгаж байгаа ид шид нь гүйцэтгэх ажиллагаа нэрээр цуглуулж авсан мэдээллүүд. Цуглуулсан мэдээллээ шүүх рүү хэзээ ч аваачиж өгдөггүй. Өнөө мэдээлэл нь албан ёсоор шүүхийн хэлэлцүүлэгт орж, гэмт хэрэг мөн эсэх, ял шийтгэл авах уу, үгүй юу гэдэг хэлэлцүүлэгт ордоггүй. Гэхдээ тэр мэдээллүүд ямар нэгэн байдлаар тодорхой эрх мэдэлтнүүдийн гарт ордог. Монгол Улсын хуулийн салбарт таван удаа сайдаар ажилласан хүн хэзээ ч шүүх рүү аваачдаггүй баримтуудыг “би мэднэ” гэж яриад өрсөлдөгчөө, нөгөө талын хүмүүсээ намнахад ашиглаж суугааг та бүхэн саяхан харсан. Хэн ч түүнээс гэмт хэрэг хийгээд суугаа юм биш үү, юу нуун далдлаад яваа юм гэж асуухгүй байгаа биз. “Би мэднэ, тэгсэн шүү та нар, тэрнээс ч илүү юмыг би мэднэ” гэдэг том заналхийлэлтэй хүн. Гэмт хэрэгтэй холбоотой тэр дундаа албан тушаалтантай холбоотой мэдээлэл хэзээ ч шүүх рүү явдаггүй. Гэхдээ нэг газар байж л байдаг. Тэр мэдээллийг олохын тулд хуулийн байгууллагын эд эсүүд үргэлж ажилладаг. Харамсалтай нь тэдний олж буй зүйл зөвхөн дарга нарт зориулагддаг. Тэр мэдээлэл хэн нэгнийг албан тушаалаа ахиулж, албан тушаалд тогтвортой байх хэрэгсэл болоод хувирчихсан. Хууль сахиулагч гэж нэрлэгддээг мөрдөгч, тагнуул, АТГ, цагдаа, прокурор гэх мэт байгууллагуудад нөлөө бүхий, тогтвортой оршин тогтнож байдаг бүлгүүдийн хэрэгсэл болж хувирсан нь нууц биш.

Би хуулийн салбарт ерөнхийдөө долоо, найман талбарт шинэтгэл хийх гэж оролдсон. Эхнийх нь саяны ярьсан эрүүгийн эрх зүйн салбарын шинэтгэл. Хүнийг гэмт хэрэгтэн мөн үү, ямар хэмжээний ял шийтгэл авах вэ гэдгийг тогтоох хэрэгсэл нийгмийн шударга ёсны тогтолцоог хамгаалах хэрэгсэл гэхээс илүү тодорхой бүлгийн оршин тогтнох зэвсэг болоод хувирчихсан учраас шинэчлэхээс аргагүй байсан юм. Уг нь бусад улс орнуудад эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой шийтгэл хариуцлагын тогтолцоо тухайн нийгмийнхээ хамгийн чухал үнэт зүйлсийг хамгаалахад чиглэдэг. Гэтэл манайд албан бус авлига, албан бус хууль улс төрийн бүлэглэлийг хамгаалдаг систем болоод хувирчихсан. Үүнийг шийдэхгүйгээр эдийн засаг хөгжихгүй, шударга ёс тогтохгүй, хүний эрхийн баталгаа хангагдахгүй. Энэ нийгмийг эрүүл саруулаар хөгжүүлэх өрсөлдөөн ч цааш явахгүй.

Хоёр дахь шинэтгэл нь төртэй хамаатай. Авлига сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд төрийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг стандартчилах ёстой л доо. Захиргааны ерөнхий хууль гаргах замаар төрийн хүнд суртал, ойлгомжгүй байдал, дур зоргоос иргэдийн сонирхол, хүний эрхтэй холбоотой асуудлуудыг хамгаалж өгөх ёстой. Тэгж байж бизнес, хувь хүний нийгмийн өдөр тутмын харилцаа хуулийн хамгаалалтад ордог. Ингэхийн тулд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны шүү, төрийн захиргаатай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах учиртай. Эдгээр хууль тогтоомжийг сайжруулах үйл явц бүр 2000 оноос эхэлсэн ч гүйцэд хийгдээгүй байсан. Бид Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж, Засгийн газарт зургаан удаа оруулсан ч дэмжээгүй. Дэмжээгүй нь ч тодорхой шалтгаантай. Засгийн газар болон захиргааны бүх байгууллагын дураараа хөдөлдөг үйл явцыг хязгаарлачихаар хуулиас гадуурх, хууль тойрч хөдөлдөг бүх үйл ажиллагаа дэг журамд орчих гээд байсан хэрэг. Зургаан удаа татгалзсан хариу авсаны эцэст тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид хандсан. Өргөн бариад өгөөч гэж. Ерөнхийлөгч зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хууль ийм түүхтэйгээр батлагдсан юм. Одоо Захиргааны ерөнхий хуулиас Засгийн газартай холбоотой хэсгийг авч хаях гэж байгаа. Ц.Нямдорж өргөн бариад, бөөн хэрүүл маргааш болж байгааг та бүхэн мэднэ. Төрийн хүнд суртал, сонирхлын зөрчил, авлига гэх мэт олон үйл явцыг жигдлэхэд зориулагдсан хуулийн шинэтгэлийн үйл явц байсан гэдгийг дахиад онцолъё.

