Онгоцны цонхоор тэртээ доор том том салхин сэнс эргэлдэхийг харж явав. Бас нарны зайн хураагуур яг л тариан талбай мэт дөрвөлжлөн толирох ажу. Хятад орон нар болоод салхины эрчим хүчийг ашиглах тал дээр дэлхийд толгой цохиж яваа нь үнэн бололтой.
1.
Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгээс зарласан нийтлэлийн уралдааны шагналтнууд бидний найман зохиолч, сэтгүүлч, орчуулагч нарыг Инчуанд тоссон бүсгүй өглөө эрт Миннин тосгонтой танилцуулахаар авч хөдлөв. Тэнгэр цэлмэг, зам сайхан, сэтгэл өөдрөг. Миннин тосгон бол Хятадын ядуусыг орон гэртэй, ажилтай, шинэ мөрөөдөлтэй болгож буй Засгийн газрын бодлогынх нь бодит биелэл болсон тосгон юм. Фузян мужийн ядуусыг энд авчирч ижил хэв загварын байшинд төвхнүүлж, хүлэмжийн аж ахуй эрхлүүлэн нарийн ногоо тарих аргад сурган амьдралыг нь өөд татжээ. Хятад улсын хол,ойроос энэ тосгоны туршлагатай танилцахаар ирэгсэд ч олон аж. Өөр улс орноос ирэгчсэд ч бий. Тэдний нэг нь бид болж байна. Монголдоо хэрэгжүүлж болох туршлага юу байна гэж харж л явлаа. Миннин тосгоны эрчим хүчийг зөвхөн нарны зайн хураагуураар шийджээ. Үүнийг хэрэгжүүлж болохгүй нь юу билээ. Нарлаг Монгол орон шүү дээ. Миннин тосгонд Хятад улсын дарга Си Жиньпин иржээ. Тосгоныхон энэ үйл явдлаар ихэд бахархах аж. Байшингийн хана туурганд нь олон зураг харагдана билээ. Миннин тосгонд бас энд ирэхээсээ өмнө тэдгээр ядуус хэрхэн амьдарч, юу хэрэглэж байсныг нь харуулсан музей байгуулжээ. Зэвтэй тэвнээс авахуулаад ер юу байсан гэх вэ. Арай танагтай харагдах нь оёдлын машин, радио, хальсны хөгжим энэ тэрхэн… Тийм л амьдралаас ийм болсон улс гэж хашгирч гуугчихгүйгээр үзүүлж байгаа арга нь энэ.
Жунвэйн элсэн аралд очлоо.Элсэн тасархайг ч ийм арал болгож аялал жуулчлал хөгжүүлж болохоор санж. Энд бас л музей байгуулжээ. Чухам л элсэн цөл байж. Төмөр зам тавьж байхад нь шөнөд нь далд ортол элсэн нүүдэл дарчихдаг байж. Тэр цагийн зургийг нь үзэхэд энэ цагийн бүтээн байгуулалтанд нь үнэмшимгүй. Элсэн цөлтэй тэмцэж ялсны бахархал нь өнөөдрийн Жунвэйн үзэсгэлэнт элсэн арал. Төмөр зам тавьж, мод тарьж, дэлхийн даяар “Хятадын рубик шоо”-ны арга гэж алдаршсан тэр л аргаар элсний нүүдлийг ялжээ. Хятадын рубик шооны арга гэдэг нь элсийг тэг дөрвөлжлөн сүрэл дэвсэж шоо мэт болгон эмжээрлэн хашиж тусгаарлах арга юм. Тэр нь холоос тэг дөрвөлжин хээтэй шар торгон хөнжил мэт харагдана. Элсэн толгод дөрвөлжин хээгээр бүрхэгджээ. Дэргэдүүр галт тэрэг хурдлана. Шинэ барилга байгууламж сүндэрлэж , хөшөө дурсгал босчээ. Эртний Хятадын яруу найргийн дөрвөн одын (Ли Бай, Дү Фү,Бая Зю И, Ван Вэй) нэг байгалийн уянгын дууч Ван Вэйн хөшөөнд зургаа татуулж,аян замын шүлэг тэрлэж догдлов шүү.
…
Жунвэй-үзэсгэлэнт элсэн арлыг чимсэн
Ван Вэй найрагчийн хөшөөнд ирчухуй
Бийрийг нь гараараа түшин зогсоод
Би-вээр батиар нэгэн татуулчухуй
Шүлгийнх нь ханзыг уншиж чадахгүйдээ
Шүүрс алдан бие сэтгэл шандуурчухуй
Монголдоо очоод Чимидцээеэ андтайгаа
Онгодыг нь мөшгөнө дөө гэж тайтгарчухуй
- 11. 24. Жунвэй элсэн арал.
Жунвейн үзэсгэлэнт элсэн арлаас бид бас нэгэн үзэсгэлэнт газар орон болох-Шапотогийн аялал жуулчлалын бүс рүү хөдлөв. Мөн л элсэн манхан бүхий газрыг аялал жуулчлалын бүс болгожээ. Элсэн манхныг эмжин Шар мөрөн туналзан урсана. Элсэн манхан өөд бид дүүжингээр гарав. Энд Монголын Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх айлчилсан байна. “…Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд”-аа хэрхэн ийм аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх вэ хэмээн бодлогоширч явсан болов уу?
Шапото аялал жуулчлалын бүс тэмээг чухам л брэнд болгожээ. Тэмээн хөсөг нүүдэллэхийг харж, “тэмээ унасан данжаад”-тай хүүрнэж, Хятадын өмнө нутгаас зөвхөн тэмээ харахыг хүсч ирсэн аялагчтай таарч явав. Элсэн манхан руу дүүжингээр гарсан бид буухдаа элсэн манхны орой дээрээс чаргаар гулгаж буулаа.
Энд нэг л зүйлд сэтгэл “өвдөв”. Хэвтэж буй тэмээн дүрс бүхий хогийн сав энд тэндгүй таарна. Хүмүүс тэр савруу хог хаях аж. Хэвтэж буй тэмээний гэдсэн дээр ханзаар үг бичжээ. Орчуулагчаасаа асуувал “миний гэдэс гүзээ том, хогоо надруу хийгээрэй, миний гэдэс хэзээ ч дүүрэхгүй” гэсэн маягийн үг байна гэнэ. Юунд тэмээгээр минь хогийн сав хийнэ вэ гэхээс л өмрөнө. Бас хоёр бөхийг нь дуурайлгасан бололтой хогийн сав ч байна. За тэр ч дүүрч гэхэд, хэвтэж буй тэмээгээ харахаар л “хоолой дээр нэг юм зангирна”. Билэггүй ч юм аа даа. Хятад хүн бэлээр, Монгол хүн билгээр гэдэг л энэ буй за.
Тэмээ унахаар аялагчид дугаарлажээ. Бид тэмээ унасангүй. Аавтайгаа тэр нэгэн жилийн өвөл, сургуулийнхаа амралтаар гэр рүүгээ тэмээгээр алхуулж явснаа энэ хол газар жигтэй халуунаар дурсав. Буй биеэс нь илч түгж, бөхнөөс нь халуу дүүгдэгсэн…Элсэн толгод дээр гарч сэтгэлээ аргадан шүлэг бичиж тайтгарав.
…
Элсэн толгодын оройгоос саравчилнам
Эрэг хөвөө нь мөргөцөг болон тохойрч
Тэртээ доор Шар мөрөн урснам
Тэр зүгээс усны үнэр анхилнам
Монголчууд бид тэртээ эрт цагаас
Шар мөрөнг Хатан гол гэж нэрлэн
Журамт эх шигээ дээдэлдэг гэж
Жирэм аялгат бүсгүй хуучилнам
Хотон нутгийн тэнгэр үйсэрч
Хатан гол захаасаа зайрмагтжээ
Хөөн үдэх хугацаа минь хэзээ билээ
Цөөн хэдэн хоногт эх орноо саначихжээ.
- 11. 24.Жунвэй элсэн арал
3.
Иньчуань хотын ойролцоо Тангудын хаадын бунхан байна. Том жижиг нийлсэн найман бунхан газрын мэнгэ мэт ургажээ. Эдгээрийг мөн л аялал жуулчлалын бүс болгожээ. Жижиг оврын автобусаар бидэнд үйлчлэв. “Өглөө бүр өмнө зүгт Тангуд улс бийг сануул” гэж Чингис хаан минь анхааруулсан билээ. Бунхнууд чухам л анхаарлын тэмдэг мэт сүүхийнэ. Улс нь хэдийнэ сарнин сөнөсөн ч хаад нь харин бунхан болон үлджээ.
…
Өрлөг эзэн Чингис хааны минь
Үүрдийн захиас
Өглөө бүр Тангууд улс бийг сануулах
Өнөөгийн бичээс
Тангуд хаадын бунхан том
Сүүрс алдам сүрлэг
Ариун сүмийн орой мэт бөмбөгөр
Анхаарлын тэмдэгийн цэг мэт төмбөгөр
Авилгад автвал төр мөхдөгийг
Амьддаа эс ойлгосон ч
Бунхан болсон хойноо
Бусдад сануулж мөнхөрсөн
Тангуд хаадын бунхан торойно
Тал нь тал тийшээ сарнина
Улс нь мөхсөн эзэн хаадаа
Уулс нь энгэртээ тэвэрч мэгшинэ
- 11. 24. Иньчуань хот.
Улаанбаатар- Бээжин- Синьчуан- Жунвэй.