Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс хууль бусаар их хэмжээний ашиг олсон хэмээн үзэж АТГ-аас түүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа билээ. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Цагдан хорих төвд очиж, зөвлөх Л.Гансүхтэй уулзсан юм. Түүний энэ үйлдэл нь Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль болон бусад хэд, хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн АТГ-аас үзэж буй. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөх Л.Гансүхтэй уулзах хүсэлтийг эхэлж Авлигатай тэмцэх газарт хандан тавьсан юм байна. Харин тус газрын зүгээс “Зөвлөх Л.Гансүхтэй уулзах бол Мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч нарыг хамт байлцуулж уулзах ёстой” гэсэн хариу өгсөн ч Ерөнхий сайд үүнийг нь зөрчин, уулзалт хийжээ.
Түүнчлэн хууль бус уулзалтыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг зохион байгуулллаа, сайд нь хуулиа зөрчлөө гэх шүүмжлэлүүд гарах болсон. Энэ талаар УИх-ын гишүүд ч өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “уулзалтыг зохион байгуулан хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн бичжээ.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “би уулзалт зохион байгуулдаг хүн биш. Зөвшөөрөл өгдөг эрх мэдэл нь ч надад байхгүй. Харин Ерөнхий сайдад салбараа танилцуулах үүрэгтэй” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Хууль зүйн сайдаас гадна тус уулзалтад Төв аймгийн удирдлагууд оролцсон гэх мэдээлэл ч бий.
М.МАРАЛ