НЭГ ХҮНИЙ ЯВЦУУ ХАНДЛАГАД ҮЙЛЧИЛДЭГ ЦЭЦИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАРААГҮЙ

Шинэтгэлийн гурав дахь талбар бизнесийн орчныг таатай болгоход чиглэсэн. Гэхдээ бид төлөвлөж зорьсон ажлынхаа 40 хувийг л хийж чадсан. АН засгийн эрх барьсны дараахан бизнес эрхлэгчид хуулийн салбарынханд гомдол гаргаснаас үүдэж ийм шинэтгэл хийх ёстойг олж харсан юм. Намайг Хууль зүйн сайд байхад өчнөөн хүн “Танай нам хэрэг алга. МАН арай ч ийм байгаагүй. Тэд биднээс авлига нэхдэг байсан. Авлигыг нь өгөхөөр ажил явчихдаг байлаа. Гэтэл танайхан авлига нэхэх биш, бизнес булааж эхэллээ. Лицензээ өг, бизнесийнхээ төчнөөн хувийг өг гэх маягаар хандаад эхэлчихлээ. Үүнийг хууль хүчнийхний туслалцаатайгаар хийж, дуртайгаа барьж хорьж байна” гэж хандсан. Ингээд шалтгааныг нь судаллаа. Цагдаа, хуулийн байгууллагууд ямар нэг бизнесийн хойноос зургаан сар хөөцөлдөхөд юу ч олж болдог тогтолцоог олж харсан.Бизнес эрхлэгчдийн татвар төлөлт, санхүүгийн бүртгэлтэй холбоотой асуудлууд “но” ихтэй байсан. Цаана нь шилжилтийн үеийн эдийн засаг гэх мэт олон шалтгаан бий. Бизнесийг нь булаахын тулд юу ч хамаагүй өлгөөд гаргаад ирдэг байдлыг зогсоох, бизнесийнхнийг энэ өлгүүрээс суллах ёстой учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргах ёстой болсон. Ийм хууль баталж компаниудын санхүүгийн бүртгэл, бичилтүүдийг шинэчлэхгүйгээр хуулийнхны бизнес рүү ордог байдлыг цэгцэлж чадахгүй нь тодорхой байсан л даа. Эдийн засгийн ил тод байдал, Татварын өршөөлийн хуулийг баталсан нь ийм учиртай. Мөн худалдаа гэрээтэй холбоотой асуудлыг иргэний хууль тогтоомжоос салгаж худалдааны гэрээний хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Арбитрын орчныг сайжруулахгүйгээр бизнесийн маргааныг шийдэхгүй гэдгийг ч харсан. Бизнесийн маргаан эцэстээ Дээд шүүхийн иргэний танхимын долоо, найман шүүгчийн мэддэг асуудал болоод хувирчихсан байсан юм. Шүүгч нарын хариуцлагыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг яаж хийх, Дээд шүүхийн бугшсан зүйлийг хэрхэн задлах вэ гэдэг талаас нь ажилласан. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэх гэж оролдсон ч чадаагүй. Үүнтэй холбоотой шийдсэн бүх хууль тогтоомжийн гол нюанс дандаа Цэц дээр очиж унасан. Дээд шүүх Цэцийн гурван хүнийг санал болгодог. Дээд шүүхийг хязгаарласан, зохицуулалтад оруулсан өөрчлөлтүүд, зарим нэг эдийн засгийн боломжтой хуулиудыг Цэцэд маргаан гаргаж санал болсон гурван хүнээрээ дамжуулж цохиод байсан.

