Categories
мэдээ цаг-үе

Х.СанЧир: Бид Нью-Йорк хотод долоон том тоглолт хийсэн

Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилгүүдийг тодруулж “Мөнгөн мод” шагналыг гардуулсан билээ. Энэ жил шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир тодорсон юм. 21 настай залуухан хийлч өнгөрсөн жилийн сүүлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд зориулан олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд хийснийг нь үнэлэн энэ шагналыг олгосон юм. Ингээд залуу уран бүтээлчтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-“Мөнгөн мод” шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд зориулан зохион байгуулсан олон улсын залуучуудын оркестрт орж эх орноо төлөөлөн тоглосон юм байна.

-Баярлалаа. 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж байгаатай холбогдуулан анх олон улсын залуучуудын оркестрын тоглолтыг зохион байгуулсан. Үүнд би эх орноо төлөөлөн оролцсон. Энэ арга хэмжээ “Парти тоглож эх орныхоо дуу хоолой болъё” уриан дор болж өнгөрсөн юм.

-Энэ оркестрт оролцох хөгжимчдийг ямар шалгуураар сонгон авсан бэ?

-Шалгуурын хувьд гэвэл сурсан сургууль, тоглох ур чадварын түвшин зэргийг харгалзан үзсэн. Хөгжимчдийн явуулсан бичлэгийг зохион байгуулах багийнхан сонсоод сонгож авсан юм билээ. Би өөрийнхөө тоглолтын бичлэгээ явуулсан.

-Та нэлээд том шалгуураар орсон юм байна. Залуучуудын оркестрт хэдэн хөгжимчин оров?

-Нийт 70 орны 70 орчим залуу хөгжимчин орсон.

-Хийл бол оркестрын амь нь гэдэг. Хөгжимчид нь тэр дундаа хийлчид хэддүгээр эгнээнд сууж байгаа нь тэдний мэргэжлийн ур чадварыг илтгэж байдаг гэж болно. АНУ-д залуучуудын оркестрт тоглохдоо хэддүгээр эгнээнд суув?

-Хоёрдугаар эгнээнд. Биднийг очиход тоглуулж үзсэний үндсэн дээр суудал хуваарилсан. Намайг оркестрын хийлчдийн хоёрдугаар эгнээнд суулгасан. Хөгжимчдийн суудлыг тоглолт болгон дээр сольж байсан. Харин минийхийг өөрчлөөгүй.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад бусад орнуудын хөгжимчдийн ур чадвар ямар санагдав?

-Үнэнийг хэлэхэд анх очоод жаахан сандарсан. Ямар байх бол гэж санаа зовж, эх орныхоо нэрийг сэвтээхгүй юмсан гэж бодож байлаа. Эхний бэлтгэлийн дараа Монголын сургалт дажгүй юм байна гэсэн бодол төрсөн. Надаас тааруу ч, сайн ч хөгжимчид байсан.

-Залуучуудын оркестр Нью-Йоркт нийт хэдэн тоглолт хийв?

-Бид долоон том тоглолт хийсэн. Бүх тоглолт маань Нью-Йорк хотод болсон. Нью-Йоркийн Их сургуулийн задгай талбайд, алдарт Карнеги холлийн хамгийн том танхим зэрэг газруудад.

-НҮБ-ын байранд тоглолт хийсэн үү?

-Үгүй. Гэхдээ биднийг НҮБ-д оруулж үзүүлсэн.

-Америкт байхдаа дэлхийд алдартай хийлчтэй хамтран тоглосон гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Бид мастер класс тоглолтууд хийсэн. Орос гаралтай Америкийн алдарт хийлчин А.Марковтой хамтран тоглохоос гадна хэдэн хөгжимчдийг шилж аваад нээлттэй хичээл заалгуулсан. Би Шостаковичийн хийлийн концертоор мастер класс буюу хичээл заалгуулсан. Дэлхийд алдартай хийлч үнэхээр өөр юм билээ.

-Хаанахын хийлч хамгийн сайн байв?

-Туркийнх. Оркестрын концертмейстер, ахлах тоглогч нь АНУ-д сурч байгаа Туркийн оюутан залуу байсан. Бидэнтэй гоцлол тоглосон. Үнэхээр сайн байсан.

-Та хэдэн онд сургуулиа төгссөн билээ?

-2015 онд Хөгжим бүжгийн коллежийг Г.Энхтуяа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй төгссөн. Оюутан байхдаа л Улсын филармонид гэрээгээр ажилладаг байсан.

-Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа нэлээд хэдэн тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Анх 2005 онд Улаан-Үд хотод зохиогддог “Найдал” нэртэй олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсон. Үүний дараа 2006, 2008 онд Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд мөн л амжилттай оролцсон. 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрт шалгарсан. 2010 онд Чехэд болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож дөрөвдүгээр байранд орсон.

-Ойрын үед хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулаач?

-Найзуудтайгаа нийлээд утсан хөгжимчдөөс бүрдсэн “Солис” хэмээх хамтлаг байгуулсан. Бидний зорилго бол сонгодог тэр дундаа утсан хөгжмийн үнэлэмжийг Монголд дээшлүүлж, хүмүүст таниулах явдал. Мөн хүүхдийн боловсрол хэрхэн эерэгээр нөлөөлдөг зэрэгт анхаарна. Одоогийн байдлаар манай хамтлаг гурван удаа цуврал тоглолт хийчихээд байгаа. Мөн саяхан Улаан-Үдийн филармонид уригдан тэндхийн хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *