ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Э.Зоригт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хамаатан садандаа яамны нэрийн өмнөөс тушаал гаргуулж байр өгсөн хэмээн мэдээлсэн. Тэрбээр “Хөнгөлөлттэй үнээр байр олгох Х.Тэмүүжин сайдын тушаалд байрны 1 метр квадратыг нь 900.000 төгрөгийн 30 хувиар бодож олгосугай гэж заасан байсан. Ингэхээр байрны 1 метр квадрат нь 270.000 төгрөгөөр бодож олгосон гэсэн үг. Уг байрыг ШШГЕГ өөрийн нөөц бололцоог ашиглан барьсан бөгөөд орон сууцаа ажилчдадаа хямд үнээр олгодог.
Яамны зүгээс газрын асуудал, барилга барих зөвшөөрөл зэрэгт дэмжлэг үзүүлдэг учраас цөөн тооны байрны квот авдаг юм. Тийм хямд байранд олон жил ажилласан, байрны дарааллын эхэнд байсан ажилчид орж чадаагүй, хэнд байр өгөөд байгаа талаар мэдээллийг ажилчдад өгөхгүй байсан учраас ажилчид хэд хэдэн удаа гомдол гаргасан байдаг. Энэ бол буруу үйлдэл, дор хаяж л яамны дотоод журмыг зөрчсөн” гэсэн билээ.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ асуудлыг шалгуулахаар болжээ. Тэрбээр “Хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлж байр өгсөн” гэх асуудлыг шалгуулахаар зохих байгууллагад нь хандлаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.