Шинэтгэл хийх дөрөв дэх талбар энэ асуудлаас ургаж гарч ирсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн энэ асуудлыг шийдэхгүйгээр Монголд ямар ч эрүүл саруул өөрчлөлт явахгүйг олж харсан л даа. Учир нь Цэцийн нөлөө бүхий хүмүүс өнөө цагдаа, прокурор. Онигоо шиг зүйл ярихад ерөнхий прокурорын санаачилгаар ҮХЦ гурван маргаан үүсгээд шийдвэр гаргаж байсан. Захиалагч нь маш тодорхой. “Яахаараа ерөнхий прокурор ҮХЦ-д захиалга өгөөд энэ хуулийн энэ зохицуулалтыг унагаж байдаг юм бэ” гэсэн асуудал тавихад ерөнхий прокурор Цэцийн хуралдаанд орохын өмнө “Уучлаарай наад хууль чинь надад таалагдахгүй байна. Та нар надаас зөвшөөрөл аваагүй” гэх жишээний. “Таны ардчиллын алтан хараацай байх эсэх сонин биш. Танд энэ хууль таалагдах, таалагдахгүй хэнд хамаатай юм” гэж хэлэхэд “Би мэдэж байна” л гэж байгаа юм. Зөвхөн нэг хүний ийм явцуу хандлагыг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн Цэцтэй гээд бод доо. Эдийн засгийн худалдаа гэрээтэй холбоотой шүүхийг эрүүлжүүлэх гэж оролдсон процесс ингээд нурж байгаа юм.

Энэ бүгдийг хийж байхад дахиад нэг асуудал гарч ирсэн. Түрүүн дурдсан зүйлс бол салбаруудтай хамаатай. Эрүүгийн, захиргааны эрх зүй, бизнес худалдаатай холбоотой салбаруудын асуудал байсан. Эдгээрийг шийдэхэд хуулийг яаж бичих, яаж хэрэгжүүлэх, хуульч гэж хэн бэ гэх мэтчилэн асуудлууд гарч ирсэн. Цахилгааныг айлуудад аваачихын тулд дэд бүтэц хэрэгтэй. Тэрэн шиг сайн хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. Дэд бүтэцтэй нь холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байсан юм. Хуульчдын холбоог бий болгох, Хууль тогтоомжийн тухай хуулийг батлах гэх мэтчилэн олон ажил хийсэн. Тэр олон ажил дахиад маш олон зөрчилтэй тулгарсан. Гэх мэтчилэнгээр системээр нь харж шийдэх гэж оролдсон шинэчлэл хуучин урхаг улстөрчид, хуулийн байгууллагуудын амбиц, бизнес улстөр хуулийн байгууллагуудын хэлхэлдсэн эдийн засгийн ашиг сонирхолтой бүтэц, мэдэхгүй, мэдлэггүй байдлаас шалтгаалж нурсан.

2012-2016 оны хооронд хийсэн шинэчлэлээс хэрэгжээд явж байгааг нь хувилбал 30 гэсэн тоо гарч ирнэ. Тухайн үед хийх ёстой ажлынхаа 60 хувийг л хийж чадсан. 60 хувийг 100 хувь гэж бодвол 30 хувь нь үлдсэн гэсэн үг. 70 хувь нь буцаад нурсан. Товчхондоо Монгол Улс дахь хуулийн философи огт өөрчлөгдөөгүй. Олон жишээ хэлж болно. Тахарын албыг бид байгуулахдаа гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх гэж оролдсон. Гурван сая хүнийг амьдралын чанар, хүний эрхийн байдлаар хэмжихэд хамгийн дор очдог хэсэг нь хохирогч. Стандарт дундаж хүнээс хэд дахин дор очдог хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй бол төр оршиж байна гэж хэлэхэд хэцүү, эргэлзээтэй. Ардчилал хөгжсөн 28 жилийн хугацаанд төр хохирогчдыг хамгаалах ажлыг хийж байгаагүй. 2012 оноос төрийн хийх ёстой чиг үүрэг болгож хувиргаад зохион байгуулалтыг нь хийж өгсөн юм. Тэр нь тахарын алба. Гэтэл хохирогчид зориулсан тэр системийг алга болгочихсон. МАН-ынхан 2016 онд татан буулгаж зардлаар нь дотоодын цэргийг байгуулсан. Тахарын алба иргэнд үйлчилж, иргэний аюулгүй байдлыг хамгаалахад зориулагдсан бол дотоодын цэрэг тодорхой нийгмийн статус буюу дарга нарын улстөрийн дэглэмийг хамгаалагдахад зориулагдсан бүтэц. 1992 оны Үндсэн хууль хүний эрх талаасаа маш сайн хууль. Бичилт нь харьцангуй социалист ч гэлээ агуулгынхаа хувьд сайн. Гэхдээ 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойших хуулиудыг харахаар философи нь өөрчлөгдөхгүй байгаа. Манай хуулиуд ихэнхдээ ямар нэгэн төрийн байгууллагад зориулагддаг. Нэг төрийн байгуулага байгуулаад дарга цэрэг нь хэн байх, төсвөөс яаж санхүүжих вэ гэсэн хүрээнд гардаг. Харин бид өөр зүйлийг зорьсон. Барууны хуулийн стандартаар бол энэ хуулийн зорилго юу вэ гэсэн асуултад эхлээд хариулдаг. “Үндсэн хуулийн хүний эрх гэсэн хэсгийн яг тэнд нь заагдсан эрхийг хангахын тулд ийм хууль гарч байгаа” гэдэг. Хүний эрхийг хангахын тулд төрийн ямар чиг үүрэг байхыг тодорхойлно гэж тайлбарладаг. Гэтэл манайд хүний эрхийг тасдангуутаа ерөөсөө төр ийм байгууллага байна л гэчихдэг. Төрийг өөрийг нь өлгийдөж, бүүвэйлэхэд зориулсан хуулийн философитой. Энэ хуулийн философийг өөрчлөх гэж оролдсон. Бид хууль сахиулагч гэдэг ойлголтыг оруулж ирэхийн тулд гурван жил хэрэлдсэн. Тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүчний байгууллага гэж сэтгүүл зүйн ойлголт л бий. Хүчин төгөлдөр үйлчилж буй ямар ч хуульд байхгүй ойлголтыг хүлээн зөвшөөрч өөрсдийгөө хүчний байгууллага гээд ойлгочихсон. Хүчний байгууллага, тэгээд юу гэж гэсэн хандлагатай. Хүчний байгууллага гэдэг үгийн утгыг ух даа. Хэнд хүчээ гаргах гэж байгаа юм, тэр байгууллага. Саарал ордонд сууж байгаа улсад лав биш. Тусгай унаатай, тусгай статустай хүнд зориулагдахгүй. Аль ч ардчилсан улс оронд хүчний байгууллага гэдэг ойлголт байхгүй. Тийм хуулийн ойлголт ч байх ёсгүй. Хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг л байгууллага. Бид хууль сахиулагч гэдэг ойлголт гаргаж ирээд хууль сахиулах байгууллага гэж үүнийг хэлнэ, хууль сахиулах байгууллагад ерөнхийлөгчийн оролцоо падлийгүй гээд эрх мэдлийг нь хязгаарлачихсан. Эрх мэдлийг нь хязгаарлангуут яахаараа миний гар хөл ордог хэсгүүдийг алга болгож байгаа юм гэж уурлаад “Энэ Засгийн газар байх эсэхийг шийднэ” гээд эхэлж байгаа юм. Улстөр нь ийм явдалтай. 1992 оноос хойш өөрийн удирдлага гэж ойлголтыг маш их ярьсан. Гэхдээ өөрийн зохицуулалт гэх ойлголтыг нэг ч ярьж үзээгүй. Зөвхөн парламентаас зохицуулсан хуулийн зохицуулалтын тухай л яриад байсан. Улстөрчдөөс үл хамааралтай, өөрийн зохицуулалттай, рациональ бөгөөд бодитой, ухаалаг орчин байж болохгүй юу.

Хамгийн эцсийн цэг нь иргэнд зориулсан хууль байх уу, эсвэл эрх мэдэлтнүүдийн хэрэгсэлд зориулсан хуулийн тогтолцоо байх уу гэдэг л товчхон асуултад бид хариу хайсан. Хариултаа шийдэх гэж оролдсон. Маш том өөрчлөлт эхлүүлсэн. Гэхдээ өөрчлөлт болгон амжилттай болоогүй. Нийгмийн оюун санаа, мэргэжилтнүүдийн дадал зуршил, академик түвшний хүрсэн байдал гэх мэт маш олон зүйл шинэлчлэлтийн эсрэг зогсож байсан. Тэр дотроо улс төрийн эр зориг буюу манлайлал буцаад нурчихсан учраас харамсалтай үр дагавар руу очсон.


One reply on “Х.Тэмүүжин: Манайх иргэнийхээ эрхийг орхигдуулж төрөө бөөцийлсөн хуулийн философитой”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *